Монголын иргэний холбоо УИХ-ын сонгуулийг амлалтын бус болзлын сонгууль болгоно гэлээ

Иргэний холбооны салбарууддүүргүүдэд хэдийнэ байгуулагдан, эмч нарын, багш, хуульчдын гэх зэрэг мэргэжил сонирхлын бүлгүүд ажиллаж эхэлсэн гэнэ. Энэ бүх хүмүүсийг Монголдоо сайхан амьдарья гэсэн үзэл санаа нэгтгэж байна хэмээн тэрбээр өнцолсон. Иргэний хөдөлгөөнийхөн Монголын нийгмийн суурь харилцааг иргэдийн эрх ашиг давамгайлсан буюу иргэн төвтэй болгож өөрчлөх зорилготой байгаа гэдгийг тэрбээр дуулгасан. Харин үүнийг өнөөгийн улстөрийн намууд эсэргүүцээд байгаа аж. Тэрбээр энэ талаар,

-Нам бол нийгмийн цөм, нам бол төрийг манлайлагч гэсэн тогтолцоог бид социализмаас хулээн авсан. Энэ тогтолцоо одоо ч амь бөхтэй байсаар байна. Ардчиллын эхний жилүүдэд МАХН-ын үзэл санааны тулгуурууд нь нуран унаж, сонгуульд ялагдан, гишүүд нь дайжиж, бүх орон зай нь хоосорсон ч бүтэц нь арай нураагүй байх үед түүнийг шинэ залуучууд буюу өнөөгийн бүлэглэлүүд эзлэн авсан юм. Энэ намын хувцсыг мөнгөтэй хөдөлгөөнтэй хүмүүс олж өмсөөд өнөөдөр энэ намын мянга мянган гишүүдийг хууран бас хагас хахуульдан түүний бүтцээр дамжин төрд нэвтэрч, төрийг мөнгө олох хэрэгсэл болгон хувирган нийгэм төрийг бохирдуулаад байна. МАСЗХ бол ах нарынхаа замаар явах гэсэн боловч бүтэлгүйтсэн дараагийн шинэ залуучууд юм. АН энэ бүтцийг эвдэх талаар шийдвэртэй алхам хийж чадаагүй. Харин АН-ын удирдагчид энэ бүтцийг өөрсдөө эзлэн авах бүр ядарвал зөвшилцөн түүнээс нь хувь хүртэхээр уралдан тэмцэлдсэн МАХН-ынхны адил гэмт бүлэглэл болон хүвиоч байна гэж хэлж байсан. Тэгвэл энэ бүлэглэлүүдээс хэрхэн салж, нийгмийг эрүүлжүүлэх вэ гэсэн асуултад Иргэний холбооны ерөнхийлөгч Д.Энхбат,

-Монголын ардчиллын хамгийн том ололт бол ардчилсан сонгууль. Ард түмний дөрвөн жилд нэг удаа эрхээ эдэлдэг сонгууль дараа жил болох гэж байна. Өнгөрсөн жилүүдэд иргэд улстөрчидтэй хариуцлага тооцох, нийгмээ эрүүлжүүлэх талаар олон удаа тэмцэл хийж ирсэн билээ. Тэр бүр амжилтад хүрч байгаагүй ч олуулаа тэмцэж байж эрх ашгаа хамгаалах юм гэдгийг ард түмэнд ойлгуулсан. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, төрийн хүч, хуулийг өөрсдийн эрх ашигт тохируулан хэрэглэх аргыг эзэмшсэн бүлэглэлүүдтэй тэмцэхэд маш хэцүү. Гэхдээ иргэдэд ардчилсан сонгууль гэдэг хүчирхэг зэвсэг бий. Өнөөг хүртэл сонгуулийг тэд олон түмнийг хуурах, хахуульдах, луйвардах замаар төрд гарах өөрсдийн зэвсэг болгон ашиглаж ирсэн билээ. Харин одоо бид сонгуулийг тэдэнтэй хариуцлага тооцох, тэднийг бүрэн огцруулж Монголын төрийг цэвэрлэх зэвсгээ эзний ёсоор эзэмших хэрэгтэй болж байна. Бид сонгүүлийн хувьсгал хийж, өөрсдийн хүсч буй засаг төрөө байгуулан, дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил хөгжин дэвших зөв тулгуур сууриа тавих цаг ирээд байгаа юм.

-Танай холбоо улстөрийн намууд, иргэний хөдөлгөөнүүдээс ямар ялгаатай юм бэ?

-Манай иргэний холбоо бол иргэний улстөрийн байгууллага. Иргэний холбоонд олон намын гишүүд зэрэгцэн суугаад сонгуулийн хувьсгалыг хэрхэн хийх, төрөө хэрхэн цэвэрлэх, улстөр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг хэрхэн хийх талаар хамтран ярилцаж байна. Тэд намуудынхаа толгой дахь халаас нэгтэй бохир бүлэглэлүүдийн эсрэг санаа зорилго нэгтэйгээр иргэний байгууллага болон ажиллаж байна гэв. Монголын иргэний холбооныхон мэргэжилтэн, сэхээтнүүд, жирийн иргэд оролцсон өргөн хэлэлцүүлэг, судалгаанд үндэслэн Иргэний хөтөлбөр боловсруулан иргэдийн шаардаж буй өөрчлөлт шинэчлэлийн болзлуудыг зөвшөөрсөн улстөрчдийг сонгуульд дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Тэд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг амлалтын бус иргэдийн болзлын сонгууль болгохоор ажиллаж эхлээд байгаа аж.

Г.Бүрнээ

2007.03.27 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button