Шинэ үе продакшны жүжигчин Д.Хүрэлхүү Цэрэгт нэрээ мэдэхгүй болтлоо тэнэгтэж явлаа

Эр хүнийхээ хувьд нөхөрлөлдөө үнэнч явахыг амьдралдаа мөрдлөг болгодог СТА Д.Хүрэлхүүг энэ удаагийнхаа Оддын нэг өдөр-ийн хойморт урилаа. Хаана ч явсан хүн инээлгэж явах буянтай ажил хийх болсон хувь заяандаа үргэлж талархаж явдаг энэ эрхэм Шинэ үе продакшныхаа боссыг ч, боолыг хийдэг нэгэн. Үеийнхэн нь түүнийг бусдыг онигоонд хийхдээ гаргуун гэж тодорхойлсон ч тэрээр өөрийгөө онигоонд орохдоо ч орж гарахдаа ч гардаг нэгэн гэж ярьж байна.

-Хошин урлагийн жүжигчин залуугийн нэг өдөр адал явдлаар дүүрэн өнгөрдөг байх?

-Хүнтэй адилхан унтаж байгаад л өглөө сэрнэ. Тэгээд бусдын адил цайгаа уугаад л нүдээ нухаад ажилдаа гарна. Өмнөөс жүжигчний амьдрал угтана. Телевизийн бичлэг, нэвтрүүлгийн монтаж, оройны , тоглолтын бэлтгэл, сургуулилт бас телевиз радиогоор гүйх ажил байна. Орой болоход тоймтой юм бүтээчихсэн юмуу гэвэл үгүй. Зүгээр байсан уу гэвэл нэлээн их юм хийчихсэн байдаг юм.

-Ганц хоног гэдэг хүний амьдралын ахархан хугацаа ч эргээд харахад Хүрлээ ер юу бүтээчихэв гээд бодоход тоймтой юмгүй бол бачимдал төрөх үе олон уу?

-Наадах чинь харин сүүлийн үед төрөөд байдаг болчихсон шүү. Ажил багатай байсан ч өглөө эрт босч давхиад л, ямар нэг юмнаас хоцорчих гээд байгаа юм шиг сандраад байдаг болчихсон. Яг юунаас хоцрох гээд байгаагаа сайн ойлгохгүй мөртлөө ямар ч байсан яараад байдаг юм. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм. Нэг мэдэхэд өдөр, хоног, cap, жил өнгөрчихсөн байх юм. Сүүлийн үед хурдтай амьдрах хэрэгтэйг ойлгоод байгаа. Гэхдээ хурдтайдаа зүг чиггүй гүйнэ гэж юу байхав. Оновчтой хурдтай амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод байгаа шүү, өнөөх чинь.

-Одоогийн Хүрлээг харахад багадаа багагүй бужигнуулдаг байсан юм шиг?

-Харин ч тийм сахилгагүй хүүхэд байгаагүй шүү. Хүүхэд юм чинь хааяа зэмлүүлнэ. Хааяа магтуулна. Гасламаар муу хүүхэд байсангүй. Гайхмаар сайн хүүхэд байсангүй. Алтан дундаж л явлаа. Банди нарын жишгээр охидыг уйлуулахдаа уйлуулна. Дуулахдаа ч дуулуулна.

-Насан багын дурсамжаасаа хуваалцаач. Санаанаас гардаггүй хөгжилтэй мөчөө?

-Би багадаа Өмнөговь аймгийн Баяндалай суманд 10 жилийн жирийн нэг сурагч байсан. Тэр үед 5-р сарын 1-нд Майн баярын жагсаал хийдэг байлаа. 6-р ангид байхад манай ангид аймгийн төвөөс нэг хүүхэд шилжиж ирсэн юм. Тэр хүүхэд сумын төвийн бид нарыгаа бодвол юм үзэж нүд тайлсан хүүхэд байж дээ. Тэр хүүхэд л бидэнд Хэдүүлээ 5 тивийн 3 өнгөтэй хүүхэд болоод жагсая.Хамгийн урд талд нь тэр гурав, араас нь сурагчид төрийнхөө далбааг бариад жагсая. Шар, хар, цагаан арьстай гурван хүүхэд энхтайвны тагтгаа барьж яваад индэрийн өмнө очоод нисгэе гэсэн юм. Тэгээд тэр шөнө бид сургуулийнхаа чердак руу гарч, ноцолдож байж хэдэн тагтаа барьж аваад хувинд хийж хонуулчихаад өглөө жагссан. Би негр хүүхэд болсон болохоор тогооныхоо хөөгөөр нүүрээ пид хар болтол будаж аваад жагслаа. Яг индрийн өмнө ирээд тагтаагаа тавилаа. Нөгөө хоёрын тагтаа сайхан нисээд явчихсан. Харин минийх ойччихдог байгаа. Би сандарсан юмуу яасан юм тагтаагаа чанга базчихаж. Тэгээд тагтааны амьсгал давчдаж ойчоод, талбай дээр нэлээн татагнаж хэвтэж байснаа босоод нислээ. Нисэхдээ цохилтонд орчихсон боксчин дэмий тэнээд явчихсан. Тэр жагсаал нөгөө тагтаанаас болж бөөн инээдэм. Индэр дээр сумын удирдлага зогсчихоод байхад энхтайвныг мандуулдаг гурван хүүхдийн нэгнийх нь тагтаа муужирч унаад, хүний хөлөөр дэмий тэнээд жагсаал биш инээдэм болж билээ.

-Өөрийн тань амнаас Би цэрэгт байхдаа гэдэг үгийг олон сонсож байсан. Цэрэг таны амьдралд том дурсамж үлдээж дээ?

-Цэргийн алба гоё л доо. Хүн цэрэгт яваад их төлөвшдөг юм билээ. Амьдралыг өөр нүдээр хардаг болдог юм. Миний амьдралын хамгийн гол гурван жил цэргийн хуаранд өнгөрсөн. Хүмүүс хайран гурван жил гэдэг юм. Надад бол харамсах сэтгэл төрдөггүй юм. Цэргийн алба хүн болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний хийх ёстой ажил гэж боддог. Ер нь цэрэгт явсан хүн, яваагүй хүн хоёр шал өөр. Тийм учраас би цэргийн албаа ярих дуртай. Тэнд би олон сайхан найзтай болсон. Өнөөдрийг хүртэл цэргийн найзуудтайгаа уулздаг. Миний цэргийн андууд янз бүрээр л амьдарч байна.

Онигоонд орж, гараал л явдаг

-Хошин урлагийнхан бие биенээ онигоонд их оруулдаг юм билээ. Та хэр онигоонд орох вэ?

-Нэг ороод л гараад л, бас бусдыгаа хийгээд л явна шүү дээ. Янз янзын онигоонд орно доо.

-Нэр хоч хэр авах вэ? Таныг бусдад хоч өгөхдөө гаргуун гэх юм билээ?

-Хоч байхгүй. Намайг Хүрлээ л гэдэг юм. Бусдын хочийг бол ёстой мэдэхгүй. Ёстой би хоч ч өгдөггүй, хоч ч авдаггүй. Намайг хоч өгдөг гэж цаадуул чинь худлаа ярьж байгаа юм. Энэ дашрамд хошин урлагийнхаа жүжигчдэд болон үзэгчиддээ инээдмийн баярын мэнд хүргье.

-Далимыг ашигласан юм чинь бас энэ дашрамд нэг онигоо яриач? Эзэнтэй шүү?

-Эзэнтэй юу. Естой мэдэхгүй юм байна аа. За яахав бид 2004 оны сонгуулийн сурталчилгаанд явж байлаа, Сонгуулийн сурталчилгаанд явж байхад хаанаа ч хамаагүй тоглоно л доо. Тэгээд нэг өдөр голын эрэг дээр тоглох юм болов оо. Шороо бужигнуулаад л тоглож байсан чинь гэнэт үзэгнид буруу хараад суучихваа. Яаж байгаа юм бол гэсэн чинь тэр хавийн нөлөөтэй буурал ирчихэж. хүмүүс нөгөв хүнтэй мэндлээд Сайн уу. Сайхан хаваржиж байна уу? болоод явчихлаа. Хүмүүс буруу харчихаар чинь бид тоглож болдоггүй. Гайхас гээд хүлээж суулаа. Нөгөө хүмүүс нэлээд ярьж байснаа нвгөө буурал За энэ хүүхдүүд тоглож байна. Хэдүүлээ үзэх үү гэж байж бид тоглолтоо үргэлжлүүлж билээ. Онигоо ярих гэсэн чинь олигтой ч болсонгүй дээ. Эзэнтэй гээд байхаар чинь тулгамдаад.

-Хошин урлагийн жүжигчдийг харахаар байж байгаа иь инээд хүргээд байдаг. Таныг хараад инээгээд байх хүүхнүүд олон биз?

-Ганц нэг байдаг юм. Залуу зандан байхдаа хөөрдөг л байлаа. Одоо бол заримдаа санаа зовох шиг болж, заримдаа сайхан ч юм шиг байдаг. Тэгс гээд хүнд нуруу алдчихгүй юм шүү гээд бодоод өнгөрдөг юм. Хошин урлаг гэдэг бол буянтай л даа. Хошин урлагийн жүжигчдийг хараад хүн учиргүй уурлаад байдаггүй юм шүү. Ихэвчлэн инээгээд л зөв энерги өгдөг юм. Хүн над руу хараад инээж байна гэдэг бол их гоё санагддаг юм. Хүн над руу хараад уурлаад байдаг бол яах вэ? Ажил төрөл бүтэмжгүй, сэтгэл санаа гундуу явж байхад хүмүүс инээхээр тайвширдаг. Энэ сайхан буяныг дааж явах юмсан гэж боддог.

-Танай ангийнхан нэг үеийн шижигнэсэн залуус байдаг, Хамтарч тоглолт хийгээд байдаг байсан. Одоо харин чимээгүй болж?

-Өлзийхүү, Дэмидбаатар, Бямбацогт, Оюундарь, Сарантуяа, Энхзаяа бид хэд нэг анги. Манай ангийн Ганхуяг, Мягмаржав нар маань эрт явчихсанд харамсаж явдаг. Мундаг авъяастай залуучууд байж билээ. Манай ангийнхан гээд олон сайхан залуучууд энд тэнд ажлаа хийгээд явж байна. Бие биенийхээрээ орж гарна. Хамтарч хоёр удаа тоглолт хийсэн. Одоо ажлын эрхээр л тус тусдаа явж байна.

-Шинэ үе продакшндаа та ямар албан тушаалтан бэ? Залуусдаа хэр ширүүлэх вэ?

-Би бол жүжигчин. Ер нь юм юмыг нь хийнэ. Боссыг нь ч хийнэ, боолыг нь ч хийнэ. Шинэ үеийг байгуулаад 10-аад жил болж байна. Өнгөрсөн он жилүүд сайхан байсан. Уран бүтээл маань өсч дэвшиж байна, олон сайхан найз нөхөдтэй болж байна. Бооёо бид хоёр Хоёулаа хөгширчихсөн ч гэсэн Шинэ үе маань байж л байна биз. Хоёулаа гоё хүүхдүүдэд продакшнаа өгчихөөд, ойн дээр нь ирж суучихаад, хоёр өвгөн ганц юм хувааж уугаад, хүүхдүүддээ загнуулаад л явна шүү дээ. Шинэ үеийнхээ галыг таслахгүй юм шүү гэж гэгээнээр ярьдаг юм.

-Сайхан сайхан жүжигчид бор дарсанд ороод алга болчихдог. Хошин урлагийнхан ч сүүлийн үед бас нэлээд балгах болсон дуулддаг?

-Зөвхөн урлагийнхан ч биш, бас ганц Монгол хүн ч биш ер нь хүн төрөлхтөн сайн яваа хүмүүстээ идээний дээд архи барьж очдог. Тэр архи барьж очиж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Хүндэтгэсэн сэтгэлээ илэрхийлж байна шүү дээ. Хамгийн гол нь архитай зөв харьцана гэдэг эзэн хүнээс шалтгаална. Би өөрөө ч гэсэн архи дарсанд орчихгүй юмсан гэж бодож явдаг. Архинд орлоо бол ямар ч хүн арчаагүй болно шүү дээ. Зөндөө олон сайхан хүмүүсийг авч явсан гашуун түүх байна. Бас архи дарсанд орчихгүй насаараа хүмүүсийн хайр хүндэтгэлийг татсаар яваа мундаг сайхан буурайнууд байна. Эд нараасаа үлгэр жишээ авах юмсан гэж боддог. Надад нэг таалагддаг жүжигчин байлаа гэхэд би хуушуур авч өгөхгүй, дээлийн торго авч өгөхгүй шүү дээ. Ганц юм бариад очих нь мэдээж.

Тэнгэрт тулталаа баяжчихаагүй байна

-Цэрэгт байхдаа хэр дэглүүлж байв? Тэр үед цэрэгт дэг байсан шүү дээ

-Дэглүүлдэг байсан шүү. Дээрээ хоёр оны цэрэгтэй. Тэр үед армид оны ялгаа, дэг байсан. Цэргийн дэгийг нэлээн үзсэн. Нэрээ мэдэхгүй болтлоо тэнэгтээд гүйж явсан өдрүүд бий. Надтай хамт цэрэгт байсан эрчүүд бол бүгд мэднэ дээ. Нэг гоё нь яаж дэглүүлж, дэглэж байсан ч халагдах болохоороо хуарандаа ижилсчихсэн болохоороо бие биенээ тэврээд уйлна. Бие биенийхээ амьдралыг бүр нэгд нэгэнгүй мэддэг болчихсон. Бие биендээ гэрийнхний тухай ярина. Ирсэн захиаг нь тойрч суугаад уншдаг. Ээжийн чинь бие нь сайн уу, Тунгалагаас захиа ирж байна уу гээд харсан юм шиг ар гэрийнхнийг нь мэднэ шүү дээ.

-Цэргийн андууд гэснээс эр хүний хувьд нөхөрлөлийн үнэ цэнийг юугаар хэмжмээр байдаг вэ? Зарим нь мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй харин мөнхийн эрх ашиг байдаг гэдэг юм билээ?

-Мөнхийн нөхөрлөл гэж байдаг л юм билээ. Хар багаасаа нөхөрлөөд бүр өвгөн болчихсон хүмүүсийг би мэднэ л дээ. Тэд нарыг харахад үнэхээр гоё. Багадаа энэ ийм байсан гээд инээлдэж хөхрөлдөөд. Яахав амьдралыг өөр талаас нь хардаг улсууд нөхөрлөлийг арай өөрөөр үнэлдэг байх л даа. Хүнтэй найзалж нөхөрлөнө гэдэг маш том ухаан юм, урлаг юм гэж би боддог. Хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр зорилготой, өөр зан ааштай улсууд нэг зүг рүү хараад амьдрахад маш их тэвчээр, ухаан хэрэгтэй юм болов уу даа. Нэгнийгээ уучилж чаддаг байх хэрэгтэй. Нэгнийхээ сайн сайхныг хөгжөөж дэвжээж байх хэрэгтэй. Нэгнийхээ өмнөөс өвдөж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүс бие биенээ тэвчиж хүлээн зөвшөөрч чадахгүй болохоороо саладд явчихдаг байх. Амьдралын олон өдрүүд өмнө нь сорилтоо тавиад байж байгаа шүү дээ. Тэр өдрүүдэд ямар ч ааш араншин хүнээс гарна. Хэрвээ нөхөрлөө гэж зүрх сэтгэлээ зориулсан бол бүх юмыг тэвчих хэрэгтэй. Түүний дараа тэр хүн намайг тэвчиж чадна гэж ойлгоод байдаг.

-Сайхан нөхөрлөлийн эцэст олонх нь бие биенээ тэвчиж чаддаггүй салдаг. Олон жил үерхсэний эцэст нэг л өдөр Амбий яваад өгсөн шүү дээ?

-Яахав дээ болдог юм болоод л өнгөрсөн. Одоо бид тусдаа гарсан ч хуучны харьцаа хэвээрээ л байгаа. Хүн ямар ч замаар явъя, юу ч хийе гэж бодож болно. Тэр үедээ хэнтэй хамт явах вэ гэдэг нь тэр хүний хувийн асуудал. Бид гурвыг наагаад тавьчихсан байгаа биш. Эр, эм байтугай эрүү толгой салдаг хорвоо юм чинь. Салах цаг нь болоод явсан биз. Гэхдээ бид мөнгөн дээр эсвэл үзэл бодол таарахгүй зөрчилдөж, муудалцаад салаагүй юм шүү. Бурхан цаанаас нь тэрнээс энэ хүртэл хамт явна, цааш нь тусдаа явна гээд заачихсан юм байлгүй.

-Таны хувьд мөнгө гээч юм юу вэ?

-Хүн болгон дотроо мөнгө чухал гэж боддог. Харин гадагшаа илэрхийлэхдээ янз бүр байдаг л байх. Би бол мөнгийг амьдралын чухал хэсэг гэж боддог. Мөнгөгүй бол өөрөө, гэр бүл нь, үр хүүхэд нь амьдарч чадахгүй. Гэхдээ мөнгийг яаж олох вэ, олдсон мөнгийг яаж шингээх вэ гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Мөнгөтэй зөв харьцдаг улсууд сайхан амьдарч байна. Мөнгөтэй харьцаж чадаагүй ухаан дутсанаар ядуу зүдүү амьдарч байгаа зөндөө олон жишээ байдаг. Мөнгөгүй дан гоё сэтгэлээр амьдарна гэж худлаа. Бас мөнгөтэй бөгөөд хүн чанаргүй бол муухай. Хөдөлмөрлөөд, өөрийгөө зөв нээгээд, зөв энергитэй улсуудтай нөхөрлөөд явахад ямар ч хүн мөнгийг олж болно. Харин олсныгоо яах вэ гэдэг нь хувь хүнээс шалтгаална. Солонгосын тэрбумтны бичсэн номноос Анх дөрвүүлээ нийлж компани байгуулсан. Нөгөө гурвын нэг нь шоронд, нэг нь гуйлгачин, нэг нь бас л хэцүү амьдарч байгаа. Хүн гараанаас зэрэг гараад барианд орохдоо хойно урдаа ороод ордог юм байна лээ гэж уншиж байсан. Тэгэхээр хүн мөнгөтэй зөв харьцах ёстой юм байна гэж боддог.

Охидууд томрох тусам проблем нэмэгдэж байна

-Хошин урлагийнхныг өдөр болгон тоглолт хийдэг их баян улсууд гэж ярьдаг. Та хэр баян бэ?

-Өдөр болгон тоглолт хийж байна. Гэхдээ өдөр болгон төдий чинээн зардал гардаг. Хүмүүс ихэвчлэн орлогыг маань бидний өмнөөс тооны машин гаргаж ирж бодчихоод их баян гэж боддог. Би айхтар баян биш. Гэхдээ урлагийн буянаар олон сайхан найз нөхдийн буянаар гайгүй амьдарч яваа эр хүн. Монголын нөхцөлд урлагаар яваад тэнгэрт тултлаа баяжина гэж байхгүй. Хөдөлмөрлөж байна, чөлөө завгүй ажиллаж байна. Тэрнийхээ үр шимийг үзэж явна. Зарлага гээд ярих юм бол их л юм байна. Ёстой нөгөө хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л эхний тоглолтынхоо мөнгийг дараагийн тоглолтын реклам мөнгө гээд янз бүрийн юманд тушаагаад л явж байна. Гэхдээ яахав болж байна. Амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ.

-Марзагнаж мөнгө олдог, урлагийг гутааж байна гээд л та нарыг шүүмжлэх хүн олон шүү?

-Шүүмжилж байдаг л даа. Ямар нэг юм шүүмжилж байж хөгждөг. Байнга шүүмжлүүлээд, эсвэл байнга магтуулаад байвал утгагүй. Амьдрал дээр харж байхад юм хийсэн хүн хүнд илүү харагддаг юм шиг байгаа юм. Хүний алдааг олж хараад хүнийг шүүмжлэхэд их амархан. Харин өөрөө нойр хоолоо хасаад юм хийнэ гэдэг хэцүү. Би зүгээр л сууж байгаад ямар нэгэн юмыг шүүмжлье гэвэл чадна. Дор нь шүүмжилнэ. Өчүүхэн жижиг хөдөлгөөнөөс нь алдаа олж хараад томруулаад яриад байж чадна. Тэгэхдээ тэгэхийг хүсэхгүй л байгаа байхгүй юу. Гэхдээ бид нарт алдаа оноо бий. Юм хийж байгаа хүн 100 хувь ононо гэж байхгүй. Бас 100 хувь алдана гэж үгүй. Алдаагаа бид аль болохоор засахыг хичээдэг. Энэ тоглолтон дээр ийм алдаа гаргалаа гэж бид байнга өөрсдийгөө боловсруулж цэнэглэж явдаг.

-Мөнгөтэй залуус казино хавиар эргэлддэг болж. Та аз сорих тоглоомонд хэр вэ?

-Шохоорхоод казинод орж байсан. Гэхдээ айхтар шүлэнгэтэж байгаагүй. Америк явж байхдаа нэг орсон. Энд автомат тоглоомын газар нэг удаа орж байсан. Казино бол дэлхий нийтээрээ дэмий гэдэг нь харагдсан эд л дээ. Дэмийг нь хүмүүс мэдээд байдаг мөртлөө ороод байдаг их сонин увидастай.

-Унаа машин, ан ав гээд эр хүнийхээ хувьд юунд нүд унагадаг вэ?

-Ан ав гээд явдаггүй юм даа. Боломжтой бол сайхан машин уначихъя гэж боддог эр хүн. Би машины кабинд өссөн. Аав маань жолооч байсан. Тийм болохоор гоё машин уначих юмсан гэж хорхойсдог. Одоо Тоёота секуяа гэдэг машин унадаг.

-Охидуудтай эр хүний сэтгэл зөөлөн гэдэг. Та хэр уярамхай эр хүн бэ?

-Монгол хүн чинь охин минь гэдэг ш дээ. Тэр жишгээр л охидууддаа ойр байхыг хичээдэг. Ер нь хүүхэд бага байхад проблем гайгүй байдаг юм биш үү. Цэцэрлэгтээ явчихдаг, идэх юм байвал идчихнэ. Тэгээд л болоо. Хүүхэд томрох тусам сэтгэл зовоох юм их гарч байна. Хичээл ном нь яадаг бол, ямар сургуульд оруулах вэ? тархи толгойнд нь юм хийх юмсан, ирээдүйд юу тосч байгаа бол гээд л түмэн юм бодогддог. Ямар сайндаа би Бооёод өчигдөр хүртэл Манай хоёр охин том болоод миний проблем нэмэгдэж байна шүү гээд яриад явж байхав.

-4-р сарын 1-нд та олон хүнийг өнхөртөл хуурна биз?

-Жаахан байхдаа өдөржингөө л хүн хуурдаг байлаа. Одоо бол 4-р сарын 1 тоглолтын өдөр. Энэ жил бид Улаанбаатар паласт том тоглолт хийнэ гэж бодож байгаа. Жавхлан, Дэлгэрмаа, Энхзул, Эрдэнэтунгалагтай хамтраад тоглолт хийнэ. Би нэг их хүн хуурч чаддаггүй юмаа. Базаахгүй дээ. Хуурч хуурагдахдаа 5050 байдаг юм. Хамгийн гэнэгүй хуурсан нь гэвэл охиноо л байх даа. Охиндоо хоосон хайрцаг бэлэглээд хуурч байсан. Уйлаад л сүйд болж билээ. Дараа нь жинхэнээсээ бэлэг өгч хуурсанаа цайруулж билээ.

ЦЭнхзул

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button