Зуучлах товчоо төрийн өмчийн хороог шүүхэд өгчээ
Учир нь энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын 36 дугаар тогтоолыг ТӨХ, НХХЯ зөрчиж 100 хувь төрийн өмчит Гадаадад ажиллах хүч илгээх төв-ийг байгуулсан гэж тэрбээр үзэж байгаа юм байна. Засгийн газрын тогтоолд БНСУ-д ажиллах хүч гаргах асуудлыг цэгцлэх зорилгоор ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийг одоо энэ ажлыг эрхэлж буй компанитай хамтран зохих журмаар нь байгуулахыг ТӨХ-ны дарга Д.Сугар, НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл нарт даалгасан байна. Гэтэл ТӨХ, НХХЯ дээрх тогтоолыг зөрчин дур мэдэн 100 хувийн төрийн өмчит төв байгуулсан. Тиймээс хууль бус үйлдэл хийсэн ТӨХ-г Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд энэ сарын 7-нд өгсөн гэдгээ А.Гансүх хэллээ. Түүнчлэн одоо шинээр хүн бүртгэж, хэлний шалгалт авна гээд байгаа Гадаадад ажиллах хүч илгээх төв нь хууль бус байгууллага. Энд бүртгүүлээд хохирвол Зуучлах товчоо хариуцахгүй гэдгийг нь онцлов.
Б.Баатар
2007.05.15 Монголын мэдээ