Том болохоороо эмээдээ цалин өгнөө

Иймд нас насны хүүхдүүдийн юу бодож мөрөөдөж явдаг тухай, бас хүний амьдралын юу нь таалагдаж юу нь таагүй санагддаг тухай ярилцахаар Амьдрал хүүхдийн нүдээр шинэ буланг нээж байна. Хурдхан том болох юмсан гэж яарч, амсхийх завгүй ажиллаж байдаг зургаан настай нэгэн хүүхдийн яриаг хүргэе. 22-р цэцэрлэгийн сурагч Д.Ганзоригийг багш нь ангийнхаа хамгийн яриа нь гэсэн юм.

-Миний дүү өөрийгөө танилцуулаач, хэдэн настай вэ?

-Таван нас өнгөрч байгаа. Намайг аав ээж танихгүй хүнтэй ярьж болдоггүй юм гэсэн.

-Би аав ээжээс чинь зөвшөөрөл авчихсан байгаа санаа зоволтгүй.

-Өө тэгвэл ярьж болох юм байна л даа.

-Цэцэрлэгт явах гоё байна уу?

-Би энэ цэцэрлэгт ороод удаагүй байгаа. Манайх нүүгээд би бас цэцэрлэгээсээ нүүсэн. Харин энэ цэцэрлэгийн том багш намаыг аягандаа хоол үлдээлээ, өөхийг нь гаргаж хаялаа гэж загнахгүй гоё байгаа. Бас би зураг зурсан. Энэ миний дүү байхгүй юу. Одоо аавыгаа зурж байгаа юм. /зургаа үзүүлэв/

-Өө хөөрхөн дүүтэй юм байна шүү дээ. Зурган дээр ээж нь байхгүй юм уу?

-Үгүй. Ээж ажлаа тараагүй байгаа болохоор дүү бид хоёрыг аав авч байгаа юм. Аав дуртай цагтаа л ажилдаа явдаг. Аав өөрөө мөнгөтэй юм чинь ажил хийхгүй байгаа байх. Харин ээж ажлаа хийхгүй бол цалин өгдөггүй гэсэн. Ээж цалингаа авч байгаад надад гоё юм авч өгнө.

-Энэ бүгдийг чи яаж мэдсэн юм бэ. Ингэхэд чамд зөндөө мөнгө өгвөл юу хийх вэ?

-Гоё л тоглоом авна. Аягүй бол ээж авчихна даа. Хүүхэд өөрөө юм авч болдоггүй гэсэн. Надад хэрэгтэй юмыг ээж авч өгдөг.

-Яг одоо чамд хэрэгтэй зүйл юу байгаа вэ, ээждээ захисан уу?

-Надад дэвтэр хэрэгтэй байгаа. Ээж ирэхдээ авчирна гэсэн. Бас маамууд бал хэрэгтэй байгаа. Миний харандааг булаалдаад байх юм.

-Чи ямар тоглоомонд дуртай вэ?

-Машинаар тоглох дуртай. Бас надад бөмбөг, мэлхий байгаа. Би мэлхийгээ машинд ачаад усанд оруулаад, бас дүүтэйгээ бөмбөгөөр гоол хийж тоглодог. Харин манай дүү бөмбөгийг авч чадахгүй тэргэн дээрээ орилоод л байдаг. Танаас нэг юм гуйж болох уу?

-Тэг тэг. Биелүүлж чадах юм болов уу даа.

-Унагалдайтай л тогломоор байх юм. Та хэлээд өгөөч. Аав ээж хоёр унагалдайг дуудаад өгөхгүй юм.

-Хэцүүхэн л гуйлт байна. Гэхдээ асуугаад өгье. Чи том болоод юу хийдэг хүн болох вэ?

-Цагдаа. Шууд буу гаргаж ирээд гараа өргө гээд л. Бас хулгайчуудыг хөөгөөд.

-Хулгайч гэж ямар хүнийг хэлдэг юм?

-Хүний юмыг хэлэхгүй авчихдаг хүнийг хэлдэг байхгүй юу. Манай эмээгийн дэлгүүрт хулгайч орсон гэсэн. Би ч хөөвөл барих л байсан даа. Бас эмээг дэлгүүртээ ганцаараа байж байтал нэг хүн архи аваад мөнгөө өгөлгүй зугатчихсан гэсэн. Би хурдан том болчихоод эмээгийн оронд дэлгүүрт нь сууж өгнө өө. Эмээ ядраад байгаа.

-Ядарч байгааг нь чи яаж мэдсэн юм бэ?

-Эмээ шат руу буухаар хөл нь өвдөөд байдаг юм. Намайг гэрт нь орохоор эмээ их баярладаг. Даанч Үржээ эгч сахилгагүйтлээ гээд загнаад байдаг. Ер нь би том болохоороо эмээдээ цалин өгнө өө.

-Чи ямар амьтанд дургүй вэ?

-Том Жерри.

-Яагаад?

-Дандаа хэрэлдэж зодолдож байх юм. Жерри дандаа Томыг уурлуулаад, Том нь Жерриг идэх гэж хөөгөөд. Аягүй бол намайг харвал бас идэх гээд дайрах байх даа.

-Тэгвэл чи Томоос айдаг байх нээ?

-Үгүй үгүй. Намайг идэх гэвэл би алаад өгөх юм чинь.

-Ийм муухай үг хэлж болохгүй шүү дээ.

-Кинон дээрх хүмүүс зөндөө хэлдэг юм.

-Кино их үздэг үү?

-Амралтын өдрөөр л үздэг. Бусад үед орой хүүхэд кино үзэхээр нүд нь өвдөнө гээд үзүүлдэггүй юм. Эгчээ, бензин шатахуун хоёр чинь өөр тиймээ.

-Нэг зүйл. Чи бензин гэж юу байдгийг мэдэх юм уу?

-Аавын машинд бензин хийхгүй бол явдаггүй гэсэн. Харин телевизээр машины шатахуун гэж яриад байсан. Вагон яаж явдаг юм бол?

-Нүүрс түлж л явдаг байх.

-Өө галаар явна гэж үү? Унтарчихвал яанаа. Гал түлдэг хүн нь дандаа шүдэнзтэй явдаг байх даа. Вагоны замаар машин явж болох уу?

-Үгүй. Машин засмал замаар, вагон төмөр замаар явдаг байхгүй юу. Ингэхэд чи дуу мэдэх үү?

-Маамуу нааш ир гэдэг дууг мэднэ. Бас манай багш шинэ жилээр шүлэг зааж өгсөн.

-Хип хоп дуу мэдэх үү?

-Юун хип хап. Ингээд үү? /Гараа өргөж савчаад/ Муухай ш дээ. Эгчээ би тогломоор байна. Баяртай.

(Өнөөдрийн монгол 59/480)

З.Өлзий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button