Эмнэлгээс татгалзаж байна гээд Сүхбаатарын талбайд үзүүлэх ёстой гэж үү Д.Туяа сайд аа

Эрүүл Монгол хүн хөтөлбөр Сүхбаатарын талбайгаас эхэлж, өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Улаанбаатар хотын иргэдийг өвчин эмгэгийнхээ учир шалтгааныг мэдэж, илаарших боломж олгов хэмээх гайхамшигтай сайхан мэдээ хэвлэлийн хуудаснаа гарав. Салбартайгаа өнөөдрийг хүртэл танилцаж амжаагүй байгаа Эрүүл мэндийн сайд Д.Туяагийн Эмнэлэг шүтсэн тогтолцооноос татгалзъя гэх шинэ санаа ч чимэглэл болж буй бололтой. Эм зүйчийн мэргэжилтэй хүн эрүүл мэндийн салбарыг ойлгож л таараа гэх шиг уулзалт ярилцлага хийж, Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллацаая хэмээн уриалах тэрээр яг үнэндээ салбар хариуцсан сайдын суудалд тэнцэхгүй гэдгээ удаа дараа харуулаад авлаа. Тэрээр танилцах уулзалтад цаг хугацаа алдаж байгаа шигээ юуны учир Сүхбаатарын талбайд Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг эхлүүлэхээр шийдсэн юм бол.

Хаврын хавсарга, ааш нь олдохгүй тэнгэрийн аяг аашийг олж ядаж буй Улаанбаатар хотын иргэд, цөөхөн тооны ахмад настангийн үйлийг нь үзэж яах гээ вэ. Хэдийдээ Монгол Улс ил задгай талбайд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, өвчтөнийг илааршуулдаг болсон юм бол. Тэтгэврийнхээ хэдийг урд хойноо хүргэж дийлэхгүй байгаа хөөрхий хэдэн хөгшчүүлийн эмчид үзүүлэх тухай догдолсон сэтгэлийг эрүүл мэндийн салбарынхан газар дээр нь гутаан доромжлоод орхих нь тэр. Нормын ажилчин өнөөдөр хийх ёстой ажлынхаа тоог гүйцээхийн тулд дутуу хагас оронцоглоод өнгөрдөг шиг энэ үзлэгийн үр дүн нь Эрүүл Монгол хүн гэдэгт Д.Туяа сайд та дэмий горьдоод юу хийнэ дээ. УИХ-ын танхимд хэлэх үггүй, хийх үйлдэлгүйгээр суудал бөглөж болох ч гүйцэтгэх засаглал таныг дэмий хүний дүрд тоглох эрхийг өгөх нь юу л бол. Учир нь өнөөдөр Монголд эрүүл хүн хэрэгтэй болохоос бус эрүүлжүүлж байна хэмээн жүжиг тоглодог найруулга муутай жүжигчилсэн үзүүлбэр огт хэрэггүй. Cap бүр төлдөг эрүүл мэндийн даатгалын төлбөрийнхөө үр дүнг ч үзэж амжаагүй яваа хүн өнөөдөр хангалтай олон. Тэд эрүүл мэндийн даатгалаа төлснийхөө төлөө Сүхбаатарын талбайд очиж тоос шороон дунд цээж нүцэглэн чагнуурдуулах ёстой гэж үү. Бас эмнэлэг гэдэг эрүүл тоос шороогүй орчинд үйлчилгээ үзүүлэх ёстой болохоос бус ил задгай талбайд бохь зажилж, хамраа шударсан нэгэнд үзүүлэх нь үнэхээр байж болох зүйл гэж үү.

Ил задгай талбайгаас хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ авч болохгүй шүү гэж захидаг Эрүүл мэндийн сайд яагаад салбараа гудамжинд гаргаж, үйлчлүүлэгч бидний эрх ашгийг уландаа гишгэсэн нь хачирхалтай санагдаад байна. Үүнийхээ оронд улсын эмнэлгүүдийг амралтын хоёр өдрийн турш үзлэг хийхээр болсон гэж зарлаад зориулалтынх нь байр сууцанд үзлэг шинжилгээ хийх нь илүү оновчтой хувилбар биш гэж үү. Бид Д.Туяа сайд таны хэлснээр Эмнэлэг шүтсэн тогтолцооноос татгалзъя гээд ил задгай, шороотой талбай руу эрүүл мэндийн дэвтрээ барьж алхмааргүй байна. Эрүүл мэндийн салбарын хувьд үүнээс илүү доромжлол гэж байхгүй баймаар Д.Туяа сайд аа!

(Ардын эрх 96/628)

Г.Намуун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button