Ганц худагт болж буй шүүх хурал хэрүүл, зодоонтой өрнөж байна

1800 гаруй хохирогч, 14,8 тэрбум төгрөгийн хохиролтой хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шүүх хурлын товыг Сүхбаатар дүүргийн шүүхээс гурав дахь удаагаа зарлав. Үүсгэн байгуулагч нь нэг хүн гэх Бүтээн байгуулалт хөгжлийн сан, Нэмэгдэх ундарга сан, Төгс эрдэнэ хадгаламж зээлийн хоршооны хэрэг Ганц худаг-ийн урьдчилан хорих төвд өчигдөр 09.00 цагаас эхлэх байлаа. 14 шүүгдэгчтэй эдгээр хоршоодын хэргийг шүүх анхан шатны шүүх хурал эхнээсээ л дуулиан дагуулж байгаа. Энэ удаа ч бас дуулиантайхан эхлэв.10.32 цагт шүүх хурлын танхимд 50 хүрэхгүй хүн цагдаа нарын хамгаалалтыг дайран орж ирлээ. Хэвлэл мэдээллийнхэн хурлын танхимд түрүүлж орсон болохоор дөрвөн хүний суудлыг боломжоороо хуваалцав. Гэвч нөгөөх л ууртай хохирогчдод чичлүүллээ. Та нар зогсч ажлаа хий. Балай, новшнууд. Тэр хохирогчдын өмгөөлөгчдийн хажууд очиж зогс гэснээ нэг сэтгүүлчийг бүр нудраад авах юм. Тэдний дараагийн уураа гаргасан хүмүүс нь хохирогчдын өмгөөлөгчид болов. Өмгөөлөгч нарыг Луйварчдаас авсан мөнгөө эргүүлж өг гэж хоолой нийлүүлэн хашхирсан хохирогчид тэднийг сандлаа өгч, газарт суухыг шаардлаа. Сүхбаатар дүүргийн шүүгч Ч. Хосбаяр шүүх хурлын дэгийг барихыг хүсэв. Гэвч хэний ч үгийг үл хайхрах хохирогчдын уур хорсол, хараалын үгс дунд шүүх хурал хүчээр эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ж.Цогтбаярын өмгөөлөгч н.Их-Тамир шүүх хуралд ирээгүйгтанилцуулсны дараа энэ тухай зөвлөлдөхөөр хурлын танхимаас гарав. Энэ үеэр хохирогчид дахин үймээн дэгдээж, шүүгдэгчдийн ар нуруу уруу жүүс цацаж, лааз, цаас шидлэв. Шүүх бүрэлдэхүүн Ж. Цогтбаярын хэргийг тусгаарлан авч үзэх шүүхийн тогтоол гаргаснаар шүүгдэгчийг хурлын танхимаас гаргав. Шүүх бүрэлдэхүүн хэвлэл мэдээллийнхнийг хурлын танхимыг орхихыг хүсэв. Харин энэ шийдвэрийг сонссон хохирогчид шүүх хурлыг хаалттай явуулах бодлого баримталж байна хэмээн өмнөхөн л нүд үзүүрлэж байсан сэтгүүлчдийг хурлын танхимаас гаргахгүй гэж хашгиралдав. Хохирогчдын өмгөөлөгч Ч. Энхээ шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавив.

Өмгөөлөгч Ч.Энхээ

-Хохирогчдын хүсэлтийг шүүх хүлээж авахгүй байна. 1800 хохирогчийг багтаах хурлын танхим бэлдэх шаардлагатай байгаа. Гэтэл бүх хохирогч шүүх хуралд оролцох боломжгүй байна. Шүүх хурлын шийдвэр эргэлзээтэй гарна гэж бодож байгаа учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьж байна гэв. Мөн хохирогчдын өмгөөлөгч Болдбаатар шүүгдэгчдийн нууцлагдмал хөрөнгийг ил гаргах, хохирогчдын мөнгийгавахад батлан даалт болж байсан Тансаг өргөө компанийн захирлыг хэрэгт татах гэсэн хүсэлтүүдийг хэлэв. Шүүгчид өмгөөлөгчийн хүсэлтийг Ерөнхий шүүгчид танилцуулахаар дахин зөвлөлдөв. Шүүгчдийг зөвлөлдөх үеэр дахиад л үймээн дэгдэв. Хохирогчид уруу нуруугаа харуулан суух шүүгдэгчдийн араас хохирогчид гарт тааралдсанаа шидлэв. Аргаа барсан хамгаалалтын цагдаа нар Б.Энхтөр, Б.Баттөр, н.Саруул нарыг цаашаа авч оров. Ерөнхий шүүгч Ч.Энхээ өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн байв. Харин Ч.Энхээ өмгөөлөгч

-УИХ хурал, Монгол банк хоёрыг хариуцагчаар татъя. Зээл авагсдын нэрсийг зарлаж, шүүх хуралд оролцуулмаар байна гэв. Шүүгч Ч. Хосбаяр Монголбанк-ны хэргийг тусад нь шалгаж байгааг хэлэв. Гэвч энэ үеэр хурлын танхимд хэн нэг нь ухаан алдаж унав бололтой дахиад л шуугиан үүсэв. Шүүгч нар энэ шуугиан дунд хурлыг удирдсаар байсан бөгөөд шүүгдэгч нарыг санал хэлэхийг хүсэв.

Шүүгдэгч Б.Баттөмөр

-Үйлдсэн гэмт хэргээ мэдэж байна. Хохирлоо төлчихөөд шүүх хурлаа эхлүүлмээр байна / хохирогчид зөв зөв хэмээн алга ташицгаалаа/. Бид хоригдсон цагаас хойш хэн нэгнийг минь батлан даалтад гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Бид ялаа авсан тохиолдолд хохирол барагдуулна гэж байхгүй шүү дээ. Хэрэв батлан даалтад гарвал хохирлоо барагдуулж чадна. Гэхдээ ганц хоёр жилийн хугацаа шаардах нь мэдээж юм. 38 тэрбум төгрөгийг цуглуулаад дөрвөн тэрбумыг нь хүү болгон буцаагаад өгч байсан.

Н.Саруул

Манай Нэмэгдэх ундарга сан хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл цагдаа нар хүчээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Манай хоршоо 39 хадгаламж эзэмшигчтэй. Тэдний 247 сая төгрөгийг буцааж өгөх боломжтой. Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршоотой холбоотой биш гэв. Мөн энэ хоршооны кассын нярав, нягтлан бодогч хоёр захирлаа баривчлагдсаныг Санхүүгийн зохицуулах хорооныхноос сонссон, захирлынхаа юу ярихыг сонсъё гэж ярилаа.

Шүүгдэгч Д.Пүрэвсүрэн

-Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршоог үүсэн байгуулагдсан цагаас нь хойш ажилласан. Миний ажил үүрэг гэвэл хадгаламж татах, тайлан гаргах байсан. Хоршооны мөнгө юунд зарцуулагдсаныг мэдэхгүй. 2006 оны дөрөвдүгээр дүгээр сарын сүүлчээр мөнгөний дутагдалд орсон. Захирлаас асуухад банкинд саатаж байгаа, хүмүүсээ тайван байлгаж бай гэсэн үүрэг өгч байсан. Хоршооны үйл ажиллагаа доголдоно гэж бодоогүй.

Шүүгдэгч Баярцэнгэл

-Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооны зээлийн эдийн засагчаар 2002 оноос ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Б.Баттөр захиралтай харилцдаг байсан. Б.Баттөр захирал мөнгө сул зогсохгүй, найдвартай гэж хэлдэг байсан. Миний гарын үсэгтэй долоон тэрбум төгрөгийн асуудал бол Б.Баттөмөр захирлын даалгавар байсан. Тэр өөрөө өөртөө гарын үсэг зурах болчихоод байна. Чи зурчих гэдэг байсан.

Шүүгдэгч Ууганбаяр

-Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршоонд маркетенгийн менежерээр ажиллаж байсан. Зарын дагуу энэ ажилд орж байсан. Гэхдээ Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцах завсраа энэ ажлыг хийж байсан гэв. Шүүгдэгчдээс хамгийн залуу нь 20 настай Баярсайхан байлаа. Тэрбээр мөн зарын дагуу ажилд орж, их сургуульд суралцахынхаа зэрэгцээ уг хоршооны зээлийн эдийн засагчийн туслахын ажлыг хийж байснаа ярилаа. Шүүгдэгчдийн нэг М. Солонго мөн л энэ хоршоонд зарын дагуу ажилд орсон байна. Энэ хоршоонд нэг cap ажиллаад хэрэгт холбогдсон бөгөөд хоршооны мөнгө хаана юунд зарцуулагдсаныг мэдэхгүйгээ хэллээ.

Шүүгдэгч Б.Батцэцэг

-Би үнэнээ л хэлье. Би Төгс эрдэнэ хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Өмнө нь Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооны санхүүгийн тайлан тооцоог гаргаж байсан. Та нарын итгэлийг би авсан шиг захирлууд ч миний итгэлийг авсан. Тиймдээ ч би өнөөдөр бас хохирогч болчихоод байна гэв. Ийнхүү шүүгдэгчдийн үгийг сонсох үеэр дахин шуугиан дэгдэв. Шүүгчид рүү хохирогчдын хэн нэг нь салаавч узүүлснээр хамгаалалтын цагдаа хохирогчдын дунд зодоон үүслээ. Энэ үйлдлийг хийсэн хохирогчийг шүүх хурлын танхимаас гарахыг шаардахад хохирогчид бүгд түүнийг өмөөрлөө. Бараг 20 гаруй минут үргэлжилсэн энэ зодооныг цагдаа нар бороохойн хүчээр зогсоов. Шүүх хурлын танхим дахь цөөн хэдэн сандал ч хэмхэрч хоцров. Уг нь шүүх хурал болж байгаа. Гэвч нэг уурласан хохирогчид хэсэгтээ л тайвширсангүй. Дараа нь улсын яллагч О.Энхтуул шүүгдэгчдээс асуулт асуув. Түүний Б.Энхтөр, Б. Баттөр хоёрын хэн нь хоршооны үйл ажиллагааг голлон хариуцаж байсан бэ гэсэн асуултад шүүгдэгч Д.Пүрэвсүрэн Б.Баттөр гэж ихэвчлэн хариулж байсан бөгөөд Б.Энхтөр захирал нь өдөр тутмын орлого, зарлагыг утсаар асууж, утсаар удирддаг байсан гэнэ. Энэ хоршооны кассанд өдөрт дундчаар 2-200 сая төгрөг тогтмол байдаг байсан аж. Харин захирлууд нь нягтлангаас авсан мөнгөө буцааж өгдөггүй байсан гэнэ. Мөн Б.Баттөрийн гарын үсэг зуруулж авсан долоон тэрбум төгрөг яаж зарцуулагдсаныг улсын яллагч Б.Баттөрөөс асуусан боловч тэрбээр уг мөнгөөр бизнес хийж байсан үүнийгээ тодорхой яримааргүй байна гэж хариулав. Улсын яллагч Б.Энхтөрөөс Мөнхбаатарыг улсын заан болгож өгөөч гэж 80 мянган ам доллар Б.Бат-Эрдэнэ аваргад өгсөн, Хадгаламж банкны Ц.Чимэдцэрэнгээс хайгуулын лиценз есөн ширхгийг худалдаж авсан, УИХ-ын гишүүн Занданшатарт нэг сая төгрөг өгсөн эсэх зэргийг тодруулж өгөхийг хүссэн. Гэвч УИХ-ын гишүүдтэй холбоотой энэ асуудлууд мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй гэж Б.Энхтөр хариулсан. Мөн лицензийг Ц.Чимэдцэрэнгээс худалдаж аваагүйгээ хэлэв. Харин Ц. Чимэдцэрэнтэй хамт казино тоглож байснаа хүлээсэн. Шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.

Г.Мандуул

2007.03.27 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button