Ерөнхийлөгчид С.М.Миронов бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч, ноён С.М.Мироновын энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг идэвхжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал алхам болж байгааг тэмдэглэлээ. Монгол-Оросын харилцаа бүх чиглэлээр эрчимтэй, өрнүүн хөгжиж ирснийг хэлээд энэ дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлнэ гэв.
С.М.Миронов өнгөрсөн 12 сард Москвад уулзаж байснаа дурдаад, айлчлалаас хойш хэдхэн сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр гаргасан Москвагийн тунхаглал нь хоёр орны харилцааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарт гүнзгийрүүлэх чухал баримт бичиг болсныг тэмдэглэлээ.
Тэрээр Монгол Улсад хийж буй айлчлалынхаа явцад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын талаар танилцуулав. С.М.Миронов монголын уул уурхай, ашигт малтмалын томоохон орд газрууд тухайлбал Тавантолгойн ордыг хамтран эзэмшихэд оросын компаниуд консорциум хэлбэрээр оролцох сонирхолтой байгааг илэрхийлэв. Мөн Асгатын ордод Оросын Полиметалл компани хөрөнгө оруулах хүсэлтэй, монголын хууль, эрх зүйн хүрээнд харилцан ашигтай, хамтран ажиллах боломжтой хэмээн ярилаа.
Монгол-Оросын харилцаа хамтын ажиллагааг хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх, орос хэлний сургалтад анхаарах, Олон улсын Олимпын хорооны идэвхитэй гишүүн орны хувьд Сочи хотыг өвлийн олимп зохион байгуулах хотоор шалгаруулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүслээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний халуун дотно мэндчилгээг уламжлав.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр иргэдийн харилцан зорчих нь нэмэгдэж байгаа энэ үед визгүй зорчдог болох, хилийн шалган нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэх, тухайлбал Ханх-Мондын хилийн боомтыг өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллахыг дэмжиж байна. Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Асгатын мөнгөний ордын талаар хэлэлцэх, гарын үсэг зурах асуудал байгаагүй, харин хоёр компанийн яриа хэлэлцээ хийж байсан цаг үе нь тийн таарсан юм. Асгатын ордод ОХУ-ын аль ч компани оролцох нь нээлттэй. Энэ талаарх Таны байр суурь тодорхой байгааг ойлголоо. Гэхдээ гэрээ хэлэлцээрийг Монголын хууль, эрх зүйн байдалд нийцүүлэх, хүндэтгэн ажиллах нь зүйтэй хэмээн онцлов. Дэд бүтэц, газар зүйн онцлогоосоо шалтгаалан Асгатын ордод Оросын компаниуд хөрөнгө оруулан хамтран ажиллах нь зохимжтойг Ерөнхийлөгч хэллээ.
Хүмүүнлэгийн салбарт харилцаагаа өргөжүүлэхэд санал нэг байна гээд Сочи хотыг өвлийн олимпын шалгаруулалтад дэмжих боломж бий хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.
/Оллоо.МН/