Галын автомашинууд хэдэн төгрөг залгидаг вэ

Хүн амьдралдаа олон хэрэгцээгүй зүйлд илүү зардал гаргаж, хөрөнгө мөнгөө сул асгаруулж байдаг. Тэгвэл амьдралд дайсан болохуйц ийм хэрэглээ төрийн байгууллагуудад ч байнга гарч, улс эх орны хөгжилд хохирол учруулсаар байна. Тодорхой жишээ дурьдахад, захаас аваад олон тохиолдож болохоор. Та биднийг өглөө эрт ажилдаа яаран алхаж байх үед Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах гал унтраах ангийн автомашинууд эгнэн зогсоод хүнгэнэтэл хаазалж, бэлэн байгаагаа илтгэдэг. Энэхүү үзэгдлийг бид хэвийн юм шиг санасаар олон жилийг ардаа орхижээ. Гал усны аюулын эсрэг байнгын бэлэн байдалд зогсох ёстой дээрх автомашиныг сарын 22 хоног өглөө бүр хий дэмий асааж, бензин шатахуун үргүй зарлагадсанаас улс эх оронд ямархуу хэмжээний хохирол учирч болох талаар нэг ч удаа бодож үзсэнгүй. Одоо тэгвэл бодох цаг болжээ. Барууны өндөр хөгжилтэй орнуудад галын автомашиныхаа бэлэн байдлыг нь шалгах оновчтой аргыг хэрэглэдэг. Тухайн автомашины паркийн бэлэн байдлыг шалгахдаа ямар ч байсан манайхан шиг хүнгэнэтэл асаадаггүй нь ойлгомжтой. Хариуцсан ажилтан нь тухайн автомашинаа орой нь техникийн бүхий л хэмжээсийг нэг бүрчлэн шалгаад, холбогдох арга хэмжээг авдаг аж. Яаралтай галын дуудлага авсан үед шууд асаахад бэлэн байх ёстой. Улсын хэмжээнд 21 аймагт тус бүр нэг, нийслэлд 11 Аврах гал унтраах анги ажилладаг. Ийм тооны цаана нэг ангид 4-5 автомашин өглөө бүр 20 минутын турш үр ашиггүй бензин шатахуун урсгадаг байх нь. Манай Гал унтраах ангиудад Орос улсад үйлдвэрлэсэн Зил-130″ маркийн автомашиныг ихэвчлэн хэрэглэдэг. Уг машин шатахуун их хэрэглэдэг үе буюу өвлийн улиралд 100км-т 41 литр бензин иддэг. Тэгэхээр улсын хэмжээнд өдөрт 130 гаруй автомашин шатахууныг хэдий хэр хэмжээгээр урсгадаг вэ гэдгийг бодоход толгой өвдөм тоо гарна. Цэрэг эрсийг мянган өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэдэг. Ийм л хоцрогдсон сэтгэхүйгээр бид Аврах, гал унтраах ангиудыг ажиллуулж иржээ. Гадаадын улс оронд ажлын айлчлалаар холбогдох байгууллага, албаны хүмүүс зорчдог нь олонтаа. Тэд бусдын туршлагаас судалж, амьдралд хэрэгжүүлээсэй. Жирийн ажилчин, төрийн албан хаагчдын хөлсөө дуслуулж олсон татварын мөнгийг дээрхийн адил хий урсгамааргүй байх юм.

(Нийгмийн толь 069/161)

Н.Төр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button