Э.Бүжмаа Эрчүүд амиа хорлохоор оролдох нь нэмэгдэж байна

Өөрийн эрхгүй баярлаад л. Юунд ч юм бүү мэд хөөрч догдлоод байх боллоо. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой болов уу гэнэ. Мөн хавар болоод ядраад уур уцаар хүрээд байна гэх ч нэгэн бий. Ингээд энэ удаа бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тасгийн сэтгэлзүйч Э.Бүжмаатай уулзлаа.

-Цаг агаарын өөрчлөлт хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлдөг. Тэр дундаа хаврын улирлыг нэлээд онцгойлж, энэ үед бие сэтгэлээ илүүтэй анхаарахыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг?

-Тийм шүү. Улирлын өөрчлөлт хүний сэтгэлзүйд маш ихээр нөлөөлдөг. Тэр дундаа энэ нь хаврын улиралд бүр илүүтэй илэрнэ. Өвөл болохоор хүмүүс нэг л тайван амгалан болдог л доо. Тэгээд цас хайлж, цэцэг ногоо дэлгэрэх мөчийг дагаад хүний сэтгэлзүй өөрийн эрхгүй догдолж, хөөрдөг байна. Жилийн хоёроос дөравдүгээр сард хүний сэтгэл тогтворгүй болох нь харьцангуй их гэсэн судалгаа ч бий. Цэцэг жимс дэлгэрч, шинэ цаг ирж байгааг дагаад хүний бие организмд өөрчлөлт гарна. Үүнийг дагаад сэтгэлзүйн хямрал үүсч, сэтгэцийн өвчлөлт хаврын улиралд нэмэгддэг нь үнэн. Хавар болохоор ажлын ачаалал, амралтаа зөв зохицуул гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг нь учиртай. Хүн ажил, амралтаа зохицуулаагүйн улмаас стресст орж улмаар сэтгэцийн өвчтэй болдог. Сэтгэцийн өвчин сэтгэлийн хямрал, айдас, түгшүүр, өнрийгөө хянах чадвараас үүсэлтэй. Мөн ядаргаа, нойргүйтэх нь энэ өвчний эх болдог. Тиймээс сэтгэлийн хямралаас урьдчилан сэргийлж, сэтгэл санаагаа аль болох хянаж, тайван байх хэрэгтэй. Сэтгэцийн өвчнийг хэн ч тусч болно. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, сэтгэлзүйн дасгалуудыг хийхийг зөвлөмөөр байна.

-Сэтгэцийн өвчин залуужаад байна гэх юм. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Сэтгэцийн өвчин харьцангуй залуужиж байгаа нь үнэн. Судалгаанаас харахад нийт өвчтөний зууны 40 хувь нь өсвөр насныхан гэсэн тоон дүн бий. Энэ аюултай үзүүлэлт шүү. Манай эмнэлэгт хандаж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь 18-26 насны залуучууд байна. Сэтгэцийн өвчин яагаад залуужаад байна вэ гэхээр тэдний амьдралын орчин, гэр бүлийн хүмүүжил, ажил мэргэжил, сурч боловсрох нөхцөл байдал гээд амьдралын хэв маяг нөлөөлдөг юм. Мөн хувь хүний зан төлөвийн онцлог нөлөөлдөг.

-Тэгвэл өсвөр насныханд ямар асуудал голчлон тулгараад байна?

-Хүний хамгийн эмзэг үе бол өсвөр нас. Энэ үед хүн аливаад маш мэдрэмтгий хандаж, ямарваа нэгэн асуудлыг хүндээр тусган авдаг. Залуус сэтгэлзүйн хямралд орох нь эцэг эхчүүдтэй маш их холбоотой. Манай ээж аавуудаас ажиглагддаг гол дутагдал бол хүүхдээ үнэлж, урамшуулах нь бага байдаг. Энэ нь хайр нь дотроо хал нь гаднаа гэсэн үгээс үүдэлтэй юм шиг байгаа юм. Хайр нь дотроо гэдэг хүүхдээсээ урмын үгийг харамлахын нэр биш. Манай эцэг эхчүүд Чи л муу сурч байна. Чамаас өөр хүүхэд байсан бол гэж загнаж, зандрах нь их байдаг. Энэ нь хүүхдэд сэтгэл гутралыг бий болгож, аажмаар сэтгэцийн өвчнийг үүсгэдэг. Сэтгэл гутрал бол манай нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг болоод байгаа. Өнөөдөр өсвөр үеийнхэн бэлгийн боловсролгүй байна гэж хэлж болохоор байна. Хүсээгүй жирэмслэлт нь охидод төдийгүй хөвгүүдэд сэтгэл хямралыг үүсгэх нь мэдээж. Мөн залуус хайр дурлалын асуудлаас болж, өвчлөх нь элбэг. Түүнчлэн амиа хорлох явдал ч гардаг. Энэ мэтийн асуудал нь сэтгэцийн өвчинд хүргэдэг гэдгийг манайхан ойлгодоггүй. Сэтгэцийн өвчин гэхээр л галзуу солиотой хүмүүсийн хэвтэж эмчлүүлдэг эмнэлэгээр төсөөлдөг. Ядаргаа, сэтгэлийн хямралаас болоод л сэтгэцийн хөнгөн хэлбэрийн өвчин явагдаад байгааг манайхан анзаардаггүй. Монголчууд өвчнөө хүндрүүлчихээд эмч, мэргэжилтнүүдэд ханддаг. Ер нь сэтгэлзүйн өвчнийг эм, тариагаар эмчилнэ гэж бараг үгүй. Сэтгэцийн өвчнийг анагаахад сэтгэлзүйн зөвлөгөө ямар чухлыг манайхан одооноос л ойлгож байгаа.

-Эрчүүд амиа хорлох нь нэмэгдэж байгаа гэлээ, Та. Үүнийгээ тодруулаач?

-Сүүлийн жилүүдэд амиа хорлох оролдлого хийсэн залуусын тоо эрс нэмэгдэж байгаа. Тэднийг ийм алхам хийхэд гэр бүлийн хүмүүжил хүргээд байна. Эр хүн ирээдүйд өрх гэрийн тэргүүн. Тиймээс сайн ажил хийж, мөнгө их олох ёстой гэдэг, эцэг эхчүүд. Мөн эрэгтэй хүүхэд л юм хойно ээж аавдаа тус дэм болж хичээлийнхээ хажуугаар ажил хий гэж шаарддаг байна. Уйгагүй хичээгээд хангалттай мөнгө олж чадахгүйгээсээ болоод залуус амиа хорлох оролдлогыг хийх болж. Тэдний толгойд мөнгө л эргэлддэг болсон байна.

-Сэтгэлийн гутрал хямралаас болж сэтгэцийн өвчин үүсдэг байна. Гэтэл сэтгэцийн өвчин удамших тохиолдол бас байдаг?

-Сэтгэцийн өвчин удамшлын болон олдмол гэж хоёр төрөл байдаг. Олдмол өвчлөлт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ удамшлын асуудал ч эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Эцэг эхийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байсан бол тэр нь хожмоо үр хүүхдэд нь илэрдэг. Хүний ген хүчтэй шүү дээ. Удамшлын өвчин нь хүүхдийн харц, зан төлвөөс мэдэгддэг. Сэтгэцийн эмгэгтэй ээж ааваас оюуны хомсдолтой хүүхэд төрдөг. Ийм өвчтэй хүүхдийн толгой тархи нь байнга өвдөнө. Удамшлын өвчтэй хүн эрүүл болно гэж байдаггүй. Жирэмсэн эх эм тариа ихээр хэрэглэснээс ураг сэтгэцийн эмгэгтэй болдог. Мөн төрөх үедээ хүүхэд энэ өвчнийг олох тохиолдол байдаг. Ер нь сэтгэцийн эмгэг нь F1-F99 гэсэн оноштой. Хөнгөн хэлбэр нь эдгэрдэг бол хүнд өвчтэй хүн түр хугацаанд тайвширч, эрүүл мэт болдог.

-Сэтгэцийн өвчнүүд сэтгэлийн өөрчлөлтөөс болдог гэлээ. Тэгвэл хэт их мөрөөдөх нь сэтгэлзүйд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Хүн ирээдүйгээ гоё сайхнаар мөрөөдөх нь сэтгэлзүйн хамгийн зөв арга. Сайн сайхныг мөрөөдснөөр хүн өөртөө итгэлтэй болдог. Үүнийг дагаад хүний сэтгэлзүй амар амгалан болно. Тиймээс бид өвчтөнүүддээ сайхан зүйлийг мөрөөдөхийг зөвлөдөг. Сэтгэцийн өвчтөн нэмэгдэх үндэс нь гэр бүлийнхэн. Манайхан энэ өвчтэй хүн гээд л эмнэлэгт авчирдаг. Гэтэл юунаас болж, яагаад сэтгэлзүйд нь өөрчлөлт орсныг тэр бүр сонирхдоггүй.

(Өнөөдрийн монгол 59/480)

Б.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button