Ардчилсан намын ҮЗХ шинэ гишүүдээр цус сэлбэж байна

Ардчилсан нам ҮЗХ-ны гишүүдийнхээ гуравны нэгийг сэлгэх ротацын сонгуулиа үргэлжлүүлж байна. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчдийг хэд хэдэн үзүүлэлтээр шалгаруулж буй аж. Нэр дэвшигчид зөвхөн гишүүдийнхээ дэмжлэгийг авч 25 хувийн босго давсан байх төдийгүй хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй ажилласан байдал, орон нутагт хэрхэн ажилласан, татвараа цаг хугацаанд нь төлсөн эсэх, хандивын байдал зэрэг таван төрлийн үзүүлэлтээр хоорондоо өрсөлдөж байгаа ажээ. Эмэгтэйчүүд ҮЗХ-ны гишүудийн 30 хувийг бүрдүүлэх журамтай тул тэдэнд тусгай квот тогтоож өгчээ. Гэхдээ эмэгтэйчүүд үүгээр хязгаарлагдахгүй ерөнхий суудалд ч эрчүүдтэй өрсөлдөх эрхтэй юм байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт сонгууль түр хойшилсон гэнэ.

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь ҮЗХ-нд олны танил бус шинэ гишүүн олноор орж ирж цус сэлбэж байгаа явдал гэж Ардчилсан намын аппаратын ажилтнууд ярьж байв. Зарим аймаг, нийслэлийн дүүрэгт хэн хэн ялалт байгуулсан талаар өмнөх дугаарт мэдээлсэн.

Тэгвэл өчигдрийн байдлаар Завхан аймгаас аймгийн Ардчилсан намын дарга Б.Шинэбаатар, Монгол шуудан банкны дэд захирал З.Нарантуяа, мэн Б.Түмэнжаргал, Д.Батсайхан нар, Өвөрхангай аймгаас Монгол шуудан банкны ажилтан А.Доржпалам, Мэдээлэл, технологи, харилцаа холбооны газрын Бодлого зохицуулалтын газрын дарга А.Мөнхбат, УИХ-ын гишүун Х.Баттулгын туслах Ц.Баярмаа, аймгийн Ардчилдсан намын гишүүн Б.Нарантуяа нар ҮЗХ-ны гишүүнээр сонгогджээ. Дундговь аймагт УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн ялалт байгуулсан байна. Мөн Гүйцэтгэх зөвлөлд аймаг, нийслэлийн дүүрэг бүрээс нэг гишүүн сонгох ажил болж Өвөрхангай аймагт УИХ-ын гишүүн З.Энхболд ялжээ. Сонгуулиудын эцсийн дүн энэ сарын 31-нд гарах юм байна.

Ардын эрх сонин 60 /592/

Д. Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button