Зургаан хүүхэдтэй бол нэгдүгээр одон хүртэх гэнэ

-Алдарт эхийн одонгийн хязгаарыг бууруулах талаар таныг хууль санаачилж байгаа гэж сонслоо?

-Жил бүрийн зургадугаар сарын нэгний өдөр манай улс Эх үрсийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил дээрх баярын хүрээнд Алдарт эх одон хүртсэн эхчүүдийн төлөөллийг урьж, Төрийн ордонд Ерөнхийлөгчийн ивээл дор уулзалт зохион байгуулах бодолтой байгаа. Төрийн ордны Их танхимын зай багтаамжаас шалтгаалан 800 эхийг урьж, баярлуулъя гэж бодож байна. Үүнийг Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт ч итгэж байгаа.

Өнөөгийн мөрдөж буй хуулиар таван хүүхэд төрүүлж өсгөвөл Алдарт эх II зэргийн одон, наймаас дээш хүүхэдтэй бол I зэргийн одонгоор шагнадаг. Харин энэ хууль нь тухайн үедээ болж байсан ч өнөөгийн нөхцөлд амьдралаас тасархай хууль болж байгаа нь харагдаж байна. Иймд энэ шатлалыг бууруулж, дөрвөн хүүхэдтэй бол II зэргийн одон, зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй бол Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж урамшуулах нь зүйтэй гэж бодож байгаа. Өмнө мөрдөж байсан хатуу болзлыг наашлуулж өнөөгийн амьдралтай холбох хэрэгтэй байна. Ямар ч байсан энэ асуудлаа Ерөнхийлөгчид танилцуулж, харилцан ярилцаж байгаад хуулийн төслөө өргөн барья гэсэн бодолтой байгаа.

-Өнгөрсөн жилээс эхлэн таны санаачилсан хуулиар Алдарт эх-ийн одонтой эхчүүдэд зэргээс нь хамаарч тэтгэмж олгодог болсон. Шатлал бууруулснаар эдийн засагт хүндрэл гарахгүй юу?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 155 000 эх одонгийн тэтгэмж хүртэж байна гэсэн статистик судалгаа байдаг. Хоёрдугаар зэргийн одонтой бол жилд 50000 төгрөг, нэгдүгээр зэргийн одонтой бол 100000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. Гэхдээ тухайн үед олон хүүхэд төрүүлж өсгөн Алдарт эх одон хүртсэн эхчүүд өнөөдөр хөгширч байгаа. Өнөөдөр амьдралын боломжгүйгээс болж эхчүүд хүүхэд гаргах нь харьцангуй багасч байна. Манай улсын хүн ам жилд 0.2 пунктээр буурч байгаа гэсэн үзүүлэлт ч байдаг. Иймд хүн амаа өсгөх зорилгоор энэхүү шатлалыг бууруулах хэрэгтэй, төрөлт ч нэмэгдэнэ гэдэгт найдаж байна. Нөгөө талаар сүүлийн үед Алдарт эх одонтой эхчүүдийн тоо жилээс жилд цөөрч байгаа. Мөн манай улсын эдийн засаг сайжирч байгаа тул тэтгэмж хүртэхэд эдийн засгийн зүгээс бэрхшээл байхгүй.

-Найм болон түүнээс дээш бүр 20 хүүхэд төрүүлсэн эх ч байдаг. Гэвч эдгээр эхчүүд маань найман хүүхэд төрүүлсэн хүнтэй адил эрхтэй байдаг. Энэ талаар төрөөс арга хэмжээ авах болов уу?

-Өнөөгийн мөрдөж байгаа хуульд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд одонгоос өөр урамшуулал байдаггүй. Сүүлийн үед иргэний нийгмийн байгууллагууд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг дэмжиж, өргөмжлөл гардуулдаг болсон байна билээ. Ер нь бол төрөөс олон хүүхэдтэй эхчүүдийг анхаарах хэрэгтэй. Энэ бол хэдийгээр наанаа нэгэн өрх гэрийн амьдрал мэт боловч цаана нь Монгол Улсын хүн амаа өсгөх, улс үндэстний оршин тогтнох эрх ашиг явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Б.Сэлэнгэ

2007.05.15 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button