Тавантолгой уруу чиглэсэн ашиг сонирхлуудын дотор монголчуудын ч сонирхол маань бий

Хөрөнгө оруулалтын эрсдэлийн үзүүлэлтээрээ бараг дөчин байр ухарч ашигт малтмал экспортлодог орнуудын ард жагслаа. Түүний сайд байхдаа хийсэн нэгэн том ажил нь энэ. Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Полиметалл, Монголросцветмет нэгдлийн хооронд гэрээ байгуулсныг айлчлал өндөрлөмөгц хүчингүй болгосон явдал бүр ч нэрмээс болов. Оросын хэвлэлүүд зүгээр л монголчуудын хариуцлагагүйг дуудаад өнгөрснөөс биш уул уурхайн салбарынхан нь бараг тоогоо ч үгүй байх л даа. Гэхдээ л нэрэн дээр нэр, хочин дээр хоч болов. Коммерсант сонин Б.Жаргалсайхан сайдыг огцрохоос өмнөхөн энэ тухай бичихдээ, Ерөнхийлөгч Н.Энхбаяр Оросын талыг баримталдаг бол Засгийн газрын гишүүд эсрэг байр суурьтай байгаагаар тайлбарласан. Ялангуяа дээрх гэрээг бужигнуулахад гол нөлөөлсөн хүн нь шадар сайд М.Энхсайхан гээд,түүнийг Хятадын талыг түлхүү баримталдаг гэж тодорхойлсон байх юм. Харин Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханыг Канад, Австралийг баримтлагч хэмээн нэрлээд, Таван толгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар Оросын компаниудтай хийх хэлэлцээрийг Монголын талаас тэр толгойлно гэж бичихдээ, за даа, найдаад хэрэггүй биз дээ гэсэн аяс аялга цухалзуулжээ. За энэ ч яахав, өнгөрсөн зүйл гэж бодоод орхиё. Тэгтэл саяхан бас нэгэн дуулиан дэгдэв. Энэ нь Германы Der Spiegel сэтгүүлд Монгол Улсын төрийн томчуудыг оролцуулсан нэр бүхий зургаан улстөрч томоохон нүүрсний орд газруудыг олборлох эрхийг АНУ-д 250 сая ам.доллараар борлуулахыг хүсч байгаа гэж Монголын Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан мэдээлсэн гэсэн өгүүлэл хэвлэгдсэн явдал. Томоохон нүүрсний орд газрууд гэсэн томъёоллын цаана Таван толгойн орд яах аргагүй багтаж байгаа болов уу гэсэн хардлага бүх төвшинд үүслээ. Дэлхийд ховорт тооцогддог коксжих нүүрсний энэ аварга том орд дэлхийн томоохон олборлогчдын анхаарлын төвд нэгэнт орлоо. Мэдээж, энэ нь коксжих нүүрсний үнэ өндөр байгаатай яах аргагүй холбоотой. АНУ, Япон, Англи, ОХУ, Хятад, Австрали, Герман зэрэг орны үндэстэн дамнасан компаниуд Таван толгойг хамтран эзэмших сонирхлоо илэрхийлж, зураг төслөө боловсруулан Засгийн газарт өгөөд байгаа. Японы компаниуд зөвхөн уурхай, цахилгаан станц бариад зогсохгүй говийн бүс нутгийг хөгжүүлэх цогцолбор төсөл зохиосон байна. Оросын компаниуд төсөлд шаардагдах бүх хөрөнгийг гаргана гэж бярдсан байхад Америк ах нар шилмэл менежментийг санал болгож байна. Саяхан АНУ-д дээгүүрт ордог JPMor-gan банкны төлөөлөгчид ирж, Ерөнхийлөгчид бараалхан яг энэ асуудлыг хөндөж ярилцаад явна лээ. Нутаг уруу минь унагасан нүдээ авцгаа гэж Б.Лхагвасүрэн нэг шүлгэндээ бичсэн нь бий. Яг ингэж хашгирмаар санагдам олон нүд Монголын говь нутаг дээр тусчээ. Таван толгой уруу чиглэсэн энэ олон ашиг сонирхлуудын дотор нэгэн онцгой тал байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй санагдана. Энэ бол монголчууд бидний өөрсдийн маань ашиг сонирхол. Манай улсын нэр бүхий томоохон компаниуд нэгдэж Энержи ресурс хэмээх консорциум байгуулжээ. Ямар ч үнэ цэнгүй, хаягдмал байхад нь Таван толгойн нүүрсний орд газрын хайгуулын лицензийг авч, сүүлийн хэдэн жил эрэл хайгуул, нөөц нэмэгдүүлэх ажил хийж байгаа тус консорциум Засгийн газартай хувь хэмжээгээ тохиролцох хэлэлцээний ширээнд суухад бэлэн байгаа аж. Энэ консорциумд нэгдсэн Петровис, Шунхлай групп, Алтай холдинг, Хасвуу ХХК, Тэнгэрийн цаг ХХК зэрэг компаниуд манай улсын нийт мөнгөний дийлэнхийг дайчлах чадвартай гэж зарим хүмүүс ярьж буй. Магадгүй тэгээд ч Таван толгойн цогцолбор төслийг бүрэн санхүүжүүлэх чадавхийг бий болгож чадахгүй байж мэдэх юм. Учир нь энэ төсөл бол маш том төсөл. Одоогоор төсөөлөгдөж байгаа хэмжээгээр л гэхэд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай, 14 сая тоннын чадал бүхий баяжуулах үйлдвэр, 100 МВт-ын цахилгаан станц, Таван толгойг Мандалговь, ӨМӨЗО, Оюутолгой, Гашуун сухайттай холбосон 220-270 кВ-ын дамжуулах агаарын шугамууд, төмөр зам, доод зах нь 10000 хүн амтай хот босно. Үүнд багаар бодоход 2.0 тэрбум ам.доллар шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо бий. Магадгүй Монголын санхүүгийн зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгийг бүхэлд нь дайчилсан ч дийлэхээргүй тийм том санхүүжилт шаардагдаж ч болох юм. Тиймээс ашиг сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжиж мөнгө босгох хэрэгцээ ч тулгарч болзошгүй. Гагцхүү зонхилох удирдлагыг Монголын компанийн гарт хэвээр үлдээх юмуу, Төр өөрийн мэдэлд дийлэнх хувийг авч хоцрохын аль нэг хувилбараар шийдвэрлэх нь зөв бололтой. Монголын ашигт малтмалын ордуудын үнэ цэн нэмэгдэхийн хэрээр дэлхийн олон нийт бидний зүг харцаа хандуулж байна. Хэдийгээр гадаад нөхцөл байдал манай талд эерэг байгаа ч гэлээ бид алсын хараатай, бодолтой, ухаантай хөдлөхгүй бол сайн юм болохгүй. Орд газраа эзэмшиж байгаагийнхаа аагаар хөрөнгө оруулагчдыг аашилж загнаад байвал хэн ч Монголд хөрөнгө оруулахгүй коксжих нүүрсний үнэ хэчнээн өндөр байсан ч эрсдлээс тэд айх л болно.

Д.Энхболдбаатар

2007.03.27 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button