Европын холбоо 50 нас хүрлээ

Энэ түүхэн өдрөөс арван жилийн дараа тус тивийн гурван нийгэмлэг / Европын нүүрс, гангий нийгэмлэг, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Европын цөмийн эрчим хүчний нийгэмлэг/ нэгдэж Европын нийгэмлэгийг байгуулан улам өргөжсөн билээ. Дээр дурдсан орнуудын хооронд 1985 онд эд бараа, хил гааль, иргэдийн зорчих эрхийг чөлөөтэй болгох Шенгений гэрээнд гарын үсэг зурж ЕХ байгуулагдах суурь хүрээгээ тэлсээр байсан юм. Ийнхүү 1992 оны хоёрдугаар сарын 7-нд Голландын Маастрихт Европын холбоог байгуулах гэрээнд гарын үсэг зурж 1993 оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон билээ. Гэрээнд нэгдсэн валют, улстөрийн системийг тогтоосон юм. Европын холбоонд элсэхийн тулд Маастрихийн гэрээний хэд хэдэн заалтыг биелүүлсэн байх ёстой.

Тухайлбал Төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтрэхгүй байх. Гаднын өр ДНБ-ий 60 хувиас бага байх. Үнийн өсөлт жилд 2.5 хувиас хэтрэхгүй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Европын нэгдсэн валют еврог 1999 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэхээр заасан бөгөөд тус тивийн 12 орны 300 сая гаруй хүн нэг валюттай болсон баяраар эхэлж 2001 оны нэгдүгээр сарын 1-нийг оргилуун дарс, ёслолын буудлагатай угтсан цаг саяхан. Энэ бол манай гараг даяаршиж байгаагийн хамгийн том илрэл, нотолгоо байв. Хамгийн түрүүнд еврог Итали, Герман, Франц, Голланд, Австри, Ирланд, Грек, Испани, Люксембург, Португали, Бельги, Финланд улс хэрэглэн анхдагч болж байлаа. Европын холбоо өдгөө 27 гишүүн /Герман, Франц, Итали, Бельги, Голланд, Люксембург, Их Британи, Дани, Ирланд, Грек, Испани, Португал, Австри, Финланд, Швед, Унгар, Кипр, Латви, Литва, Мальт, Польш, Словак, Словени, Чех, Эстон, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс Болгар, Румын элссэн/ оронтой 490 сая хүн амтай, нэгдсэн валюттай, нэгдсэн төв банктай, нэгдсэн паспорт, уриа, сүлд дуулал, цэрэг цагдаа, арми, машины дугаартай болоод байна. Ийнхүү Европын Холбооны хүн ам 30 саяар, газар нутаг нь 300 мянган кв.метрээр нэмэгдлээ. Албан ёсны хэл нь 20 бус 23 болов. Нэгдсэн Европ 50 жилийн ойгоо баяр баясгалантай гэхээсээ илүү эдийн засгийн асуудалтай угтаж байна гэж ажиглагчид бичжээ.

Файнэншл таймс сэтгүүлийн судалгаанд хамрагдсан Британи, Франц, Герман, Итали, Испанийн 6772 иргэний 44 хувь нь Холбоонд элссэнээр амьдрал нь муудсан, 22 хувь нь тус холбооноос салан тусгаарласан нь дээр гэдгээ илэрхийлжээ. Европын холбооны дээд удирдлага Европарламент 786 гишүүнтэй. Гишүүд орон бүхэнд ногддог квотын дагуу таван жилийн хугацаатай сонгогддог. Европчуудын тал хувь нь валютын хувьсгал улс орных нь эдийн засагт ашиг тус хүргэхээсээ илүү хор хөнөөл учруулсан гэж үзэж байгаа тухай нийтлэлийг The Daily Telegraph сонинд бичжээ. Сүүлийн санал асуулгаар Франц, Итали, Герман зэрэг еврог маш идэвхтэй сольж гүйлгээнд оруулсан орнууд шинэ валютад тийм ч их сэтгэл хангалуун бус байгаа аж. Францчуудын 52 хувь нь еврод шилжсэн нь тийм ч сайн үйл явдал биш, грек, италичууд ч мөн ийм саналтай байгаа гэнэ. Харин ирландчууд еврог хамгийн их сайшааж байгаа аж. Европын холбоог хойшид өргөжүүлсээр байх уу гэсэн асуултад европчуудын 46 хувь нь дэмжиж, 42 хувь сөрөг байр суурьтай байна.

(Өнөөдрийн монгол 59/480)

Д.Баясгалан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button