Засгийн газраас Стратегийн орд газруудад анхаарч байна

Засгийн газраас стратегийн орд газруудад төрийн эзэмших хувь оролцоог тогтоох, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа тааламжтай үед цаг алдалгүй уг орд газруудыг ашиглаж эхэлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой гэж үзэн нилээдгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Тухайлбал, Засгийн газраас Оюу толгойн орд газарт төрийн эзэмших хувь оролцоог тогтоох, ордыг ашиглах талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан ажилласны үр дүнд, уг ордыг ашиглах талаар ажлын хэсгийн түвшинд тохиролцсон саналыг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд танилцуулж, ойрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн, УИХ-д танилцуулахаар төлөвлөж байна.

Манай улсын ашигт малтмалын томоохон орд болох Таван толгой, Цагаан суврага-ын ордод төрийн эзэмших хувийг тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх саналын хувилбарыг боловсруулах ажлын хэсгийг Засгийн газраас саяхан байгуулсны дагуу ажлын хэсэг ажилдаа ороод байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үндсэндээ Оюу толгойн орд газрын талаар Засгийн газраас томилогдон ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн энэхүү ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

Засгийн газраас Таван толгой, Цагаан суврага-ын ордод төрийн эзэмших хувийг тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх саналын хувилбарыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны техник туслалцаатай боловсруулж байна.

Ажлын хэсэг энэ сард багтаан Таван Толгой, Цагаан суврага-ын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар саналын хувилбарыг боловсруулан Засгийн газарт танилцуулна гэж Сангийн яамны Хэвлэлийн албанаас манайд мэдээллээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button