С.М.Миронов тэргүүтэй баг Монголд айлчлал хийж байна.

УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Д.Идэвхтэн нарын албаны хүмүүс тэднийг Чингэс хаан нисэх онгоцны буудал дээр угтан авсан.

Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын ажлын албаныхан, тус зөвлөлийн албан тушаалтнуудаас гадна ОХУ-ын ШУА-ийн Уралын улсын их сургуулийн Цөмийн геофизикийн тэнхмийн эрхлэгч гээд 12 төлөөлөгч багтжээ.

УИХ-ын дарга Ц.Нямдорж ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов нарын уулзалтаар дөрвөн өдөр үргэлжлэх айлчлалын албан ёсны хөтөлбөр өнөөдөр 9.30 цагт Төрийн ордонд эхэлсэн. Уулзалтын дараа тэд хэвлэл мэдээллийнхэнтэй 10 минут ярилцахаар төлөвлөжээ. С.М.Миронов үдээс өмнө Ерөнхий сайд М.Энхболдтой ердөө таван минут уулзах аж. Зочид Төрийн ордноос хөдөлж, Зайсан толгойн дурсгалын хөшөө, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх юм байна. Энэ өдрийн үдээс хойш ШУТИС-д зочилж, С.М.Миронов Орос, Монголын эдийн засгийн харилцаа, хэтийн төлөв сэдвээр үг хэлнэ.

Айлчлалын хоёр дахь өдрийн хөтөлбөр МҮОНРТ-ийн төв байранд эхэлж, С.М.Миронов ММ агентлагт ярилцлага өгөх юм байна. Дараа нь Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхана. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхах үеэр Полиметалл группийн удирдлагаас Н.Е.Белых, П.Х.Рустамов нарыг албан ёсны төлөөлөгчдийн жагсаалтад нэмж оруулах хүсэлтээ Монголын хэсэгт илэрхийлжээ.

Полиметалл бол Асгатын мөнгөний ордод хөрөнгө оруулах сонирхолтой ОХУ-ын томоохон компани билээ. С.М.Миронов Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзахдаа Асгатын ордыг хамтран эзэмших Кремлийн лообийг уламжлах нь үүгээр тодорхой болж байна.

2006 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д албан ёсоор айлчилж В.В.Путинтэй уулзахад дээрх сэдэв хөндөгдсөн байна. Айлчлалын төгсгөлд баталсан Москвагийн тунхаглалд ялангуяа түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрлэл, тээврийн болон хөдөө аж ахуйн салбарт түүнчлэн санхүү, банкны бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд өргөнөөр хоршихыг эрмэлзэх шаардлагатайг талууд хүлээн зөвшөөрөв хэмээсэн. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов тэргүүтэй төлөөлөгчид лхагва гаригт Дундговь аймгийг зорих бөгөөд буцах замдаа Тэрэлж дэх жуулчны UB-2 баазад буудаллах юм байна. Тэд пүрэв гаригийн үдэш Улаанбаатарт ирнэ.

УИХ-ын дарга Ц.Нямдорж Хаан палас зочид буудалд эрхэмсэг зочин С.М.Мироновтой зангиагүй уулзах аж. Тэдний яриа хэр удаан үргэлжлэхийг хөтөлбөрт тусгаагүй байна. Үүгээр ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Мироновын манай улсад хийх албан ёсны айлчлал өндөрлөх юм.

С.М.Мироновын айлчлалын гол зорилго нь Кремлийн сонирхлыг нотлох, ашигт малтмал, уул уурхайн томоохон төсөл дэх Оросын оролцоог тодорхой хэлэлцэх явдал аж. Энэ дашрамд сонирхуулахад, С.М.Миронов, 1986-1991 онд ЗХУ-ын Геологийн яамны томилолтоор БНМАУ-д хайгуулын ажилд ахлах физикчээр ажиллаж байсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button