Палермогийн конвенц ба үндэсний хууль тогтоомж

Олон улсын бага хурлын нээлт өчигдөр Чингис зочид буудлын хурлын их танхимд болж гурав хоног үргэлжлэх юм. Тус хуралд НҮБ-ын, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Шведийн институт, олон улсын цагаачлалын байгууллагын төлөөлөгчид, манай улсын ХЗДХЯ, Дээд шүүх, цагдаа, хуулийн байгууллага, авилгатай тэмцэх газрын удирдлагууд оролцож байна. Эхний өдрийн хуралдаанд, мансууруулах бодис болон гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны бүс нутгийн хуулийн ахлах зөвлөх Мишел Бонни Палермогийн конвенц ба нэмэлт протоколуудын агуулга, үзэл баримтлал, ач холбогдол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Л.Зүмбэрэллхам Палермогийн конвенцийг Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлэх өнөөгийн байдал, цаашдын шаардлага гэсэн илтгэлүүд тавьж, бага хуралд оролцогсод асууж, харилцан санал солилцлоо. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох талаар Италийн Палермо хотод гарын үсэг цуглуулснаар эхэлж, олон улсын дэмжлэг хүлээн 2000 онд НҮБ-ын ерөнхий Ассамблейгээс батлагдсан Палермогийн тунхаг, түүний нэмэлт протоколууд нь даян дэлхийд аюулгүй байдал, шударга ёсыг тогтоох олон улсын хамтын ажиллагааны арга хэрэглүүр болж, даяаршлын сул нээлттэй орон зайг ашиглан, үндэстэн дамнуулан гэмт хэрэг үйлдэж байгааг таслан зогсооход чиглэсэн чухал баримт бичиг болжээ. Өнөөгийн байдлаар Палермогийн конвенцид 147 улс гарын үсэг зурж, 131 улс оролцогч тал болоод байгаа аж. Энэ тунхаглалд гурван нэмэлт протокол оруулсан.

-Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай

-Шилжин суурьшигчдыг газраар, далайгаар буюу агаараар хууль бусаар оруулахын эсрэг галт зэвсэг, бүрдэл хэсэг, эд анги, галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхийн эсрэг гэсэн гурван нэмэлттэйгээр Палермогийн конвенц гэж нэрлэгддэг байна. Энэ конвенцид Монгол Улс нэгдэн орохын ач холбогдлын талаар олон улсын энэ бага хурал түгээмэл мэдээлэл олгох зорилготой аж. Уг конвенцид нэгдэж орох асуудлыг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо үндсэнд нь дэмжиж байгаа юм байна. Харин уг конвенц, нэмэлт протоколуудын заалт нь манай улсын хууль тогтоомжуудад хэрхэн нийцэж байгаа, цаашид хэрхэн нийцүүлж болохыг нягталж үзэх шаардлагатай юм байна. Бага хурлын ажиллагаа үргэжилж байна.

Г.Жамьян

2007.03.27 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button