Энхбаярын алдааг төсвийн мөнгөөр төлөхийг оролдов

Эрх баригчид ХЗХ-дыг хянах төрийн хяналтыг орхигдуулж,татварын байгууллагын хяналтаар хоршоодыг хянаж байсан гэх боловч татварын байгууллагын үндсэн зорилт нь байгууллага хувь хүний олсон орлогоос татвар авах үүрэгтэй байдаг тул хоршоодод төвлөрсөн хадгаламж хэрхэн зарцуулагдсан, хоршоод хэдий хэмжээний хадгаламж авч, хэдийг нь зээлэв гэх асуудалд эрх зүйн хувьд огт хамааралгүй учраас тэдний үндсэн үйл ажиллагааг хянадаггүй байжээ.

ХЗХ-д буруу, хяналтгүй чиглэлд явж эхэлснийг мэргэжлийн зарим хүмүүс анхааруулж 2002 онд Хадгаламж зээлийн хоршоодыг тусад нь хууль гарган зохи¬цуулах нь зүйтэй гэж үзэж байсан ч одоогийн УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга, тэр үед Хууль зүй, Дотоод Хэргийн дэд сайд байсан Ц.Мөнх-Оргил нар тийм шаардлага байхгүй гэж эсэргүүцэн тэмцэж, Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулан шинэ хууль гаргалгүй үлдэж байсан юм.

Тэр үед төр барьж байсан МАХН-ын энэ бодлогын алдааны бодит хохирол нь гэвэл 9000 иргэд 66 тэрбум төгрөгөө алдчихаад сууж байна. Энэ асуудал нэг л өдөр дэлбэрч, олон иргэн мөнгөгүй үлдэж хоцорсон тул УИХ-аас 2006 оны 6-р сарын сүүлээр ажлын хэсэг гаргаж шалгуулсан ч тайланг нь хэлэлцэлгүй хав дарж жил өнгөрчээ. Ард¬чилсан намын гишүүдийн шаардлагаар УИХ энэ тайланг аргагүйдэн хэлэлцлээ.

Хохирсон иргэдийн хохирлыг төрөөс гаргах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын 2006 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн цагаас хойш хохирсон иргэд мөнгөө төрөөс гаргуулахаар шаардаж эхэлсэн ба заримд нь тухайлбал ХЗДХЯ-ны үүдэнд өлсгөлөн зарласан хохирогсод 50 сая төгрөг Засгийн газраас авсан юм. Н.Энхбаяр уснаас хуурай гарч,тэнгэрээс бууж ирсэн хан хүү аятай өөрийн алдааг төсвийн мөнгөөр төлүүлэхээр шаардаж эхлэхэд нь халааг нь авсан МАХН-ын даргад бас нэгэн улс төрийн хүндхэн ачаа нэмэгджээ.

Тиймээс Ерөнхий сайд М.Энхболд хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн дампуурлын анхны жимийг хөтлөгч Ерөнхийлөгчийнхөө шаардлагаас мултрах аргагүй болж, ядаж хохирлын талыг төрөөс гаргая гэж шийдэж буй ч УИХ-д энэ санал дэмжлэг авахгүй байна. Дэндүү хялбар замаар асуудлыг шийдэх гэж байна. Бусад өөр арга замыг хайх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж тарааж болохгүй. Ер нь ингэж шийдлээ гэхэд ХЗХ-дын хямралын хоёр дахь давалгаа болбол төр дахин хохирлыг нь хариуцах уу? гэхчилэн олон асуулт, хариуг Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд тавьж, хохирлын 50 хувийг төлөх Ерөнхий сайдын саналыг няцааж байна. Төсвийн мөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал боловч шүүх, прокурорын байгууллагын удирдлага хууль зүйн үүднээс төр хариуцлага хүлээх ёсгүй гэдэг байр суурьтай байна.

Улсын Ерөнхий Прокурор М.Алтанхуяг Одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор төр хариуцлага хүлээхгүй, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батсайхан Эрүүгийн хуулиар төр хариуцлага хүлээхгүй. Харин Иргэний хуулиар нэхэмжлэл гаргасан тохиолдолд төрийн албан хаагчийн гаргасан алдаанд төр хариуцлага хүлээдэг. Гэхдээ хадгаламж зээлийн хоршоо нь төрийн байгууллага биш гэдгийг хэлье гэж байр сууриа тодорхойлж сонинд ярилцлага өгчээ. УИХ-аас ХЗХ-дын асуудлыг нэг мөр шийдсэн зүйл одоогоор алга. Төрөөс иргэдийн хохирлыг нь төлье гэж нэгэн дуугаар тэд хэлэхгүй байна.

(Yг сонин 13/105)

А.МЯГМАРДОРЖ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button