Хүсээгүй хүүхдийг хөнөөсөөр байна

Сонгино хайрхан дүүрэгт орших эмэгтэйчүүдийн нэгэн хувийн эмнэлэгт есөн цагийн үед эмчийн өрөөний үүдэнд дараалал хүлээн зогсох таваас зургаан хүн байна.

Тэдний гурав нь үр хөндүүлэхээр иржээ. Хамгийн эхэнд зогсох 30 гаруй насны эмэгтэй бодолд автан дуугүйхэн шал ширтэнэ. Үе үе уртаар санаа алдах энэ хүүхнийг Д гэдэг. Нэг ой гурван сартайгаас 15 насны зургаан хүүхэдтэй. Сүүлийн бага хүүхэд нь хөхнөөсөө гараагүй байхад дахин жирэмсэлжээ. Тэрээр Жирэмсэлтээс хамгаалах аргуудыг сайн мэддэггүй гэлээ.

Түүний дараа зогсоод хээв нэг ийш тийш харан бохь зажлан тас тас хийлгэх Г бүсгүйд ерөндөг болон жирэмсэлтээс хамгаалах эм тариа таардаггүй. Бэлгэвч хэрэглэхгүй гээд нөхөр нь уурлаад байдаг гэв. Тэрээр нэг хүүхэдтэй бөгөөд хоёр дахь удаагаа үр хөндүүлж байгаа юм байна.

Мөн найз залуугийнхаа гараас зуурч яанаа, би айгаад байна гэж уйлагнан шивнэх Б охин оюутан аж. Найз залуу нь эхнэр хүүхдээсээ салж чадахгүй гэсэн учир анхны хүүхдээ авахуулахаар шийдсэн байна. Тус эмнэлэгт өдөрт нэгээс таван эмэгтэй үр хөндүүлэхээр ирдэг. Ихэвчлэн оюутан охид байдаг гэнэ . Их эмч Ц Өдөр бүхэн харилцан адилгүй. Зарим өдөр ганц ч хүн ирдэггүй гэж ярив.

Үр хөндөлтийг жирэмсний 12 долоо хоног хүртэлх хугацаанд умайн хүзүүг тэлж хусах, соруулах хоёр аргаар хийдэг.

Үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь жирэмслэхийг хүсээгүй, жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг буруу хэрэглэсэн, хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсноос болж үр-хөндүүлэхэд хүрдэг гэнэ. Жирэмслэлтээс хамгаалахад зориулалтын эм тариа, ерөндөг, бэлгэвчээс гадна умайн гуурсан хоолойг болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийг боох аргуудыг хэрэглэдэг.

Үр хөндөлт нь жирэмслэлтийг таслан зогсоох үйлдэл юм. Үүний цаана далд ертөнц-ийн амьдралын мөхөл, хүн болох гэж бүрэлдэж буй хүүхдийн алтан амь сүйдэж байгаа. Эмэгтэйчүүд хүсээгүй үедээ жирэмслэх, тухайн жирэмслэлт нь эмэгтэйн эрүүл мэнд, амь насанд аюултай байх, хүчиндүүлсэн үед, хамгаалах аргыг мэдэхгүй, мэддэг ч хэрэглэхийг хүсээгүй зэрэг олон шалтгааны улмаас үр хөндүүлдэг гэнэ. Эдгээр нөхцөл байдал нь хүсээгүй хүүхдээ хөнөөх арга ядсан шалтгаан болсоор л байна.

Ардын эрх сонин 60 /592/

Н.Отгонбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button