Арав хоногийн ачлалт гар
Ta эсвэл таны аав ээж хамаатан садан чинь эмнэлэгт хэвтэхээр болжээ Өрхийн эмчдээ үзүүлээд дараа нь дүүргийн нэгдсэн эмнэлэгтээ 10 хоног хэвтэж эмчлүүлэх ёстой. Хэрвээ оочер дугаар нь гайгүй байвал. Тэгээд дараагийн шат болох мэргэжлийн нэгдсэн эмнэлэг буюу I, II, III эмнэлгийг зорих ёстой. Мэдээж хэрэг эмнэлэгт хэвтэх эрхийн бичиг буюу 36 дугаар /одоо 13 гэдэг болсон/ маягт авна, хэрвээ үнэхээр шаардлагатай хүнд өвчтэй бол. Гайгүй хөнгөхөн хүн бол эндээс гэр рүүгээ гарах ёстой. Хүндхэн эсвэл хүндэвтэр өвчтөн бол дараагийн шатны эмнэлэгт хэвтэх гэж бичиг баримт, шинжилгээгээ бүрдүүлээд /тэр ч бас их ажил болдог юм билээ/ мэргэжлийн гээд байгаа эмнэлэгт хэвтэх ёстой Ерөнхийдөө яг зөв зарчим байгаа биз. Энэ зуур таарах дараалал, хүнд суртал, танил талын арын хаалгыг үл дурдъя. Амь үнэнч гэдэгчлэн түмэн давааг туулсаар /тийм л байх ёстой юм байлгүй гэж тэвчээд/ эмнэлэгт хэвтлээ, ашгүй.
Нэг үеэ бодоход эмчилгээ үйлчилгээ ч сайжирч, сэтгэл санаа ч дээрдэж байнгуут эмнэлгээс гарах хугацаа болчихдог юм байна. Дараагийн өвчтөн хүлээж байна, та гарах ёстой гэнгүүт гаралгүй ч яахав. Эмч нар нь цөөн бас ачаалал ихтэй, ор хоног нь хүрэлцдэггүй байгаа нь тэртээ тэргүй мэдрэгдэж л байгаа юм чинь. Ингээд л эмнэлгээс гарч аль ч шатны эмнэлэгт 10-аас дээш хоног хэвтэж болдоггүй л юм байна гэсэн нэгэн теором-ыг цээжилж авав. Танил тал, өгөө аваа /энд авлига гэж хэлэхэд хэцүү намайг өнжин тоолон асарсан эмчид нэг вино, чихрийн цуглуулга л өгч байгаа юм чинь/ -ны аргаараа дахиад л нөгөө эмнэлэгтээ хэвтлээ. Өндийж босч чадахгүй хөрш залууг эхнэр хүүхэд нь аль байдаг аргаа баран сахин өнжин тойлно. Элэгний өвчнөөр шаналсаар удаж байгаа юм гэнэ ээ. Энэ эмнэлэгт хоер гурав дахь ч удаагаа хэвтэж байгаа юм байх. Төсөв мөнгө хүрэлцдэггүй болохоор өндөр үнэтэй тариаг нь ар гэрийнхэн нь гаднаас авчирч хийлгэх нь угаасаа манайд уламжлал болсон жишгийг дагасаар удсан гэнэ.
Өчигдөрхөн л 60 мянган төгрөгийн тариа хэрэгтэй гэхэд хүүхдүүд нь аваад ирэхэд тэрийг нь хийлгүйгээр эмнэлгээс нь гаргаад явуулчих юм. Хүүхдүүд нь гар дээрээ өргөөд л аваад гарна лээ. Яагаад ийм хүнд хүнийг гаргаад явуулчихав аа гэж асуухад Манайд хэд хэдэн удаа хэвтсэн юм аа. Угаасаа эмчилгээгүй Хэд хонуулаад эмчийн бичигтэй буцаагаад л аваад ирнэ. Угаасаа нэг хүнийг 10 хоног л хэвтүүлэх ёстой. Гэртээ хэд хоног хэвтээд эргээд л түргэнээр ирнэ биз гэх. Ингэж хэлэхдээ тэр эмч хүн л юм болохоор сэтгэл шимширч, нүүрээ буруулж байна билээ. Яагаад заавал 10 хоног байх ёстой гэж. Над шиг янгууч юмнуудыг арав битгий хэл тав хоног эмчилж гаргаад, тэр насгүй болсон амьтныг нааш цааш нь 10 хоногоор хоёр гурав зөөж байхаар 20, эсвэл 15 хоног эмчлээд л Sorry, бид чадах бүхнээ хийлээ.
Та гэртээ амар тайван байгаарай гэж хэлж болдоггүй юм бол оо? Үгүй дээ л өч төчнөөн төгрөгөөр авсан эмийг нь худлаа ч гэсэн судсанд нь тариад Танд бид бүх талаар тусаллаа шүү. Өөр арга алга гээд явуулчихсан бол хаа хаанаа арай л тайван баймаар. Дээр дурдсан эмгэнэмээр өрөвдмөөр явдал цөөхөн ч гэсэн харамсалтай байгаа биз. Эмч нарт ч өөр арга байгаагүй биз. Журман дээрээ нэг хүн 10 хоног л хэвтэх ёстой гэж заачихсан байгаа юм чинь. Гэхдээ яагаад нэг хүн нэг удаа аль нэг шатны эмнэлэгт 10 хоног л хэвтэх ёстой гэсэн журам байдаг юм бол оо? Хүнд ч бай, хөнгөн ч бай эвчтөн нэг эмнэлэгт илүү ч үгүй, дутуу ч үгүй 10 хоног л хэвтэх ёстой гэсэн журмыг хэн, ямар шалгуураар гаргасан юм бол оо?
(Ардын эрх 96/628)
А.Амар