Хөтлөгч нарын тухай хэдэн үгс

Сайн хөтлөгч нь зүгээр нэг урлагийн номерын төрөл, уран бүтээлчийх нь нэрийг зарлахгүй харин уянгын халил хэлж, ганц нэг шүлэгний мөрийг уншчихдаг бол телевизийнх мөн л төстэй. Ялангуяа мэдээллийн бус хөтөлбөр нэвтрүүлгийг хөтлөхдөө хэн нэг яруу найрагчийн дөрвөн мөртийг хэлчихвэл сайн хөтлөгчийн шинж бүрджээ гэж үзнэ. Энэ нь үзэгчдийг бодит байдлаас хөндийрүүлж коммунизмын агуу санаанд мансууруулахын тулд анхнаасаа хийгдэж дадсан хэлбэр юм. Социалист реализм гэсэн жанрт ерөнхийдөө хамаарагдана. Ийм төрлийн урлаг ЗХУ-д үүсэж хөгжлийн оргилдоо хүрсэн. Манайхан ч мэдээж дуурайсхийгээд ирсэн. 1980 аад оны сүүлээр нийгэм солигдохын хирээр хойд хөршид хөтлөгч нарын үе өнгөрч бодит мэдээлэл хүргэхийг чармайдаг сэтгүүлч нар моодонд орсон билээ. Өнөөдөр баруунд хөтлөгч гээч мэргэжил аль хэдийнэ алга болж тухайн сэтгүүлч бэлтгэсэн материалаа үзэгчдэд өөрөө хүргэх нь хамгийн их үр дүнтэй зүйл гэдэг дээр маргахааргүй болсон. Мэдээж хэрэг студид сууж олон янзын сурвалжлагуудыг холбож байдаг нэвтрүүлэгч буюу anchor хэмээх хүмүүс байсаар байна. Гэхдээ тэд манайхны ойлгодог хөтлөгч нэртэй салбадайн ажил хийдэггүй бөгөөд харин ч тухайн сэдвээр мэдлэгтэй тоймлон, дүгнэх чадвартай аналистууд болж хөгжжээ. Харин манайх гэж толгой нь эргэсэн газар л үүнийг ухаарсангүй. Нөгөө л Батбаяр, Чулуунбаатар нартайгаа зууралдсан, тэднийгээ бурханчлан шүтсэн хэвээрээ байгаа нь тун харамсалтай. Шинэ нийгмийн тогтолцоог сонгоод 20 жил болох гэж байгаа ч уянгалсан сэтгүүл зүйгээсээ салах биш харин ч шинээр гарч ирж буй үеийнхэн өвлөж баяжуулан үргэлжлүүлж байгаа. Энэ нь зөвхөн нийтлэл уран сайхны ч биш мэдээллийн чөлөөт хөтөлбөрүүдийн өнгийг ч тодорхойлж байгаа юм. Хамгийн гутамшигтай юм. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй бүх телевизүүдээс хуучин

нийгмийн энэхүү гаж тогтолцооны үлдэгдэлийг мэдэрнэ. Өөрсдөө тэнэгтэхийн хажуугаар Өвөрмонголын Одон телевизийн ямар ч нэвтрүүлэг хөтлөгч гээч ар монголоос хуулбарласан хазгай хэлтнүүд, хөх инээд хүргэмээр яруу найрагч нараар дүүрснийг та харж болно. Энд зөвхөн мэдээллийн хөтөлбөрийн хувьд зарим ажиглалтаас сонирхуулья.

Монгол телевиз

Хэдхэн жилийн дотор нэрээ олон сольсон ч гэхүү телевизийн хэлбэр агуулга өөрчлөгдсөнгүй. Хорь гучин жилийн өмнө нэвтрүүлэг хөтлөн явуулдаг байсан хэлбэр тэр чигээрээ. Жишээ нь шинэ жилийн баярын тусгай нэвтрүүлэг. Гоё даашинзтай, дэгжин костюмтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гацуур модны наана зогсоно. Тэгээд л авч өгнө дөө. Яасан ийсэн мөнгөн өвөл, яадаг ийдэг цана чарга, ямар юун өвлийн өвгөн, юутай цасан охин гээд л харин ч нэг толгой холбоод тууж гарна. Ёолкоо чимэглэж байгаа тухайн байгууллага өнгөрч буй ондоо дампуурах шахаад, дарга нь мөнгө идэж уусан хэргээр шоронд орсон байсан ч яасан ийсэн их арвин бүтээл, яадаг ийдэг их хөдөлмөр гээд л шүршиж өгнө. 2006 оны 12-р сарын 28-нд Монголын Олон Нийтийн Үндэсний Төв телевизээр яг ийм байдлаар МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ны Алтан сарнай ёолкыг дамжуулж байлаа. Шинэ зууны шилдэг боловсон хүчин, шинэ санаа, шинэ эр зориг, эх орноо хөгжүүлэх шилдэг охид хөвгүүд гээд л телевизийн хөтлөгч хоёр ам уралдан шагшиж байсан даа. Хоёрхон сарын дараа тус байгууллага шилдэг луйварчид, хулгайч, алуурчдыг эгнээндээ нэгтгэж байсан нь нийтэд ил болов. Тэгэхээр ийм худлаа мэдээлэл тарааж ард түмний тархийг угаасан Монгол телевизийн хоер хөтлөгчийг зүй ёсоор бид хариуцлагад татах ёстой баймаар. Ажлаас нь халах байтугай цалинг нь хассан ч үгүй. Ер нь ийм алдаа гаргасныг ч анзаарсангүй. Өөрсдөө ийм том тэнэглэлийн нэг хэсэг юм чинь арга ч үгүй биз. Одоо roл асуудалдаа орж MM агентлаг буюу тус телевизийн мэдээллийн салбарьн авч үзъе. Hэг үеэ бодвол хуучин тогтолцооны хөтлөх арга барил багассан. Ганц нэг хүний чармайлтын дүнд бий болсон дэвшил. 2004 онд MM агентлагийн шинэ дарга хэл ам дагуулан байж яруу найрагч, уянгалуулдаг хөтлөгч нараасаа салсан юм. Гэвч сэтгэлийн хөөрлөөр үйл явдалд ханддаг, улс төрчид том дарга нарыг яруу найргийн гол дүр мэт хүлээж авдаг сэтгүүлчид цөөнгүй үлджээ. Жишээлбэл аль ч төрийн үед өөрийгөө аваад яваад байдаг Оюунчимэг гэж нэг эмэгтэй бий. Амаржаргал ерөнхий сайд байхад түүний авьяастай бүтээлч шинжийг нь хагас цагийн турш магтан дуулж байсан тэрбээр төр солигдсоны дараа нөгөө муу Амараа даргаа газарт ортол нь муулж гарсан. 1999 онд Ардчилсан намын гишүүний батлах гардан авч байсан мөртлөө 2003 онд Ардчилсан намыг татан буулгая гэж телевизээр уриалж байх жишээтэй. Одоо тэрбээр ерөнхийлөгчийг дагаж Франц, Япон, Америк нисдэг, алт мөнгөний дэлгүүр л хэсдэг том нөхөр болон хувирчээ. Мөн хамгийн сүүлийн үеийн халуун мэдээлэл гэсээр дуусдаг Business News хөтөлбөрийг үнэндээ эдийн засаг гадарладаг хүмүүс ойшоохгүй байхад энэ талаар ямар ч мэдлэггүй масс л олон мундаг графиктай сүрхий нэвтрүүлэг гэж бодно. Инээдтэй нь долоон хоногийн өмнөх Лондонгийн биржийн металлын үнэ амьдралд нь яаж нөлөөлөх гээд байгааг мэддэг хүн ч байхгүй, мөнөөх сэтгүүлчид нь хэлж өгөхгүй. ММ агентлагийнхан мэдээллийн хөтөлбөрийг уран сайхны нэвтрүүлэг гэж ойлгодог, өөрсдийгөө зохиолч, зураачид гэж боддогийн нэг илрэл нь орой бүр Цагийн хүрд хөтөлбөрөө хаахдаа манай агентлагийн уран бүтээлчид гэж хэлдгээс тодхон харагдана.

Ийгл ТВ

Чанартай мэдээллээр ялгардаг гэж ярьдаг тус телевизийн нэвтрүүлэгчид зөөлөн буйдан дээр тухлан аар саар юм ярингаа ганц нэг мэдээ дамжуулдаг болсноороо барууны анкоруудыг дуурайхаа нэгэнт больж ар, өвөр монголын авъяаслаг хөтлөгчдийнхөө замаар орсны тодоос тод нотолгоо болов. Мэдээллийн хөтөлбөрийн стил жанр, нэвтрүүлэгчдийн үүрэг гээч юм энэ сайхан уламжлалтай телевизэд үгүй болов. Тус телевизэд өөрийгөө айхтар чадвартай гээд бодчихсон нэг хөтлөгч байдаг. Видео камерын өмнө биеэ чөлөөтэй авч явдаг нэг сайн талтай. Шүтэж явдаг хүмүүснь гэвэл хуучны тогтолцооны хөтлөгчид. Үнэт зүйл нь тийм учир аль болох л уянгалчих гээд л байдаг. Гадаад төрх биеийн хөдөлгөөн, дуу хоолой гээд caсайн нэвтрүүлэгчид байж болох давуу талууд бий ч зөвхөн өөртөө таалагдсан хүмүүсийг л яриулж, хэлсэн ярьсныг нь улайм цайм балиашигладаг. Аль ч сэдвээр өргөн мэдлэг, тоймлох чадвар байхгүй мөртлөө бүх асуудлыг яг ойлгочихсон, үнэхээр мэдэж байгаа юм шиг яриад байдаг зэрэг мэргэжлийн хувьд байж болшгүй алдаанууд хийдэг. Ер нь нэвтрүүлэгч хүн бол зүгээр л сайхан жүжигчин юм гэсэн том төөрөгдлийн нэг илрэл нь энэ хөтлөгч. Монгол телевиз. UВS, 25-р суваг, ТВ 9 гээд бүхий л телевизүүд ийм зарчим барьдаг.

ТВ 9

Мэдээний нэвтрүүлэгчийн уг мэдээг дамжуулахдаа хэлдэг Лид /Lead/ гээч нэг зүйл бий. Үгнийхээ утгаас ч авсан энэ нь уг мэдээллээр тухайн сэтгүүлч, тухайн агентлаг яг ямар мэдээлэл өгөх гээд байгаа буюу тухайн мэдээллийн гол утгыг точвоор илэрхийлж үзэгчдийн анхаарлыг татах ёстой зүйл. Ц.Нямдоржийн асуудлыг Үндсэн хуулийн цэцээр авч хэлэлцсэн тухай мэдээг дамжуулахдаа лид нь УИХ-ын дарга Ц.Нямдоржийг хуулинд өөрийн дураар засвар хийж Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа. Ингэснээр спикерийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж огцруулж ч болзошгүй нөхцөл байдал үүсч байна гэх маягийн байвал боломжийн лид болно. Харин ТВ 9 энэ мэдээг дамжуулахдаа нэвтрүүлэгч нь Нямдорж гээд нэг мэнгэтэй хүн байдаг, энэ хүн УИХ-ын дарга бөгөөд МАХН-ын чадварлаг сайн дарга нарын нэг гэдгийг үзэгч та бүхэн мэдэх байх. Тэгвэл энэ хүнтэй холбоотой нэг асуудлыг Үндсэн хуулийн нэг байгууллагахэлэлцжээ. Дэлгэрэнгүйг гэх маягийн лид хэлнэ. Үг бүрчлэн ингэж хэлэхгүй байж болох ч гэлээ бүх лиднийх нь утга нэг иймэрхүү дэмий тэнэсэн агуулгатай, хоёр дахь өгүүлбэр нь ёс юм шиг тэгвэл гэж эхэлдэг гэдгийг баттай хэлж болно. Сэтгүүлчид нь ийм л юм бичиж өгдөг, нэвтрүүлэгчид нь үүнийг засаад хэлэх чадвар байхгүй. Хөөрхий тэр зүгээр л өмнөх монитор дээрээ байгаа үгийг алдахгүй уншихыг хичээж суугаа жүжигчин шүү дээ. Сайн жүжигчин ч гэсэн зохиолоо өөрийн болгож ярьдаг даа. Мэргэжлийн биш байх нь дүүрч гэхэд мангар байх нь арай л дэндээд байгаа газар.

ТВ 5

Лидтэй адил нэг чухал зүйл бол мэдээнд байж болдог/ байхгүй ч байж болох/ Стэнд an/stand up/ гээч зүйл. Тухайн мэдээлэл, үйл явдлын халуун цэг дээрээс нь нөхцөл байдлыг өөрийн биеэр мэдэрч дамжуулах эсвэл тодорхой баримтыг өөрийн биеэр гаргаж тавих зэрэг тохиолдолд сэтгүүлч нь ил гарч ярихыг л хэлдэг гэхэд ерөнхийдөө болно. Жишээ нь ВВС-ын сэтгүүлч даяарчлалыг эсэргүүцсэн жагсаалын дунд орчихсон явж байх. CNN-ийнхэн Иракт болсон л дэлбэрэлтийн газар дээрээс юу юу болсныг ярих зэргээр эфирт гарахыг нь та харсан биз ээ. Үүнийг л станд ап гэх бөгөөд мсикрофоноо яаж барих вэ гэхээс авахуулаад нарийн шаардлагуудтай. Харин манай яруу алдарт телевизүүдэд үүнийг хөтлөлт гэж орчуулах бөгөөд нэгэнт ингэж монголчилсон болохоор эфирт харагдахын донтой сэтгүүлчид нь харин ч нэг монголчилно доо. ТВ 5-д энэ байдал хамгийн тод харагддаг бөгөөд ямар нэг байдлаар өдөртөө ядаж нэг удаа эфирч гарч харагдаач. Үүний тулд ямар ч хамаагүй нэг мэдээн дээрээ юу хамаагүй өөрөө гараад яриад авах хэрэгтэй гэж үзнэ. Жишээ нь статистикийн газраас оны эхний улирлын нийгэм эдийн засгийн дүнг танилцуулаад баахан тоо өгнө, тэндээс нь нэг өгүүлбэр яг таг цээжилж авч байгаад үүдэн дээр нь зогсоод л xөтлөлт хийчихнэ. Орой нь Цаг хөтөлбөрөөр нэг охин гарч ирээд нүүр дүүрэн инээмсэглэл гэрэлтүүлж оны эхний улиралд үнэ ханш тэдэн хувиар буурч байхад гэмт хэрэг төдөн хувиар өсчээ. Дэлгэрэнгүйг одоо хүргэе гэх мэтээр авч өгнө. Эсвэл талбай дээр жагсаал цуглаан өлсгөлөн болоод төрийн ордон руу чулуугаар нүүлгэсэн үйл явдал боллоон. Манай ТВ 5-ын сэтгүүлч хамаг юм дууссан хойно ордны ханыг налж зогсож байгаад сүртэй нь аргагүй юм ярина, ихээхэн үнэмшил муутай. Зүй нь тийм л сайн сэтгүүлч байгаад тэгж л их стэнд ап хийх хэрэгтэй юм бол уг үйл явдлын гүнд нь орж биеэр мэдрээд энэ сэтгэгдлээ газар дээрээс нь дамжуулах ёстой. Урьдчилан бэлдээд цээжилчихсэн үг байхгүй л бол тэд чадахгүй л дээ.

UBS

Хэдийгээр мэдээллийн хөтөлбөрийнх нь агуулга гэж үеийн Үед авах юм байхгүй явж ирсэн ч гэлээ, дуу дүрс, тайз декраци эфирийн сахилга бат зэрэг техник талаасаа бол илүү мэргэжлийн түвшинд явж ирсэн. Харамсалтай нь энэ байдал одоо бас л үгүй болж байгаа бололтой. Cily News мэдээллийн хөтөлбөрийг сүүлийн нэг хёр сарын турш хичнээн ч хүн хөтлөснийг тоолж амжсангүй. Дамжааны хүүхдүүд дадлага хийгээд байгаа ч юм шиг. Эсвэл тэгж олон нэвтрүүлэгчтэй болчихсон юм уу гэхээр дамжуулж буй мэдээнээсээ хотын дарга Батбаяр хороогоор орлоо гэхээс өөр өгүүлбэр ойлгож байгаа хүн алга. Ямар сайндаа л МАХН гэдэг үгийн Н үсгийг бага зэрэг салгаж биччихсэн байсныг МАХ нь гэж уншицгааж байхав дээ. Мэргэжлийн аль ч aгентлагт тавигддаг нэг шалгуураар мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч өөр төрлийн нэвтрүүлэг хөтлөх, рекламд дуу оруулах зэргийг хатуу хориглодог, учир нь түүний дамжуулсан мэдээлэл үнэ цэнэтэй, үзэгчдэд итгэл төрүүлдэг байхын тулд. Дээхэн үед Ийгл телевизэд нэвтрүүлэгч байсан нэг залуу Гиллиганы арал гэдэг кинонд дуу оруулах болсон тул дуу хоолойгоо oгт танигдахгүйгээр өөрчлөн хошин өнгөөр ярьж сурч байв. Харамсалтай нь энэ дүрээсээ одоог хүртэл гарч чадаагүй бөгөөд ямар ч киноны хэний ч дүрийг энэ л стилээрээ дуу оруулахаар барахгүй мэдээ уншихдаа ч гиллиганддаг болсныг та орой бүр 25-р суваг телевизээр үзэж болно. Ийм л хатуу ертөнц. Харин UBS телевизийн цорын ганц эрэгтэй диктор нь мэдээгээ дамжуулж суутал дундуур нь өөрийнх нь дуу оруулсан баахан худал, үнэн реклам хөвөрнө, дараа нь нэг сайн дурын уран сайханчтай кофе уух уу, цай уух уу? гээд хуучлаад суучихна. Орой нь нэг газар очоод шоу хөтлөөд давхичихна. Эцэст нь энэ хүний хүнгэнэсэн сайхан хоолойгоороо дамжуулж байгаа улстөрийн мэдээллээс та асуудлыг ойлгож, итгэл үнэмшил төрөх үү? Шүүмжлэх амархан, ажил хийх хэцүү гэдэг. Гэхдээ хэн ч шүүмжлэхгүй болохоор хүн бүр өөрсөдтэй нь адил юу ч мэддэггүй гэж бодоод яваад байх дэмий. Энэ мэт наад захын алдаа гажуудал, сэтгэлгээний хоцрогдол хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамарсаар байгаа тул мэдээллийн ажиглагч үргэлжилсээр байх болно. Нэг их сүртэй асуудал биш мэт зарим уншигч үзэгчдэд санагдаж магадгүй ч бидний орой болгон үзэж сонсож байгаа зүйлс нь хөгжөөгүй үед бид яаж урагшлахав дээ гэж хэлмээр байна.

Н.Халгай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button