С.Миронов Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих ёстой. Олон зууны түүхтэй найрамдлын хил нээлттэй байх нь зүйд нийцнэ
Тэр үеийн ЗХУ-ын Геологийн яамны томилолтоор БНМАУ-д ахлах геофизикчээр ажиллаж байсан юм байна. Нэг үгээр тэрбээр, хоёр өөр цаг үед, хоёр дахь удаагаа Монголд ийн ирсэн хэрэг. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.Миронов өчигдөр Төрийн ордноо УИХ-ын дарга Ц.Нямдоржтой уулзав. Энэ уулзалтад зөвхөн гэрэл зурагчдыг оруулсан. Тэр хооронд ёслолын ажилтнууд дараагийн арга хэмжээнд бэлтгэж, адаглаад л хоёр даргын зогсох цагаан олбогийг дэвсч харагдана билээ.
Оросын томоохон компаниуд Монголын уул уурхайд хөрөнгө оруулахад бэлэн байна
УИХ-ын дарга Ц.Нямдорж, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга дараа сэтгүүлчдэд цаг гаргасан. Харилцан итгэлцэл дээр тулгуурласан Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг, хөршийн харилцааг улам хөгжүүлэн урагшлуулахад ноён С.Мироновын энэхүү айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга тэмдэглэв. Монголд олон жил ажиллаж, амьдарч байсныхаа хувьд Монгол орон, Монголын ард түмэнд элэгсэг дотно ханддаг гэдгээ С.Миронов хэлээд айлчлал хийхээр ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэн, эдийн засгийн харилцаа сайжирч байгаа ч хил гааль, үнэ тариф, визийн зэрэг хамтын ажиллагаанд хүндрэл учруулж байгаа зарим нэгэн асуудал байгаа. Гэхдээ хоёр талаас хүчин чармайлт гаргаж, бие биеийнхээ тавьсан асуудалд хүндэтгэлтэй хандан, богино хугацаанд тэдгээрийг шийдэх боломж бүрэн байна гэдгийг тэд тэмдэглэсэн. Ц.Нямдорж, С.Миронов нар мөн эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, түүний эргэн тойронд болж байгаа зарим асуудлаар санал солилцсон аж. С.Миронов, Оросын томоохон компаниуд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгааг онцлоод, хоёр талд харилцан ашигтай байх, алс хэтийг харсан томоохон төсөл хөтөлбөрийг дэмжих, уул уурхайн салбарын хууль, эрх зүйн үндсийг боловсронгуй болгох явдал чухал байгааг хэлсэн.Тэрбээр цааш нь ярихдаа, Оросын төр засгийн өмнө итгэл хүлээсэн хувийн томоохон компаниуд нь Орос орны эрх ашиг сонирхлыг төлөөлж байдгийн хувьд тэдгээрийн үйл ажиллагаанд анхаарал тавин ажилладаг гэлээ. Олон улсын харилцааны тввшинд Монгол Улс, ОХУ нь бие биеэ дэмжин хамтран ажилласаар ирсэн бөгөөд Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын Парламентын Ассемблейд Монгол Улсыг ажиглагчаар оролцох боломжийн талаар парламентын дарга нар санал солилцжээ. Түүнчлэн хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоонд анхаарч, ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцсан байна. С.Миронов Монголын ард түмэнд амжилт бүтээл, хөгжил цэцэглэлтийг ерөөлөө. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.Мироновын албан ёсны айлчлалын төлөвлөгөөнд түүнийг Дундговь аймагт нэг өдөр ажиллана гэж бичсэн байв. Сэтгүүлчид түүнээс ямар учиртайг нь сонирхоход, Би Монголын говийг үзэхийг хүссэн гэж хариулав. Түүний энэхүү аялал нь албан ажилтай нь төдийлөн хамаагүй ажээ.
С.Миронов Монгол орныг төрөлх нутгаа гэж нэрлэв
УИХ-ын дарга Ц.Нямдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Мироновыгдараа нь Ерөнхий сайд М.Энхболд хүлээн авч уулзав. Ерөнхий сайд М.Энхболд, Та Монголд ажиллаж байсан, уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй, энэ салбарыг сайн мэддэг хүн. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн салбар ихээхэн анхаарал татаж байгаа. Бид энэ чиглэлээр хамтын ажиллагааны баялагтуршлагатай. Хамтран ажиллах боломж, ирээдүй ч бий. ОХУ-ын Ерөнхий сайд байсан, Росатом-ын ерөнхийлөгч С.Кириенко манай улсад айлчилж, хил залгаа бүс нутагт ураны орд газрыг хамтран ашиглаж, олборлох, Монголд атомын цахилгаан станц байгуулах санал тавьсан. Энэ чиглэлээр судалгааны ажлын хэсэг ажиллуулж байна. Бид улстөрийн хүрээний харилцан ойлголцол, таатай нөхцөл байдлыг эдийн засгийн бодитой, үр ашигтай харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд бүрэн дүүрэн ашиглах ёстой гэж хэлэв. С.Миронов хоёр улсын парламент хоорондын харилцаа сайн хөгжиж байгааг онцлоод Эрдэнэт үйлдвэрийн талаархи хэлэлцээрийг Монгол, Оросын парламентууд баталсан. Монголросцветмет-ийн хэлэлцээр удахгүй батлагдана гэж найдаж байна гэлээ. Тэрбээр, уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар ярихдаа ОХУ-ын Реново, Базовый элемент, Северсталь хэмээх гурван том компани хамтран консорциум байгуулсан. Тэд Тавантолгойн коксжих нүүрсний орд газарт хамтран ажиллах асуудлыг сонирхож байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Асгатын мөнгөний орд газарт ОХУ-ын Полиметалл комлани хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ хүчингүй болчихоод байгаа. Асуудлыг гэрээнд гарын үсэг зурах үеийн нөхцөл байдалд эргүүлэн оруулах талаар Монгол Улсын Засгийн газар анхаарал тавина гэдэгт итгэж байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсад буй ОХУ-ын өмчийн долоон орон сууцыг Монголын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа дуусах шатандаа ороод байгааг ноён С.Миронов энэ үеэр мэдэгдээд хоёр талаас зорчих иргэдийн тоо ихээхэн нэмэгдэж, цаашдаа ч өсөх хандлагатай байгаа тул харилцан визгүй зорчих асуудлыг шийдэх ёстой гэж бид үзэж байгаа. Олон зууны түүхтэй найрамдлын хил манай хоёр орны иргэдэд нээлттэй байх нь зүйд нийцнэ гэжтэмдэглэв. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов,
-Би Монгол орныг төрөлх нутгаа гэж үздэг. Энэ газар нутагт олон жил ажиллаж, Монголын хөдөлмөрч, зочломтгой ард түмэнд хайртай болсны хувьд ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагааг улам бодитой, үр ашигтай болгохын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийнэ гэлээ. Ерөнхий сайд М.Энхболд Монголын нутаг дэвсгэрт буй ОХУ-ын өмчийг Монголын талд шилжүүлэх талаар олон чухал алхмыг хийсэн. Шийдэгдэхгүй нэлээд удсан орон сууцнуудын асуудал нэг мөр болж байгаад бид талархаж байна. Монголросцветмет-ийн хэлэлцээрийг байгуулж, батлах асуудал удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Энэ чиглэлээр Засгийн газраас Сангийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан гээд
-Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах гэрээ хүчингүй болсон тухайд товч тайлбар хэлье. Дээрх гэрээнд гарын үсэг зурах тухай асуудал манай Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны хөтөлбөрт байгаагүй. Нөгөө талаар Төрийн оролцоотой аж ахуйн нэгж хамтын ажиллагааны аливаа гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийг авах ёстой журам зөрчигдсөн зэрэг шалтгаанаар гэрээг цуцалсан. Монголын төрийн өмчийг төлөөлж буй Монголросцветмет компани цаашид уг ордыг бусад улс орнуудтай хамтран ашиглах талаарх саналаа Засгийн газарт танилцуулах ёстой гэв. Уулзалтын үеэр Ерөнхий сайд М.Энхболд Ази, Европыг холбосон мэдээлэл харилцааны шилэн кабелийн шугамыг бид байгуулж байгаа. ОХУ-ын татвар нэлээд өндөр байгаа нь мэдээллийн технологийн ололтыг ашиглах, интернэт мэдээллийг өргөн ашиглах, хоёр талын мэдээллийн урсгалыг тогтмолжуулахад тодорхой бэрхшээл учруулж байгааг анхааралдаа авахыг хүсэв. Ноён С.Миронов Асгатын орд газрыг ашиглах асуудлыг хууль, журамд нийцүүлэх ёстой гэсэн таны саналыг бид хүндэтгэн үзэж байна. Шилэн кабелийн талаархи асуудлыг анхаарч, тодорхой арга хэмжээ авна гэв. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов тэндээсээ Зайсан толгой дахь дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, Бурхан багшийн цогцолборыг үзэж сонирхлоо. Үдээс хойш тэрбээр, ШУТИС-д зочилж, Орос-Монголын эдийн засгийн харилцаа, хэтийн төлөв сэдвээр үг хэлсэн. Тэгвэл орой нь, УИХ-ын дарга Ц.Нямдорж зочноо хүндэтгэн зоог барьжээ. Энэ үеэр урлагийн тоглолт болсон байна. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Мироновын манай улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр үргэлжилнэ. Энэ өдөр тэрбээр, Монгол телевизийн MM агентлагт ярилцлага өгөх бөгөөд Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхахаар төлөвлөжээ.
Э.Тэнгэр
2007.05.15 Монголын мэдээ