Хөх Монгол бүлгэм Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд санаа зовов

Үндсэн хуулийн цэц есөн хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Гэтэл одоо наймуулаа үүрэг гүйцэтгэж байгаа. Нэг гишүүн нь нас барсан ч одоо болтол нөхөн томилгоо хийгээгүй байгаа гэнэ. Уг нь нөхөн томилгоог даруйхан хийх ёстой ажээ. Мөн Үндсэн хуулийн цэц хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна хэмээн тэд үзэж байгаа аж. Иймээс тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Ц.Нямдорж, Улсын дээд шүүхийн дарга С.Батдэлгэр нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. Тэд 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улс, Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа бөгөөд ямар ч цаг үед хэн ч Монгол Улсын Үндсэн хуулийг гүнээ хүндэтгэж явах ёстой хэмээн мэдэгдлийнхээ түрүүнд дурьдав, Гэвч энэ нь төдийлөн биелэхгүй байгаа гэнэ. Хэрвээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн ямар нэг асуудал гарвал түүнийг нь Үндсэн хуулийн цэц хянан засч залруулан чандлан сахиулах учиртай. Энэ үүргээ ч хангалттай биелүүлж чадахгүй байна гэж тэд үзлээ. ҮНдсэн хуулийн цэцийг есөн гишүүний гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Монгол Улсын дээд шүүх санал болгож УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан дагуу хуульч мэргэжилтэй, өндөр ёс суртахуунтай гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл одоо хоёр нь өөр мэргэжлийн хүмүүс байгаа. Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат уул уурхайн инженер мэргэжилтэй, цэцийн гишүүн Н.Болдбаатар түүхч мэргэжилтэй гэнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүд нь Үндсэн хуулийг сахиулах үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн улстөрийн хүчин, амин хувийн элдэв сонирхлоор бус гагцхүү Үндсэн хуульд захирагдан ажил үүргээ явуулах ёстой байдаг. Гэвч тэд тэгж чадахгүй байгаа гэнэ. Тэдний үзэж байгаагаар өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэлдэхүүн Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг ноцтой зөрчин байгуулагдсан хэмээн тэд үзэжбайна. Мөн Ерөнхийлөгч, УИХ болон Улсын дээд шүүхийн дарга нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд өөр өөрсдийн зүгээс санал болгон оруулсан зарим нэр бүхий хүмүүсийнхээ үндсэн мэргэжил, улстөрийн байр суурь, ёс суртахууныг дахин нягтлан шалгаж, Үндсэн хууль зөрчиж оруулсан хүмүүсээ буцааж татан, Үндсэн хуулийн цэцийг шударга, өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн хуульч хүмүүсээр бүрдүүлж өгнө үү гэж тэд хүслээ. Хөх Монгол бүлгэм-ийн зүгээс тавьсан энэ саналыг нэн даруй авч хэлэлцэн шийдвэрлэж өгөхгүй бол Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй холбоотой баримтуудыг олон түмэнд ил гарган танилцуулж, тэмцлийн өөр хурц арга замыг сонгон авах болно хэмээн тэд анхаарууллаа. Мөн тэд Үндсэн хуулийн цэцийн хажууд хятадууд өрөө түрээслэн ажил хэргээ явуулж байгаад эрс дургүйцэж байгаагаа илэрхийлсэн юм. Ташрамд дурьдахад, саяхан хэсэг залуус нийслэлд байгаа солонгос хаягийг урж тасчин хаясан. Үүнийг Даяар монгол хөдөлгөөний залуус хийсэн бөгөөд Хөх Монгол бүлгэм-ийнхэнд огт хамаагүй гэнэ. Энэ нь гадаадынхан Монголын хуулийг зөрчсөний хариу бөгөөд Хөх Монгол бүлгэм үүнийг дэмжиж байгаагаа ч илэрхийлсэн билээ.
Ц.Мөнх
2007.03.27 Монголын мэдээ