Эх оронч хөвгүүндээ зориулсан Миний Монголын газар шороо

Энэ дууг сонссон Монгол хүн бүр эх нутгаараа бахархаж, бас түүндээ омогших сэтгэл төрдөг билээ. Бас энэ омогшил нь эх оронч хөвгүүдийг олноор төрүүлдэг гэлцдэг. Тэгвэл энэ омогшил дундаас төрсөн эх оронч хөвгүүдийн нэг нь УИХ-ын гишүүн асан, Миний Монголын газар шороо хөдөлгөөны тэргүүн О.Энхсайхан. агсан байсан юм.

Монгол Улс одоогоос нэг жилийн өмнө буюу яг энэ өдөр (өчигдөр) эх оронч хөвгүүдийнхээ нэгийг зуурдаар алдсан нь О.Энхсайхан байв.

Гэвч түүний газар нутгийнхаа төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл толботож арилсангүй. Харин ч энэ үйлсийг нь үргэлжлүүлэх, түүнийг ажил хэрэг болгох, мөнхлөх чин хүсэлтэй олон хүн байдаг аж. Энэ хүмүүсийн нэг нь О.Энхсайхан агсаныг УИХ-ын гишүүн байхад нь туслахаар нь ажиллаж байсан Т.Мөнх-Очир юм. Тэрээр О.Энхсайхан агсаны гэгээн дурсгалд зориулж Миний Монголын газар шороо номыг эмхэтгэн гаргасан бөгөөд энэхүү номын нээлт өчигдөр болсон юм. Энэ номонд түүний амьд сэрүүн байхдаа Монголынхоо ард түмэн, газар шорооныхоо төлөө хэлж, ярьж байсан бүгд багтжээ. Мөн түүнтэй хамтран ажиллаж байсан Монгол Улсын эрдэс баялагийн салбарын шилдэг эрдэмтэн докторуудын ярилцлага, нийтлэл, судалгааны материал тэр дундаа залуу эрдэмтдийн ярилцлага, нийтлэл ч багтсан аж. Мөн номын нээлтэд түүний хань, үр хүүхэд дүү, түүнтэй хамтран ажиллаж байсан бүх хүн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр уг номыг эмхэтгэсэн Т.Мөнх-Очир Энэ ном асар богино хугацаанд олон хүний дэмжлэгтэйгээр гарлаа. Энэ нь талийгаачийн хэлсэн, ярьсан, хийсэн бүх нь ард түмний сэтгэлд хүрч чадаж байсных биз хэмээн онцолж байсан юм.

Түүний хийсэн сайн үйлс бухэн нь үргэлж гэрэл гэгээ дагуулах болтугай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button