80 тохой Майдарын эхийг залж, аварга эрхи хэлхэнэ

Энэ ажлын нэгэн хэсэг болох Майдар бурхны эх загварыг энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд залах ажээ.

Майдар бурханд зориулан өргөх дэлхийн хамгийн том маанийн эрихийг Монголд залах хүндэтгэлийн зан үйл энэ үеэр болох юм. Ширхэг тус бүрдээ 50-70 орчим кг жинтэй энэ аварга эрхийг Япон улсын Хаяаши Хироши гэгч лам бүтээсэн бөгөөд 2000 жилийн настай, Африкийн Бубинга гэдэг модоор урлажээ. Тэрбээр энэхүү аварга эрихээ Япон, БНСУ, Хятад зэрэг оронд залсан бөгөөд Монголд өргөн барьсан 108 маанийн эрхи хамгийн том, хамгийн хүнд жинтэй нь аж. Энэхүү эрхийг Бат хур ХХК-ийн дэмжлэг туслалцаатайгаар Зүүн хүрээ Дашчойлин хийдэд залж буй.

Дашрамд сонирхуулахад, 1834 онд Ү Жавзандамба хутагт Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан богдын санаачилгаар Майдар бурхан, түүний гурван давхар модон дуганыг Да хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотноо байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 173 жилийн дараа Дашчойлин хийдийн их хамба Ч.Дамбажав шашин соёлын энэхүү уламжлалт нандин өвийг дахин сэргээн босгох буянтай үйлийг эхлүүлээд байна. 80 тохой буюу 16 метр өндөр Майдар бурхан, түүний дуган Дашчойлин хийдийн хашаанд сүндэрлэнэ. Энэ нь Мэгжиджанрайсиг бурхны дараа орох Монголын хоёр дахь том шүтээн болох юм байна.

Майдар бурхны эх загвар, дэлхийн хамгийн том маанийн эрихийг залах ёслолын тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд энэ мөнгө Майдар бурхныг бүтээн босгоход зориулагдах юм. Энэ үеэр Хүрээ цам харайхаас гадна аварга том 108 эрихийг Майдар бурхны дуган баригдтал Дашчойлин хийдийн Бурхан багшийн дуганд байрлуулах гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button