К.Сайраан С.Зориг агсны хэрэгт туслалцаа үзүүлэх асуудал үндсэндээ шийдэгдлээ

-Энэ удаагийн хурлаар ямар асуудал хэлэлцэв ээ?

-Олон улсын парламентын холбооны ээлжит 116 дугаар их хурал Индонезийн Бали аралд болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлаар Дэлхийн цаг агаарын дулаарал, түүнээс гарч буй сөрөг үр дагаврыг багасгах талаар авах арга хэмжээний талаар ярилцлаа. Түүнчлэн миний удирдаж буй Ойрхи Дорнодын холбооны хурал нэлээд шүүмжлэлтэй болж өнгөрсөн. Ойрхи Дорнодын орнуудын асуудал нэлээд хурц байгааг хуралдаанд оролцсон улс орны төлөөлөгчид шүүмжилж, санал бодлоо хэлсэн.

-Хүний эрхийн хороо нь хуралдав уу. Энэ хурлаар шийдэгдэх нэг асуудлыг бид олон жил хүлээж байгаа шүү дээ?

-ОУПХ-ны Хүний эрхийн хороо хурал болгоноороо УИХ-ын гишүүн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн явц байдлын талаар биднээс мэдээлэл шаарддаг. Энэ удаа ч гэсэн Д.Дондог гишүүн бид хоёр Хүний эрхийн хороонд тайлбар тавьсан. Одоогийн байдлаар Англи, Герман, Япон улс энэ хэргийг илрүүлэхэд манай талд туслалцаа үзүүлэхээ илэрхийлээд байгаа юм билээ. Гэвч манай Засгийн газрын албан ёсны хүсэлтийг хүлээж байсан. Харин энэ удаа Засгийн газраас албан ёсоор хүсэлтээ тавьсан учир дээрх улсуудаас туслалцаа үзүүлэх асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.

-Яг аль улс нь ямар туслалцаа үзүүлэх бол?

-Яг одоохондоо энэ улс гэж нэр зааж хэлэхэд эрт байна. Тухайн улсын парламент болон Засгийн газар нь энэ асуудлыг хэлэлцэж, ямар туслалцаа үзүүлэхээ шийднэ. Гэхдээ энд нэг зүйл хэлэхэд, шууд мөрдөн байцаалтын ажилтай танилцаж, оролцоно гэсэн ойлголт байхгүй. Энэ хэргийг илрүүлэхэд техник технологийн тусламж л үзүүлэх зорилготой юм. Ер нь олон улсын парламентын хүрээнд ингэж хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрсэн тохиолдол бий. ОУПХ яагаад энэ асуудлаас салахгүй байна вэ гэвэл манай улс парламентын засаглалыг сонгосон ардчилсан орон. Иймд энэ хэргийн эзэн олдох найдвартай улс гэж үзсэнээс ийнхүү хурал болгонд биднээс хэргийн явцын талаар сонирхож, шахалт үзүүлдэг. Хүний эрхийн хороотой хамтран ажиллахад илүүдэхгүй байгууллага. Ер нь ганцхан манай улс биш дэлхийн бусад улс оронд парламентын гишүүдийн эрх ихээхэн зөрчигддөг. Сая болсон хурлаар л гэхэд парламентын гишүүний эрх нь зөрчигдсөн 30 гаруй асуудал яригдаж байна билээ. Бирмд гэхэд парламентын гишүүн нь ор сураггүй алга болсон, Латин Америкийн зарим оронд парламентын гишүүн нь баривчлагдсан гэх мэт эрх нь зөрчигдсөн олон асуудлыг хэлэлцсэн.

-Ер нь энэ удаагийн хурлаар Монголын парламентыг дүгнэж ярилцав уу?

-Энэ удаагийн хурлаар тусгайлан ярьсангүй. Ер нь бусад улсын жишгээр парламентын болон Засгийн газрын өнөөгийн явц байдлын талаар мэдээлэл хийсэн.

Т.Баярмаа

2007.05.15 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button