Т.Самбалхүндэв, Р.Баярмаа нарыг шүүх хурал хойшлов

Арав гаруй тэрбум төгрөг луйвардаж, мянга гаруй хүн хохироосон томоохон ХЗХ-ны нэг Баян Өндөр сан хадгаламж зээлийн хоршооны захирал Т.Самбалхүндэв, менежер Р.Баярмаа нарын хэргийг шүүх хурал энэ сарын 14-ний даваа гарагт Баянгол дүүргийн шүүхэд болно гэсэн зар тарсан билээ. Өдрийн 12 цагаас болох байсан хуралд 11.30 цагаас эхлэн хүмүүс ирж, Төмөр замын цагдаагийн хэлтсийн байрны доод давхар хохирогчдоор дүүрсэн юм. Шүүхийн нарийн бичгийн дарга эмэгтэй, бухимдсан хохирогчдыг 12 цаг өнгөрөөж хурлын танхимд оруулсан боловч шүүх хурал эхлэлгүй 14 цаг өнгөрлөө. Хохирогчдыг бүртгэх нэрээр ийнхүү гурван цаг шахмын өмнө цуглуулсан шүүх хурал 14 цаг өнгөрөөж эхлэхэд хохирогчдын өмгөөлөгч Оюунбилэг, Сүглэгмаа, Нацагдорж нар ирэлгүй хохирогчдыг улам ч бухимдууллаа. Ирэх ирэхгүйдээ хүрч, хурлыг хойшлуулах уу, яахав гэдэгтээ тулаад байтал өнөөх гурван өмгөөлөгч уван цуван ирэв. Өмгөөлөгч гэх хүмүүсийн хариуцлагагүйгээс шүүх хурал тасалдах, хойшлох, хохирогчдын мөнгийг авчихаад ирэхгүй байх, дуртай цагтаа үзэгдэх явдал бол ердийн үзэгдэл болсон. Өмгөөллийн их мөнгө л бодохоос олон нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэхээ больсон өмгөөлөгч нэр зүүсэн хүмүүстэйгээ Монголын өмгөөлөгчдийн холбоо, удирдлагууд. тооцоо хийхээ больж, толгойг нь илдэг болсноос олны итгэлийг хамгийн их хөсөрдүүлдэг хүмүүс өмгөөлөгчид болсон гэдэгэй олон хүн санал нийлэх байх. Өмгөөлөгчид ирсний дараа шүүх хурал эхэлсэн юм. Шүүгдэгч Т.Самбалхүндэв, Р.Баярмаа нарыг орж ирэхэд хохирогчид Шүүгдэгчдийн сандал дээр битгий суулга, зогсоож шүү гэж хашгиралдлаа. Баян Өндөр сан хоршооны захирал Т.Самбалхүндэв гэх тарган цагаан залуу, менежер Р.Баярмаа гэгч ганган хүүхний хамт шүүгдэгчдийн суудалд суун суутал нь хашгиралдаж, шүүгчдийн алхны цохилтоор арай чүү намжив. Шүүх хурлыг Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Оюунчимэг, Р.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүлээ. Прокуророос Т.Самбалхүндэв, Р.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148-ын 3-т заасан ял төлөвлөж ирүүлсэн байв. Хурал даргалагч Ц.Оч шүүгдэгчид болон хохирондын эрх үүргийг уншиж танилцуулаад шүүгдэгчдийн биеийн байцаалттай танилцсан юм. Шүүгдэгч Т.Самбалхүндэв нь 1964 онд төрсөн, 43 настай, дээд боловсролтой, ам бүл дөрвүүл, 5-7 насны гурван хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Хэрэгт татагдах үедээ Баян-Өндөр сан хоршооны захирлын алба хашиж байсан. Урьд өмнө гэмт хэрэгт шийтгэгдэж байгаагүй юм байна. Шүүгдэгч Р.Баярмаа нь 1967 онд төрсөн, 40 настай, ээж, хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг аж. Энэ үед танхимд шуугиан дэгдэж Та хоёр нэг гэр бүлийнх шүү дээ. Хэдийдээ салчихаа вэ, муусайн луйварчид бас л заль зохиож байна гэж шуугилдлаа. Шүүгдэгч Р.Баярмаа нь 1999 онд шүүхээр арга хэмжээ авахуулж, 15000 төгрөгөөр торгуулж байжээ. 2003 онд шүүхээр шийтгэгдэн гурван жилийн ял сонссон гэхчлэн түрүү түрүүчийн гэмт хэргүүд нь сөхөгдөж байв. Энэ хоёрт холбоотой 49 хавтаст хэрэг сөхөгдөхөд хүртэл хохирогч Н.Отгонтогоо шүүх бүрэлдэхүүнд хандсан олон хүний гарын үсэгтэй бичгийгуншижтанилцууллаа. Энэ бичгийн үндэслэл нь шүүгдэгчдийн талд илт үйлчлэн хохирогчдыг басан доромжилдог, Баянгол дүүргийн шүүгч Ц.Очоор энэ хэргийг шийдүүлэхгүй гэсэн байв. Шүүгч Ц.Оч Баян Өндөр сан ХЗХ-ны удирдлага болох Т.Самбалхүндэв, Р.Баярмаа нартай нягт холбоотой ажилладаг, хөрөнгийг нь илт буруу, өндөр үнэлээд байхад огт анхаараагүй, нуугдмал хөрөнгийг нь илрүүлэхэд санаа тавиагүй, хэрэг шийдээгүй байхад эцсийн үр дүнг нь хэлж ярьж явсан, хохирогчдын санал зөвлөгөөг огт тоодоггүй хэрнээ сэжигтний өмгөөлөгчийн хүсэлтээр сул чөлөөтэй явуулж байсан зэрэг зургаан үндэслэлээр Ц.Очоор уг хэргийг Шүүгчид завсарлага авч Л.Оюунчимэг, Р.Алтантуяа нар зөвлөлдөөд Хувийн сонирхолтой гэдэг нь тогтоогдсонгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо гэсэн тогтоол уншихад хохирогчид нэлээд бухимдаж Монголын шүүх засаглал ч луйварчдад л үйлчилдэг болж дээ гэлцэж байв. Ийнхүү шүүх хурал үргэлжлэх гэтэл ирвэл зохих 14 гэрчээс дөнгөж хоёр нь ирсэн, гэрч Баянмөнх, Энхтүвшин, шинжээч Наранцэцэг нарыг заавал оролцуулах ёстой гэснээр шүүх бүрэлдэхүүн дахин завсарлага зарлаж зөвлөлдсөн юм. Хэсэг хугацаанд зөвлөлдсөний эцэст бүх гэрч нарт, мөн зарим шинжээч, үнэлгээчдэд зарлан дуудах явуулж, шүүх хурлыг тавдугаар сарын 23-нд хийхээр хойшлууллаа. Хохирогч 200 орчим хүн цугласан. Цагдаа нар гадаа хаалган дээр хорьчихоод нэг хэсгийг нь оруулаагүй. Шүүх хурлын бэлтгэл хангахад Баянгол дүүргийн шүүх огт анхаарал тавиагүй. Төмөр замын цагдаагийн хэлтсийн 200 орчим хүний багтаамжтай том танхимыг сонгож авсан нь сайшаалтай боловч хохирогчдын талаас илүү хувь нь зогсч байлаа. Тэр том танхимд ядаж л ганц микрофон ч байсангүй. Хүмүүсийн ярьж байгаа нь хохирогчдод огт дуулдсангүй. Улсын яллагч хүн уг нь Монгол төрийн өмнөөс тачигнаж байдаг биз дээ. Гэтэл яллагч Энхтуул нь юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй, нэг л арчаагүй. Хохирогчид түүнийг Чангахан яриач, тодхон хэлээч хэмээн байнга шаардаж байлаа. Шүүх хурал завсарласны дараа зарим хохирогчтой уулзаж санал бодлыг нь сонслоо.
Хохирогч Т,-Шүүхийн ажилтан 780 хохирогчид хэл зар дуулгасан гэж байна. Түүний оронд хуралд оролцвол зохих хүмүүсээ маш хянамгай цуглуулах хэрэгтэй байсан шүү дээ гэлээ.
Хохирогч Б,-Цагдаа, хуулийнхан Т.Самбалхүндэв, Р.Баярмаа нарт үнэхээр үйлчилж байгаа. Хорихоос гаргаж ирээд үнэлгээчид хэмээх хүмүүстэй, уулзуулж хувалдуулж, зарим обьектыг зургаа дахин томсгож үнэлүүлсэн байгаа. Дахин шударга хүмүүсээр үнэлгээ хийлгэе гэхээр энэ шүүгч хөдлөхгүй байгаа юм. Иймээс хохирогчид Ц.Оч шүүгчээр шүүлгэхгүй гэснийг нөгөө хоёр шүүгч нь болиулчихлаа шүү дээ. Энэ бүхнийг бид шүүх прокурорын удирдлагуудад олон удаа тавьсан. Прокурор Болд, Дамчаасүрэн нар бол хохирогч бидний үгийг огт хэрэгсэхгүй шүү дээ. Монголын цагдаа, шүүх, прокурор гэдэг чинь ийм болчихоод байна гэсэн юм.
Хохирогч М,-Энэ хоршооны удирдлагууд цагдаа, хуулийнхантай хуйвалдаж хэдэн объектоо өндөр үнэлүүлж, өч төчнөөн тэрбум тоо гаргачихаад л сууж байгаа. Эдний ихэнх хөрөнгө нуугдмал байдалд байгаа. Түүнийг илрүүлэхийн төлөө огт анхаарахгүй байна гэв.
Хохирогч Л,-Энэ хоршооны хохирогчдоос 1-3 сая төгрөг хадгалуулсан хүмүүс л энд байгаа. Том хохирогчид, цагдаа хуулийнхан бол мөнгөө ямар нэг аргаар авчихсан. Бидэнтэй хамт 110 сая төгрөгөөрөө шатсан нэг хүн яваад л байсан. Тэр үзэгдэхээ больсон. Бодвол их мөнгө өгөөд аргалчихсан байх. Энэ хүмүүсийн луйврын хамгийн ноцтой нь 2006 оны тавдугаар сарын 9-нд Баян Өндөр сан ХЗХ-ны орлого, зарлагыг түдгэлзүүлчихээд байхад Манай хоршоо хэвийн ажиллаж байгаа хэмээн залилж их хэмжээний орлого авсан явдал юм. Нэгөндөр настан эдэнд итгэн гадаадаас хүүхдүүдийнхээ явуулсан найман сая төгрөгийг хадгалуулж алдаад бие нь муудаж одоо эмнэлэгт хэвтэж байгаа гэлээ. Шүүх хурал хойшилсныг зарлахад хохирогчид Тэр муу хоёр луйварчинтай тооцоо бодно хэмээн танхимаас гаргахгүй байлаа. Т.Самбалхүндэв, Р.Баярмаа нарыг цагдаа нар хамгаалан авч явлаа.
Г.Жамьян
2007.05.15 Монголын мэдээ