Төр эзэнгүй байна

Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо бүхэл бүтэн таван сараар сунжирч, хууль зүйн салбар байдгийг мартахаа шахаж байсныг бодоход 50 хоног бага хугацаа байж мэднэ. Гэхдээ Ц.Элбэгдоржийн үед ч, М.Энхболд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа одоо цагт ч Засгийн газрын гишүүний суудал эзгүйрсэн тохиолдолд дараагийн сайдыг 30 хоногийн дотор нөхөн томилно гэсэн төрийн хууль хүчинтэй хэвээр байгаа. Харамсалтай нь, Их эвслийн, Үндэсний эв нэгдлийн гэх чамин нэртэй Засгийн газруудын өмнө төрийн хууль гууль болж, улсын хамгийн чухал салбарууд эзэнгүйдсээр байгааг энэ цагийн эмгэнэл гэхээс аргагүй. Монголчууд чоно борооноор гэлцдэг. Хараа хяналт суларч, хариуцах эзэнгүй болсон сиймхийг өдгөөгийн сүүлтэй, сүүлгүй боохойнууд зүгээр өнгөрөөнө гэдэг юу л бол.

Өнгөрсөн 50 хоногийн хугацаанд хуульд заасан эрхээ хэрэгжүүлж Үйлдвэр, худалдааны дараагийн сайдын нэрийг УИХ-д оруулах боломж Ерөнхий сайдад байсан. Гэвч тэгсэнгүй. Яагаад гэвэл төрийн дээр нам, намын дээр Удирдах зөвлөл гэдэг шинэ цагийн улс төрийн товчоо бий. МАХН-ын Удирдах зевлөлийн виз даруулаагүй тохиолдолд танхимынхаа сайдад нэр дэвшүүлэх эрх, боломж Ерөнхий сайдад байхгүй нь хэнд ч тодорхой. Төрийн дээр нам байгаа цагт Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг Ерөнхий сайд биш нам шийдэж, сайдын томилгоог нам доторхи фракц, бүлэглэлүүд гартаа атгадаг гаж зарчим арилахгүй. Нам, төр хоёр нэг зоосны хоёр тал шиг болчихоод байгаагийн энгийн жишээ энэ.

50 хоног сайдгүй байсан уул уурхайн салбарын нэр хүнд гадаад ертөнцөд өдрөөс өдөрт унасаар байгааг Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Монгол Улс уул уурхайн салбарын рейтингээрээ өнгөрсөн онд 32-т жагсч байсан бол энэ оны гуравдугаар сар гэхэд 60 дугаар байрт очтолоо уруудсан байх юм. Канадад болсон Дэлхийн уул уурхайн чуулга уулзалтын үеэр чихэнд чимэггүй энэ мэдээг анхлан дуулгасан гэсэн. Энэ бол Монголын улстөрчдийн эцэс төгсгөл, утга учиргүй хэрүүлээс гаднын түншүүд, хөрөнгө оруулагчид залхаж байгаагийн тодорхой баримт. Эдүгээ Үйлдвэр, худалдааны сайдын албыг Сангийн сайд Н.Баяртсайхан давхар хариуцаж буй. Албан ёсны нэр нь Сангийн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч. Нэрнээсээ авахуулаад төрийн хэрэгт ээлж өнгөрөөх төдийгөөр хандахыг нь толгой дохин зөвшөөрсөн мэт. Салбарын сайд нь эзгүй байх үеийг тааруулж уул уурхайн салбарынхны арааны шүлсийг асгаруулаад байгаа Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар Айвенхоу майнз компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байгаа нь олон хүнд болгоомжлол төрүүлж буй нь нууц биш. Сайдынхаа суудлаас цаг бусаар огцорсон хүний амнаас дандаа л гоморхлын үг унадаг хэдий ч Б.Жаргалсайхан нэгэнтээ Би Оюутолгойн асуудлаар хатуу байр суурьтай байсан. Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тал дээр хатуу байсан. Тиим болохоор Н.Баяртсайхан намайг зайлуулчихаад тогтвортой байдлын гэрээг ганцаараа баигуулж авилга авах гэж байгааг үгүйсгэх аргагүй хэмээн хэлж байсан удаатай. Н.Баяртсайхан авилгач биш байж болох ч төрийн хоёр яамыг төлөөлж хөрөнгө оруулагчидтай харилцаж байгаа нь үнэн.

Сүүлийн үед улстөрчдийн утгагүй хэрүүл Төрийн ордноос гадагшилж, хөдөөгийн хурган улстөрчдөд сүрхий халдарлах шинжтэй болоод явчихлаа. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын эрхэм төлөөлөгчид албан тушаалын наймаа, тулга тойрсон хэрүүлээсээ болж нэг аймагт битгий хэл нэг улсад багтаж шингэхгүй дээрээ тулцгаав. АН-ынхан албан тушаалтайгаа зууралдаж, МАХН-ынхан хор найруулж гүйлдсээр байтал нэг л мэдэхэд гурван сар өнгөрч. Энэ хооронд аймгийн ИТХ хурлаа хийгээгүй, төсвөө батлаагүйгээс болж төрийн байгууллагад ажиллагчид 100 хоног цалингийн бараа хараагүй байна. Хөдөөгийнхөн төрийн ажлыг төрөл садангийн сүлжээнд оруулаад зогсохгүй саарал ордонд суудаг хэдийн хэнд ч хэрэггүй хэрүүлд нэлээд сайн суралцаад байна уу гэлтэй.

Гүйцэтгэх за.еаглалд энэ мэт завхрал бии болчихоод байхад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй УИХ нүдэн балай чихэн дүлий суусаар. Намрын чуулган завсарласны дараа улс төрийн амьдралд гарсан зарим үйл явдал эрхэм гишүүдийг шооконд оруулчихсан бололтой юм. УИХ-ын гишүүд ирэх онд болох сонгуулийн зардал болгож тойрог бүртээ 250 сая төгрөг хуваарилж авсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохыг Цэц тогтоосон. Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс буюу өнгөрсөн сарын 23-наас төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад суулгаж зүсийг нь хувиргасан 250 саяын хөрөнгө оруулалтыг Сангийн яамнаас түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2007 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 19 тэрбум төгрөгийг түр зогсоочихоод буй. Хуулиар бол УИХ Цэцийн дүгнэлтийг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Бүр дүгнэлт гарсны маргааш ч хэлэлцэж болно. Гэвч хувийн, намын өчүүхэн эрх ашгаа Үндсэн хуулиас дээгүүрт тавьдаг 76-д алдаагаа залруулах ухамсар байсангүй. Шинэ он гараад хэдхэн хонож байхад Монгол Улсад багмын ажиллагаатай парламент үүссэний ойг нэлээд хэл хөдөлгөөн, зардал чирэгдэл болон байж тэмдэглэсэн. Гэтэл Үндсэн хуулийн цэц УИХ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоож, 2007 оны төсвийн тухай хуулийг хэсэгчлэн түдгэлзүүлчихээд байхад УИХ-ын дарга гадаад оронд инээмсэглэл тодруулан алхалж, эрхэм гишүүд амралтын газар биеэ оторлон хэвтсээр байгааг юу гэж ойлгох вэ. УИХ-ын дарга Ц.Нямдорж олонхиороо баталсан төрийн хуулийг гэртээ аваачаад засч суудаг нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохыг Цэц мөн л тогтоосон. Үндсэн хууль ноцтойгоор зөрчсөн хэрнээ татвар төлөгчдийн мөнгөөр гадаад оронд тансаглаж яваа Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг иргэний хөдөлгөөнүүд хүчтэй тавихаар зэхэж буй юм билээ. Гэтэл байнгын ажиллагаатай гээд байгаа УИХ хуралдаанаа хийх нь бүү хэл барагтай бол ажлаа хийдэггүй гэдгээ олон нийтэд таниулсаар. Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх хаврын чуулганыг хүлээн назгайрч байж болох ч ард нь өчнөөн хүний амьдрал, төсвийн байгууллагынхны ажил, хэл ам таталдаг зогсонги байдалд орчихоод байгааг анзаарах сөхөө манай 76-д алга. Тэгээд ч заавал УИХ-ын ээлжит чуулганы хуацаанд төрийн ажил явдг ом шиг эндүүрч явдгаа болимоор юм.

Төрийн ажил хаа сайгүй ингэж завхарч байхад сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнүүд, өнөө хувьсгалч, удирдагч, манлайлагчид хаана яваа юм бүү мэд. Албан тушаалаар амаа таглуулчихаараа томоотой царайлж, огцруулчихаар баруун солгойгүй муулдаг хамелеон шиг сөрөг хүчин, улстөрчид дэндүү олон болчихжээ. Монголын төр эзэнгүй байна, яана даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button