Эмзэг бүлгээс эрэлхийлэв

Өнөөдрийн нийгэмд энгийн мэт олон сөрөг талууд нилээд ажиглагддаг. Энэ бүгдээс эрэл хайгуул хийж, хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй нийгмийн хөндүүр сэдвийг нийтлэлээрээ гаргаж ирэх нь сэтгүүлч миний зорилго билээ.

Хаврын эхэн сар гарсан ч, их ажлыг авчирсан өдрүүд өнгөрөгч долоохоногт тохиов. Өвөлдөө ороогүй цас өнгөрсөн өдрүүдэд орсноор замын халтиргаа ихэсч, авто тээврийн осол ч чамгүй ихээр гарлаа. Ашгүй цас хайлж байтал, 12, 13-нд шилжих шөнө ахиад л цас орж, хоёр гуравхан цагийн дотор Улаанбаатар хотыг цагаан өнгөөр хучлаа. Өглөө босоод ирэхэд аль хэдийнээ цамцаа давхарлаж өмс дөө гэсэн шиг цас нэлмийтэл орсоор байлаа. Ийм үед тээврийн хэрэгслүүд удаан явдаг болохоор эртхэн гэрээс гарав. Автобусны буудал дээр очоод дасал болсон микроавтобусандаа суух гэтэл аль хэдийнэ 300 төгрөг болсон байх юм. Дуртай үедээ дураараа үнээ нэмдэг эдгээр Баянхошуу-ны чиглэлийн микронуудыг хянах газаргүй болохоор л ийнхүү даварч байгаа юм гэж бодсоор улсын унаандаа суухаар шийдлээ. Ер нь оройн 5 цагаас хойш Баянхошуу -ны чиглэлийн микронууд 300 төгрөг болчихдог уламжлал тогтоод байгаа. Ид ачааллын үеэр үнээ дураараа нэмэх эдгээр микронуудад зохих албан байгууллага нь анхаарлаа хандуулмаар юм. Би ч ард түмэнтэйгээ хамт автобусандаа суулаа. Бор царайтай тарган эмэгтэй билет тасалж харагдана. Суудлууд бүгд эзэнтэй болсон болохоор жолоочийн хажуу руу дөхөж очив. Хоёр гуравхан буудал өнгөрөөд автобус пиг дүүрч Хөөө хүн уналаа ш дээ урагшаа яваад өгөөч ээ гэх кондукторын дуу хадна. Нүүрээ цонхонд нийлүүлэх шахан, дараагийн буудлыг зорив. Энэ үед бидний зорчиж явсан Автобус 1″ компанийн 87-26″ УБН дугаарын автобусны жолооч тормозоо огцом гишгэж, агаар дутагдан яваа зорчигчдыг урагш шигшиж эхлэв. Энэ нь дараагийн буудлын хүмүүсийг батгаах нэг арга нь аж. Зорчигчид хүн тээвэрлэж яваа биз дээ. Ямар мал зөөж яваа биш гэцгээн уурлацгааж байв. Гэтэл бүлтгэрдүү нүдтэй, ахимаг насны, бараан өнгийн цамц, саравчтай ногоон малгатай таргандуу жолооч Би эмзэг бүлгийн ядуусыг тээвэрлэж байна. Ямар ч мөнгө төлдөггүй та нарын нэгийг л багтаах гэж явна гэж зандрангуй хэлэв. Цааш нь Улс та нарыг даврааж байна. Муу сайн оюутнууд дэндүү эрхлэж байна. Миний үндсэн зорчигч бол цагдаа нар гэхчилэн доромж үгийг унагаж эхлэв. Үүгээр тогтохгүй та нар эмзэг бүлгийнхийг тээвэрлэдэг унаанд сууж яваагаа ойлгохгүй байна уу гэсээр нөгөө эр элдэв үгээр дайрч давшилсаар. Эдгээр үг, өгүүлбэр тэнд үйлчлүүлж явсан зорчигчдод тийм ч тааламжтай байгаагүй нь ойлгомжтой. Тэгээд ч уг жолоочийн, зорчигчдод хандаж байгаа зан авир, дэндүү ёс суртахуунгүй, ажлын ухамсаргүй байгаа нь хүмүүст илт мэдрэгдэж байсан юм. Эмзэг бүлгийнхнийг тээвэрлэдэг гэхээрээ ийш тийш нь савчуулж болдог аж. Өнөөгийн нийгэмд ядуус олон байгаа нь үнэн. Гэхдээ ядуу ч гэсэн хүн шүү дээ. Үндсэн хуулинд заасан хүний эрх тэгш байдал нь өнөөдөр мөнгөөр хэмжигдэх болсоны нэг тод жишээ энэ. Тэглээ ч тэр жолоочийн эмзэг бүлгийнхэн мөнгө төлдөггүй гээд байгаа зорчигчид нь оюутнууд, өндөр настан, хүүхэд багачууд шүү дээ. Эдгээр зорчигчдын өмнөөс улс нөхөн олговрыг жил бүр төлдөг биш билүү. Энэ жил л гэхэд Нийслэлийн төсвөөс оюутны 1,1 тэрбум, цагдаагийн 913 сая, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааны зардлын нөхөн олговорт 4,5 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн компаниудад төсөвлөсөн байна. Хамгийн их ад үзэгддэг оюутнууд л гэхэд сардаа 4600 төгрөгийг билетийг 30-40 мянган ширхэгийг худалдан авдаг гэсэн тоо баримт бий. Эдгээр мөнгө жолооч кондукторуудыг бага ч болов цалинжуулдаг байх учиртай. Гэтэл өдрийнхөө орлогоор бид цалинждаг гэж мөнгө төлөх ёсгүй зорчигчдыг эмзэг, ядуугаар нь дуудан, монглын ирээдүйн боловсон хүчинүүдийг урагш хойш нь дураараа гудчин, загнах дэндүү ухамсаргүй жолооч кондукторуудыг яах вэ. Болдог бол харилцааны курст суулгаж, соёлын довтолгоо хийх юмсан даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Өглөөний сэргэг ухаан ч, бухимдал болон хувирч, эмзэг бүлгийн гэх автобуснаас буухын түүс болсноор энэхүү хэрүүл өндөрлөв.

М.Элдэв

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button