Б. Сэргэлэн Дэлхийн бүх театрын тайзнаас өвөрмөц үнэр үнэртдэг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн хүүхэд насныхаа гэгээн мөрөөдөлд хөтлөгдөн балетийн урлагт хөл тавьжээ. Цав цагаан даашинзыг зүүдэндээ харж, түүнийг өмсөхийг хүснэ. Өлмий дээрээ бүжиглэн театрын тайзан дээр амьдарч байна гэж мөрөөднө. Энэ бол ганц Сэргэлэн охины мөрөөдөл байсангүй. Нас чацуу охидынх нь бас нэгэн хүсэл байжээ. 1981 он, охин мөрөөдлөө биелүүлэхээр ОХУ-ыг зорих болов. 12 настай жаахан охин аав, ээждээ үнсүүлээд хойд хөршийг зорихдоо хожим Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал болно гэж төсөөлөөгүй нь лавтай. Ингээд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б. Сэргэлэнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танай хамт олонд Олон улсын театрын өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа, юуны түрүүнд Ардын эрх сонины уншигчдад, монгол орны өнцөг булан бүрт суугаа театрынхандаа баярын мэндийг хүргэе. Мөн театрын урлагт авьяас билгээ зориулж явсан ахмад буурлууд, үзэгчиддээ ч Олон улсын театрын өдрийн мэндийг уламжилъя.

-Энэ өдрийг угтаад театрууд үүцээ задалж эхэллээ. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн жил тайзнаа босгосон жүжгүүдээ Гэгээн муза-д сойгоод завгүй байна. Танайх харин үзэгчдэдээ ямар уран бүтээлээр бэлэг барьж байна вэ?

-Олон улсын театрын өдөр гэдэг утгаар нь бид үзэгчиддээ Орос, Франц, Солонгос, Япон, Казахстан гэсэн таван орны уран бүтээлчдийг оролцуулсан бүтээлээр бэлэг барьж байна. Гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл 10 гаруй тоглолт хийхээр төлөвлөсен. Анхны салхийг нь Поэма бүжгэн жүжиг хагаллаа. Манай жүжигчид Солонгосын балетийн хамтлагтай хамтран дээрх жүжгийг тоглосон юм л даа. Анх удаа Францын сонгодог хөгжмийн өдрийг тэмдэглэн хайр дурлалын билиг тэмдэг Цэнхэр нүдэн бүсгүй бүжгэн жүжгийг сонирхууллаа.

Ж.Биэегийн Кармен-дуурь ч энэ өдөр эгшиглэсэн. Дуурийг Францын сонгодог хөгжмийн удирдаач Роберт Рессикауд удирдсан. Мөн Франсын сонгодог хөгжмийн концерт ч тоглогдсон. Үзэгчид маш халуунаар угтан авсан шүү. Одоо Ньюанс хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо хийх гээд театр маань UB палас руу тэр чигээрээ нүүж байна. /инээв/.

-Тэгвэл тун удахгүй 60 нас хүрэх найрал дууны ойгоороо танайхан бут авах юм байна даа?

-Найрал дууныхаа 60 жилийн ойг нижгэр тэмдэглэнэ ээ. Яагаад гэвэл дуурийн урлагийн хөгжлийн түүхийг ярих бүрт найрал дууны ангийнхныг дурсах учиртай болдог. Сонгодог урлагаас төрсөн алдартай дуучин бүр найрал дууны ангиар дамжин эрийн цээнд хүрдэг. Найрал дууны анги бол дуучныг гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэдэг тийм л анги. Ойдоо зориулан дуун цэнгүүн хийнэ.

-Ер нь танай театраас үе дамжсан уран бүтээлчид төрөөд байх шиг. Тун удахгүй Урлагийн гавьяат зүтгэлтэн М. Туулайхүүгийн Гэрэлцэцэг бие даасан тоглолт хийнэ гэж сонсогдсон?

-Тийм ээ, ирэх сарын 1-нд Ф.Шопений Шопениана бүжгэн жүжиг тоглогдоно. Хөгжмийг нь төгөлдөр хуурч Т.Гэрэлцэцэг тоглох юм л даа. Аав Н.Туулайхүү нь тоглолтыг удирдана. Гэрэлцэцэгийн нөхөр дээрх бүжгэн жүжгийн ханхүүд тоглоно. Түүнтэй хамт 20 тэнгэрийн дагина бүжиглэнэ. Сэтгэл хөдөлмөөр байгаа биз. Уран бүтээлчдийн маань ажил орой ид буцалж, зав зай муутай байдаг болохоор хүүхдүүд нь театрт өсдөг. Энэ нь тэднийг театрт элэгтэй хайртай болгож хүмүүжүүлдэг байх л даа.

-Нэгэнт Сэргэлэн гэж хүнтэй уулзсан болохоор яриагаа тань руу чиглүүлье гэж бодлоо. Таныг чухам юу хатгаад балетчин болсон юм бэ гэдгээс эхлэх үү. Энэ тухай асуухгүй өнгөрвөл уншигчид маань маш их зэмлэх байх?

-Хүүхэд ахуйд охид бүр балетчин болохыг мөрөөддөг байв. Балетчин хүний бүх юм нь гоё. Дээшээ тэмүүлсэн их оргилуун санагддаг байж билээ. Ингээд 1981 онд ОХУ-ын Пермь хотын балетийн академид суралцахаар мордсон. Гэвч амаргүй байлаа. Дурлаж, мөрөөдөж орсон сургууль маань үнэн чанартаа маш хэцүү, хүч чадал, зориг тэвчээрийг шаардсан. Тэр үед би 12 настай л байсан юм шүү дээ.

-Хөөх тийм жаахнаасаа суралцдаг юм уу. Би бодохдоо 17, 18 нас хүрч л академид сурдаг болов уу гэж боддог байлаа?

-Тийм биш л дээ. Багаасаа суралцдаг юм. Тэнд очоод жинхэнэ орос хүмүүжлээр хүмүүжсэн. Франц, Италийн гоо зүйн мэдлэгийг ч энэ академиас л олж мэдсэн.

-Танд шантрах үе байв уу?

-Үгүй дээ, сонгодог урлаг хүнийг шантарч болохгүй гэдгийг анхны хичээлээсээ эхлээд тархинд суулгаж өгдөг юм билээ.

-Театрын ам бүлд тэгээд хэдий үед багтав?

-Сургуулиа 1989 оны хавар төгссөнөөр теат¬рын халуун ам бүлд багтсан. Охид, хөвгүүд нийлсэн 16 хүн театрт бүл нэмж байлаа. Манай ангийнхан их чадалтай залуус байсан даа. Одоо ихэнхи нь гадаадад амьдарч буй. Зарим нь бүр бүжгэн жүжгийн cypгууль байгуулчихсан явж байх жишээтэй.

-Шижигнэсэн залуучууд театрт ирүүтээ бүжгэн жүжгийн гол дүрийг л бүтээгээд байна биз?

-Үгүй дээ, шинэхэн төгсч ирсэн залууст гол дүрийг мөрөөдөхийн ч хэрэггүй байлаа. Театрын балетын анги гэхэд л 70 хүнтэй. Балетчин болох гэж ядаж буй бидний дэргэд томчууд ид оргилж байхад яаж гол дүр олдох юм. Харин шинээр орсон балетчин бүр Д. Нацагдоржийн Учиртай гурван толгой бүжгэн жүжгийн туслах дүрд тоглодог байж билээ. Тэр зарчмаар л бага багаар ахисан. Театрынхны ажил хүний нүдэнд ил болохоор мэрийлттэй, дэвшилттэй нь аандаа ялгарч гол дүрийг бүтээх болсон.

-Би андуураагүй бол та Гоо марал шагналын эзэн болж байсан санагдана. Ямар бүтээлээр энэ шагналыг хүртэж байсан билээ?

-Ж.Бизегийн алдарт Кармен бүжгэн жүжгийн Кармений дүрийг бүтээж Гoo марал-ын эзэн болсон юм. 1999 он л доо. Энэ дүр маань бүжгэн жүжгийн сүүлчийн дүр болж мөнхөрсөн дөө.

-Энэ үеэс та авьяасаа, хүчээ өөр зүгт хандуулах болсон гэж хэлбэл буруудахгүй байх аа?

-Буруудахгүй, менежментийн чиглэлээр суралцах болсон юм. Дараа нь театрынхаа дарга болсон.

-Театрын дарга, балетчин байх хоёрын аль нь хамгийн хүнд юм. Миний бодлоор өөрийнхөө толгойг хариуцаад балетчин байх нь арай амар юм шиг ээ?

-Бүх л мэргэжил хариуцлагатай шүү дээ. Би хариуцлагыг дээгүүр тавьдаг. Аливаа ажлыг өөрийнхөө төвшинд нягт нямбай хийх л чухал.

-Та тэгвэл удам дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай юу?

-Yгүй дээ, гэр бүлийнхэн маань урлагийг хүндэтгэдэг байсан нь намайг урлагт хайртай болгосон.

-Охидоос тань авьяасыг өвлөх горьдлого байна уу?

-Хоёр охин маань минийхээс өөр мэргэжлийг сонгох байх аа. Гэхдээ хоёулаа төгөлдөр хуур тоглодог. Их сайн тоглодог шүү. Би нэг зүйлийг хэлмээр санагдчихлаа.

-Бололгүй яахав?

-Театр гайхамшигтай сүм. Хүнийг гэгээрүүлнэ, ариусгана, хайр дурлалыг ч бэлэглэнэ. Шагнал авсан уран бүтээлч бүхэн тайзан дээрээ ирж мөргөдөг. Тэгэхээр сүм байгаа биз дээ. Энэ ариун сүмийн тайзан дээрээс нэг л өвөрмөц үнэр үнэртдэг. Дэлхийн театрын тайз бүрээс тэрхүү өвөрмөц үнэр үнэртдэг гээд боддоо гайхамшгтай байгаа биз.

-Сонин юм, Улсын драмын эрдмийн театрын тайзнаас ч бас тэрхүү өвөрмөц үнэр үнэртэж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ энэ үнэрийг театрт ажилладаг, театрын тайзан дээр амьдардаг хүмүүс л мэдэрнэ.

-Дэлхийн театр гэснээс, алдартай театруудад зочилж байсан байх дэа?

-Оросын Большой театр буюу их театр, Францын Гранд Опера, Италын Милан хотын Ла скала, Венецийн Вердийн театрт очсон. Yнэхээр гайхамшигтэй театрууд шүү.

Ардын эрх сонин 60 /592/

Г. Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button