Цоорхой хуультай авилгалтай тэмцэх газрын ажил үр дүнд хүрэх магадлал бага

Мэдээж хэрэг улстөрчдөд болоод шийдвэр гаргах түвшний эрхэмүүдэд энэ газар, үүнтэй холбоотой хууль тогтоомж бүхэн Хадны мангаа болох нь тодорхой. Ийм ч учраас Авилгын эсрэг хуулийг хойшлуулах талаас нь үгсэн нэгдээгүй ч дотоод санаа нэгдэн хичээнгүйлэн ажилласан билээ. Одоо АТГ-ын хамгийн түрүүнд хийх ажил бол төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг авах. Энэ ажил өмнө нь ма-найд хийгддэг байсан ч түүнийг нэг их ач холбогдол өгөн, араас нь үнэн, зөв эсэхийг шалгаж, тагнаад сүйд болдоггүй, зүгээр л ёс төдий өнгөрөөдөг байсан.

Төрийн албан хаагч 39000 хүний хөрөнгө орлогын мэдүүлэг байршихаас эхний ээлжинд АТГ-ын дарга Б.Дангаасүрэнгийн мэдүүлж буйгаар 5000 орчим албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг тус газарт байнга хадгалагдаж, мөнхийн хяналтанд байх гэнэ. Гэхдээ одоогоор МАХН-аас нисгэсэн Засгийн газрын бүтцийн өөрчлөлт гэх асуудал эцэслэн шийдэгдээгүй тул байнга хадгалагдах хүний тоог яг тогтоох боломжгүй хэмээн үзэж байгаа аж. Хөрөнгө орлогын мэдүүлэг авахдаа тухаин хүний орлого, үл хөдлөх хөрөнгийн л асуудал яригддаг байсан бол одоо гэр бүлийнх нь хэмжээнд авч үзэн орлого, зарлагыг нь нарийн хянах болж байгаа. Бүр хаанаас хэдэн төгрөгийн зээл авсан, хүүг нь хэрхэн ямар эх үүсвэрээр төлж байгаа гэхчилэн нарийн нягтална гэсэн. Манай Авилгын эсрэг хуульд Хууль бусаар баяжих гэх хамгийн ноцтой авилгын асуудлыг гэмт хэрэгт оруулан зүйлчлээгүй байгаа нь нөгөө л хуулийн цоорхойтой холбоотой гэнэ.

Гэтэл бүр хууль бусаар баяжихыг олон улсын конвенциос гэмт хэрэг болгоод өгөөч ээ хэмээн бүх орнуудад уриалан, гуйдаг байна. Харин олон улсын хэмжээнд хурцаар тавигддаг энэ асуудал зөвхөн манай улсад, тэр дундаа Монгол төрийн түшээдэд л No problem болсон юм байх. Одоогоор авилга авахыг туйлаас хүсэмжлэгчдэд нээлттэй байгаа асуудал бол авилга авлаа гэхэд их л үерээд ажлаасаа халагдах хэмжээний шийтгэлд унах нөхцөл бүрдээд байгаа явдал юм. Иймээс УИХ бушуухан хуралдаж АТГ-таа мөрдөн шалгах эрхийг нь олгох, цаашлаад Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэмэлт өөрчлөлтийг нь хийж эцэслэн гаргах хэрэгтэй болоод байна. Гэхдээ хууль тогтоогчид авилга авсан, өгсөн хоёр этгээд сэтгэл ханамж өндөр байж хэн нь ч гадагшаа ам алдахгүйгээр сүлбэлдэн нэгдсэн байдаг гэдгийг анхааран хуулийн нарийн, гарцаагүй, мэргэн заалтууд оруулах хэрэгтэй гэдгийг хэлүүлэх юун.

Өнөөдөр 2008 оны УИХ-ын сонгуулийн синдром хэдийн эхлээд буй. Тэгвэл дэлхийн ямар ч оронд чухам хүн бүхэн л төрийн эрхэнд гарахыг зүтгэдэг энэ л торгон агшинд АТГ нь нарийн зохион байгуулалттай ажиллан, ирээдүйн төрөө цэвэр ариун байлгах эсэхийг нэг мөр шийддэг гэнэм. Гэтэл бас л манай оронд энэ асуудал No problem болон хувирч сонгуулийн явцад гарах хээл, хахуулийн хэрэг Гэмт хэрэг болоогүй аж. Уг нь үүнийг гэмт хэрэг гээд тов тодорхой заагаад өгчихвөл дараа өөрсдөд нь Монгол төр авилгад бүрэн идэгдсэн гэхчилэн ичих булчирхайгүй мэдэгдэл хийх шаардлага гарахгүй л юмсан. Бүр сонгуулийн явцад ард түмний сонголтыг худалдаж авах, тэдний сэтгэл санааг өөртөө татах гэж элдэв эрээн мяраан шоу, цэнгээн хийх зэрэг нь гадны авилгаа давж гарсан туршлагатай орнуудад шууд гэмт хэрэг болдог байна.

Харин энэ бүхэн Монголд ил тод явагдцаг бөгөөд нэр дэвшигч нь ч, харъяалагддаг улс төрийн нам нь ч Яадаг юм, тэгж яривал тэдний нам төдөн мянган төгрөг гар дээр нь тавиад ахиад хонь гарган боодог хийсэн гэхчилэн өмнөөс нь эрүүл ухаантай хүн ичиж үхмээр тайлбар тавиад малилзтал инээгээд өнгөрдөг. Иймээс хэрэгжиж эхлэхээсээ өмнө цоорхой нь томорчихоод байгаа хуулиа эргээд нэг харахад гэмгүй л болов уу.

Өглөөний сонин 58 /123/

М.Энхлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button