ХШ зуун Үндэсний паркт хээрийн боохой гэршиж, хэцийн бүргэд идээшжээ

Чингис хаан 1206 онд овог аймгуудаа нэгтгэчихээд орд өргөөнийхөө ариун голомтыг бадрааж, их ёсыг үйлдэж байсан түүхий энэ өдөр шинэ монголчууд давтан үзүүлсэн нь энэ байлаа. Женко Тур Бюро компани Чингис хааны хөшөөт цогцолбор, XIII зуун-Үндэсний парк, SPA зочид буудал, Гольфын цогцолбор гэсэн гурван төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Эдгээр төслийн хүрээнд цогцлоон босгож буй Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь XIII зуун-Үндэсний паркийн нээлтийн ёслолд хэвлэл мэдээллийнхэн болон гадаад дотоодын зочид гийчид оролцсон нь энэ. Хоёр жилийн өмнөөс барьж эхэлсэн морьт хөшөөний цогцолборын ажлын явц 40 хувьтай байгаа бөгөөд есөн давхар байшинтай тэнцэхүйц 40 метр өндөр уг хөшөөг тойруулан 800 гэр барихаар төлөвлөсөн байна. Эргэн тойронд нь өнгөрсөн жил түмэн мод тарихаар суулгасан нь өдгөө цэцэглэж эхэлжээ. Удахгүй энд Туул голоос татсан хиймэл нуур ч цэлэлзэх аж. Чингис хааны барьсан ташуур, сэлмийг алтаар бүрж, морь болон лагшинг нь алтаар хулдсан байлаа. Бид морьт хөшөөний цощолбороос шуудХШ зуун-Үндэсний паркийг зорилоо. Эхлээд бид малчдын отогт буудаллав. Мал нь хэдийнэ бэлчээрт гарсан тул отгийн гадаад байдлыг нь үзэж сонирхоод, гар худагнаас ус татаж амны цангаа тайлаад Номын өргөөг чиглэв. Отгууд хоорондоо саахалтын зайтай үдэлсэн байх юм билээ. Номын өргөөг ахалж буй хүн өөрийгөө даамал Ариунболд гэж танилцуулаад монголчуудын бичиг үсгийн соёл түүхийн талаар ярьж, хүмүүстэй чөлөөтэй санал бодлоо солилцож байлаа. Хэл шинжлэлийн дээд сургуулийн оюутнууд өргөөнд морилсон хүмүүсийн овог нэрийг уйгаржин монгол бичгээр муутуурхуу цаасан дээр бичиж өгч байлаа. Эдгээр оюутнууд гурав, дөрвөөрөө хоёроос гурав хоногийн хугацаатай энд ирж ажилладаг гэнэ. Гэхдээ тэд цалин хөлс авдаггүй, зүгээр л сонирхлоороо, бас сургуулийнхаа онцлогоос шалтгаалаад ирдэг гэж ярьсан. Номын өргөөний арын албаны ажилчид Ирээд хоер жил амьдарч байгаа, ер нь давгүй шүү, амьдарч болоод л байна гэцгээж байв. Өргөөний ард хээрийн боохойг үхэр тэрэгнээс гинжлэн уяжээ. Хээрийн амьтан ч хэдийнэ гэршиж, өөр шигээ өнгөтэй нохойтой ханьссан байх нь сонин. Улихаа, урахаа мартсан чоно тэрэгний ёроолд уйтгартай хэвтэх нь өрөвдмөөр ч юм шиг. Хэцийн хүрэн бүргэд ч энд торон дотроо эргэлдэн олны нүдийг хужирлаж байлаа. Дээр үед бидний өвөг дээдэс яг иймэрхүү л аж төрж байсан болов уу гэхээр сэтгэгдлийг төрүүлэх гэж отгууд их ч ажил хийсэн нь илт. Отог болгоны эдэлж хэрэглэж байгаа зүйл, эсгий гэр, модон ор, аяга шаазан, эдлэл хэрэглэл цөм хуучных. Энд гангар шаазан, төмөр халбага, дэрсэн шүүр юу ч харагдахгүй юм билээ. Зурагт, радионы тухайд бүр ч сураггүй. Номын өргөөтэй танилцсаны дараа тэдний саахалт Урчуудын отгоор орлоо. Ховд аймгаас ирээд хоёр жил болж байгаа гэх Пүрэв гуай энэ отгийн ахлагч гэсэн. Хонины шагай чөмгөөр хийсэн гаанс, урт үс, сахал, өмссөн дээл, зүс царай нь яг л эртний монгол. Тэрбээр 120 мянган төгрөгийн цалинтай, амьдарч болоод л байна. Одоохондоо бид урлалаа зарж борлуулахгүй байгаа, өөрсдийнхөө хэрэгцээний зүйлийг урлаж байна гэж ярив. Эдний отогт залуухан эхнэр, нөхөр хоёр хүүхэдтэйгээ эсгий гэрт амьдардаг юм билээ. Бас л сайн дураараа ирцгээсэн гэсэн. Бөөгийн отогт Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан 24 аймгийн онгон шүтээн, их төрийн хар, цагаан, алаг сүлдийг онголон тахижээ. Энд Даян дээрхийн бөө нар ханш нээх өдөр ирж, удган мод амилуулсан гэнэ. Иймхүү отгуудаар аялсныхаа дараа бид их эзэн хааны өргөөнөө ирэхэд нээлтийн ёслол болоход бэлэн болсон байлаа.

Чингис хаан сүмбэр өргөөнийхөө үүдийг нээж, шивэгчин бүсгүй сүүн цацал өргөж өргөө юуг нь мялаасны дараа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын жүжигчид уран бүтээлийнхээ дээжээс сонирхууллаа. 15 ханат их гэрийн үүднээ их найман хэнгэрэг нүргэлнэ. Хааны хасбуу тамгыг есөн морьтон баатар их хаанд авчирсан. Урлагийн тоглолт өндөрлөмөгц их эзэн хааны дурээр ирсэн УГЖ А.Дашпэлжээ зочид гийчдийг өргөөнд морилж, хааны зоог хүртэхийг хүссэн юм. Их гэрт 400 гаруй хүн өлхөн багтах юм билээ. Бидний аялал Их хааны отогт өндөрлөсөн юм. Юутай ч монголчууд бид бахархах юмтай, хийж бүтээсэн зүйлтэй ард түмэн гэдгээрээ гадна, дотныхонд сайрхахад энэхүү их цогцолбор чамгүй хувь нэмэр болох юм билээ.

Б.Оюунгэрэл

2007.05.15 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button