Б.Дангаасүрэн Улсын хэмжээнд 39 мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг авна

Энэ байгууллага үйл ажиллагааныхаа хүрээнд холбогдох албан тушаалтан мэргэжлийн хүрээнийхэнд Хөрөнгө орлогын мэдүүлэг авах тухай сургалт семинар зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд олон улсын шинжээч нар оролцож өөрсдийн үйл ажиллагааны туршлага, үйл ажиллагаа зорилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Ингээд энэ асуудлаар Авилгалтай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнтэй ярилцсан юм.

Хөрөнгө орлогын мэдүүлэгийг авах нь авилгалтай тэмцэх хэлбэрийн хамгийн наад захын арга хэмжээ гэж ойлгож болох уу? Энэ асуудлаар юу ярилцав?

Албан бусаар хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулж авахын ач холбогдол, ялангуяа үнэн зөв гаргуулж авах, тэр нь Авилгалтай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд ямар ашигтай байх юм гэдэг талаар тодорхой ярилаа. Хамгийн гол нь хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв ямар ч алдаа мадаггүй мэдүүлж авах чухал юм.

Хөрөнгө орлогын мэдүүлэг авах нь ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?

Хамгийн гол шаардлага Хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах нь хоёр талын ач холбогдолтой. Нэг нь Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаа хүмүүсийг хуульд заасан хариуцлагад татахгүй байх. Хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай буруу гаргаж байгаа хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай яригдаж байгаа. Хариуцлагын тухай асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Нөгөө талаар Хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай бус ч гэсэн буруу гаргаж байгаа хүмүүс ажлаас халагдах, захиргааны гэх мэт олон талын хариуцлага хүлээх байгаа. Тэгэхээр тухайн албан тушаалтныг урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нөгөө талаар манай Авилгалтай тэмцэх байгууллага маань орон нутагт харъяа байгууллага байхгүй учраас чирэгдэлгүй, анхнаас нь зөв зохион байгуулчихвал бидэнд дахин шалгаад байх шаардлага байхгүй. Шаардлага гарсан тохиолдолд тухайн албан тушаалтанг шалган дүн шинжилгээ хийнэ. Тиймээс хоёр талын ач холбогдолтой.

-Өмнө нь Төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгийг яаж мэдүүлж байсан юм бэ? Гол нь үнэн бодитой мэдээлэл өгч байгаа гэдгийг яаж мэдэх юм бэ?

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг урд нь авдаг л байсан. Авилгын эсрэг хууль гарснаар хөрөнгө орлогын мэдүүлэгийн маягтад өөрчлөлт орж, шинэчилсэн байгаа. Өөрөөр хэлбэл урд нь орлого, үл хөдлөх хөрөнгө гэсэн юмнууд байсан шүү дээ. Одоо тэр нь тодорхой болоод, тухайн албан тушаалтны хөрөнгө орлого нь гэр бүлийн хэмжээний асуудал болж яригдана. Зөвхөн орлогоосоо гадна хичнээн хэмжээний зээл авсан хэдийг нь төлсөн гэх асуудлыг тодорхой болгож байгаа. Тиймээс үүнийг хуучин хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж байсан маягтаас арай дэлгэрэнгүй болгосон. Нэгэнт үүнийг хуульчлаад гаргаад зарим асуудал тодорхой болсон учраас үүнийг сургалт семинарын журмаар ярилцах шаардлага зайлшгүй гарч байгаа юм.

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг тэдэн хүн өгөх ёстой гэсэн тоо байна уу?

Авилгалтай тэмцэх хуулийн 4 дүгээр зүйлд заасан байгаа. Тэнд заасан албан тушаалтан монгол улсын хэмжээнд 39 мянга гэсэн судалгаа байгаа. Тиймээс 39 мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулж авна гэсэн үг. Yүнээс байнгын байх таван мянга орчим албан тушаалтны мэдүүлэг Авилгалтай тэмцэх газарт бүртгэж хадгалагдана. Yүнийг төрийн албаны зөвлөл гаргаад УИХ-ын хэмжээнд яригдсан зүйл байгаа юм. Түүнээс их бага жаахан хэлбэлзэж болно. Ойрын үед төр захиргааны тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн талаар ярихаар энэ асуудал тодорхой болно байх. УИХ-аар яамдын тоог цөөлөх ч байдаг юм уу, агентлагуудыг чиглэл чиглэлээр нь тодорхой зохион байгуулалтад оруулах асуудал яригдаж байх шиг байна. Манай газрын хэмжээнд хичнээн хүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг хадгалагдах вэ гэдэг асуудал яригдана. Яг бодитой тоо хэлэх боломж байхгүй байна. Зохион байгуулалтын асуудал яригдсаны дараа энэ тоо өөрчлөгдөх эсэх нь тодорхой болно.

Хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн эсэх нь нээлтэй байх уу?

Хуулийн дагуу Төрийн албан тушаалтануудын Хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн эсэх мэдээлэл Төрийн мэдээлэл сэтгүүл, АТГ-ын вэб сайтад байнга байх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлэг хуучин шигээ нууц байна гэсэн юм хуулиараа бол байхгүй шүүдээ. Yүнийг ямар ч хүнийг шалгах шаардлага гараад асууж тодруулах юм гарах юм бол үзэж, танилцах боломжтой байна. Хөдөө орон нутагт ч энэ асуудал яригдана.

-Гэхдээ хувийн мэдүүлэгийг нээлттэй байх талаар маргаантай зүйл яригдаад байдаг. Тухайн хүний хөрөнгө орлогыг олон нийтэд дэлгээд байх нь хэр зохистой зүйл юм бол доо?

Тиймээ. Хөрөнгө орлого нээлттэй байна гэдэг нь үзье гэсэн хүн бүхэн үзээд байх эсэх талаар одоохондоо тодорхойгүй байна. Тэр талаар дүрэм журам гарсаны дараа ярих байх. Тухайлбал тодорхой албан тушаалтны хувьд сонирхсон этгээд ямар нэг байдлаар өс хонзон өвөрлөсөн нэгэн ирээд чадах гэсэн үүднээс үзье гэвэл үзүүлэх юм уу гэдэг бас асуудалтай. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн мөрдөн байцаагч очоод үзье гэвэл яах вэ, тийм шаардлага байгаа юм уу? Хуулиараа бол нээлттэй гэж байгаа. Yүнийг яаж ойлгох юм гэдэг жаахан маргаантай. Тэр бүгдийг үзээд байх шаардлага байхгүй шүү дээ. Жишээ нь тодорхой албан тушаалтан 3 давхар байртай гэж байна. Тэгвэл тэр байр нь хаана байрладаг, ямар талбайтай, хэдэн машинтай, ямар номер дугаартай юм гэх мэт мэдээллийг бол өгөхгүй. Энэ бол хувь хүний нууцын асуудал. Өөрөөр хэлбэл хувь хүний хувийн өмчийг хуулиар хамгаалах гэдэг үүднээс нууцад хамаарч байгаа.

Танай байгууллага орон нутагт хөл байхгүй гэсэн утгатай үг хэллээ. Одоохондоо ийм байна уу? Цаашдаа ямар болох юм бол?

-Би арай буруу хэлчихвүү. Авилгалтай тэмцэх газрын тооны дээд хэмжээ 90 байна гэж заасан. Тэр хэмжээндээ 2008 он хүртэл хүрч ажиллах болов уу. Одоогоор дөнгөж байгуулагдаж байгаа шинэ байгууллага л байна. Аймаг сумдад харъяа газар гэж байхгүй. Тэр үүднээс хөлгүй байгууллага гэж хэлсэн юм. Авилгалын эсрэг хуулийг олон нийтэд сурталчилах ялангуяа МУИС-ын хууль зүйн сургуулийн сургалтын хэмжээнд энэ хавраас эхлээд сургалтын хөтөлбөр болон орох асуудал яригдлаа. Цаашдаа сургалт, мэдээллийн талаар анхаарна. Бид саяхан төрийн хэвлэл мэдээллийн удирдлагын хэмжээнд уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтан дээр яригдсан зүйлүүд хэвлэл мэдээлллээр нэлээн цацагдсан.

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button