Хонгор сумыг нүүлгэж болзошгүй

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр мэргэжлийн хүмүүсийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллаад ирлээ. Энэ суманд хувиараа алт олборлож байсан иргэд цианитийн натри хэмээх химийн асар хортой бодис хэрэглэж, алт угааж байсан нь илэрч үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа. Харамсалтай нь эдгээр хүмүүс алт угааж байсан усаа хөрсөнд шууд асгаж байснаас Хонгор сумын хөрс, агаар, ус бохирдоод байна. Бохирын усаар дамжуулж асгаж байсан химийн хорт бодис нь газрын хөрсөнд нэвчээд тухайн сумын гүний гурван худгийн ус нь бохирдоод байна. Дээр нь айлууд уруу явдаг цэвэр усны шугам нь бас хордсон. Иймд цэвэр усны хоолойг солихоос өөр аргагүй байдалд ороод Засгийн газраас тусламж үзүүлэхийг хүсч байгаа юм. Шинээр Хараа голоос 3.3 км татаад иргэдийг усаар хангах хэрэгтэй болоод байна. Алт угаасан хөрсийг хоргүйжүүлж болдог юм байна. Харин усны асуудал нь жаахан хэцүү юм байна. Яагаад гэвэл, хөрсөнд нэвчсэн учраас бараг боломжгүй гэнэ. Энэ шугам хоолойг солиход 360 сая төгрөг шаардагдах юм.
-Энэ асуудалд тус сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нь холбогдоод байгаа. Та эдгээр хүмүүстэй уулзав уу?
-Энэ бол маш хариуцлагагүй явдал болсон. Хууль бусаар алт угааж байсан асуудлыг дээрх хоёр дарга хоёулаа мэдэж байсан байгаа юм. Гэвч өнөөдөр мэдэхгүй гэдэг. Гэхдээ бид эхний ээлжинд ундны усыг хоргүйжүүлэх асуудлыг ярьж, цэвэр усаар хангах хэрэгтэй байна. Үүний дараа мэдээж хариуцлагын асуудлыг гаргаж тавина.
-Цианатийн натриас болж өвдсөн хүн мал байна уу?
-Хордлогын шинж тэмдэгтэйгээр үхэр, нэг хонь үхсэн юм билээ. Энэ үеэс эхэлж л дээрх асуудал яригдаж эхэлсэн. Мөн одоогийн байдлаар хэдэн хүн хордлогын шинжтэй эмнэлэгт үзүүлж байгаа. Гэхдээ яг цианитын натриас болж хордсон гэдгийг хараахан тогтоогоогүй байна. Мэргэжлийн хүмүүсийн баг агаараас шинжилгээний дээж авсан. Хариу нь удахгүй гарна. Үүнэс шалтгаалж, хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа эсэхийг тогтооно.
-Хэрэв шинжилгээний хариу эрүүл мэндэд халтай гарвал яах вэ. Сумыг нүүлгэн шилжүүлэх үү?
-Сум шилжүүлж нүүлгэх тухай одоо ярихад эрт байна. 3000 гаруй хүн амтай, төвлөрсөн суурин. Үнэхээр агаарын бохирдол байгаад хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн бол нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болно. Харин агаар, хөрсний бохирдол нь хэвийн хэмжээнээс даваагүй байх юм бол хоргүйжүүлэх арга хэмжээг авч болно. Гэхдээ ундны усны асуудлыг төрөөс шийдэхээс өөр аргагүй болж байна.
Т.Болор
2007.05.15 Монголын мэдээ