Дөрөв дэх рейх
АНУ-ыг Гитлерийн Германтай зүйрлэсэн мэт америкчуудад санагджээ. Ерөнхийлөгч Владимир Путин нацист Германыг АНУ-тай зүйрлээгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам албан ёсоор Америкийн засаг захиргаанд мэдэгдсэн тухай Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Тони Сноу хэлэв. Агуу их орны дайнд ялсны 62 жилийн ойд зориулсан цэргийн парад дээр Ерөнхийлөгч ахмад дайчид, цэргийнхэнд баяр хүргээд Дэлхийн хоёрдугаар дайны шалтгааныг тайлбарласан юм. Бид янз бүрийн дайны шалтгааныг мартах эрхгүй. Түүнийг юуны түрүүнд энх цагийн алдаа онооноос хайх хэрэгтэй. Түүний үндэс нь хэт давралт ба сөргөлдөөний үзэл сурталд байгаа. Түүгээр ч барахгүй манай цаг үед тийм занал багасахгүй байна. Тэр нь төрхөө өөрчлөн хувирч байна. Эдгээр шинэ заналд гуравдугаар рейхын үеийнх шиг хүний амьдралыг үл тоомсорлох болон дэлхийн ноёрхлын эрмэлзэл агуулагдаж байна гэж Путин хэлсэн юм.
Үгийн энэ хэсэг нь л барууныхны дургүйцлийг хүргэжээ. Оросын Ерөнхийлөгчийн хувьд ёс болсон иймэрхүү хэллэгийг Орост хэн ч анзаарсангүй. Гэвч барууны хэвлэл тухайлбал, Америкийн The New York Times, Британийн The Financial Times сонин үүнд өөрсдийн өгүүллийг зориулав. Фашист Германыг ялсан ойн баярын үгээ лхагва гаригт хэлэхдээ Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын гадаад бодлогыг гуравдугаар рейхын бодлоготой санаандгүй харьцууллаа. Түүний энэ үг нь Америкийн эсрэг чиглэгдсэн Оросын төрийн бодлогын ээлжит алхам нь болж байгаа нь тодорхой хэмээн The New York Times-ын өгүүлэлд тэмдэглэсэн байв. Шуудхан гэсэн хир нь бүдэгдүү хэллэгт АНУ-ыг өгүүлсэн нь эргэлзээ төрүүлэхгүй байна гэж зохиогч болох АР агентлаг Путины үгийг нэрлэв. Харин АНУ-ын засаг захиргаа энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргасангүй. Ерөнхийлөгч Жорж Буш өнгөрсөн пүрэв гаригт В.Путинтэй утсаар ярьсан нь тодорхой болов.
Сноугийн хэлснээр ярианы гол сэдэв нь Европт байрлуулах Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем байсан ажээ. Энэ асуудлаар ярилцахаар тавдугаар сарын дундуур АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Москвад ирэх юм. Гэхдээ шинэ занал ба гуравдугаар рейхын талаар ярихдаа хэнийг хамруулсан талаар Буш Путинээс асуусан байж магадгүй. ОХУ-ын Гадаад хэргийн яам онцлохдоо АНУ-ын бодлогыг гуравдугаар рейхын бодлоготой огт хамруулаагүй гэсэн гэж Сноу мэдэгдлээ. Тавдугаар сарын 9-ний үгэндээ Путин Эстонийн хаягаар дайралт хийлээ. Ялалтын өдөр зөвхөн орос хүмүүсийг ч биш манай Хамтын нийгэмлэгийн орнуудын ойрын хөршүүдийг нэгтгэн нийлүүлдэг Энэ үнэт туршлагыг үгүйсгэн доош хийхийг оролдон дайны баатруудын хөшөө дурсгалыг сүйтгэгч өөрийн ард түмнийг доромжлон улс орон ба ард түмний хооронд үл итгэх байдлыг үүсгэж байна гэж Путин хэлсэн юм. Харин үүгээр Путин Эстонийг хэлээгүй гэх залруулгыг ОХУ-ын Гадаад яам хийгээгүй юм. Сануулахад энэ жилийн хоёрдугаар сарын 10-ны өдөр Мюнхен хотноо олон улсын бага хурал дээр Путин Америкийн эсрэг үг хэлснээс хойш хоёр орны хоорондын харилцаанд хүйтрэл гарч ирсэн юм. Тэрээр нэг туйлт ертөнцийн үзэл санааг шүүмжлэн АНУ-ыг засаглалын нэг төв, хүчний нэгтөв, шийдвэр гаргах нэг төв гээд дэлхийг нэгэн эзнийх гэсэн билээ.
(Ардын эрх 96/628)