Улсын Их Хурлын даргын 2006 оны 99 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ажлын тайлан

УИХ-ын даргын 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 тоот Захирамжаар Хадгаламж Зээлийн хоршоодын үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, иргэдийг ноцтой хохироосон үйлдэл гаргах болсон шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Дээр дурдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин, Ч.Раднаа, Р.Раш, Д.Туяа, З.Энхболд нар орж ажилласан юм.

Нэг. Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, иргэдийг ноцтой хохироох болсон шалтгаан, нөхцөлийн талаарх ажлын хэсгийн дүгнэлт.

Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн заалтаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулахаар хуульчилж улмаар эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ гэж тодорхойлсон байна.

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасанчлан хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршоотой холбоотой бусад харилцааг хуулиар зохицуулж байхаар тогтоосон байна.

УИХ-аас Хоршооны тухай хуулийг анх 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталж, улмаар 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар дээр дурдсан хуу¬лийн шинэчилсэн найруулгыг тус тус баталснаар хоршооны эрх зүйн орчинг буй болгожээ.

Дээр дурдсан хуулиар хоршооноос эрхлэх үйл ажиллагааны төрлийг баталсан байна. Тухайлбал, хоршоо нь түүхий эд боловсруулалтын, үйлдвэрлэлийн, хадгаламж, зээлийн борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн, үйлчилгээний, орон сууц барих зориулалтын, эд хэрэглэгчдийн гэх мэт үйл ажиллагаа эрхэлж болохоор хуульчилжээ. Харин 2002 онд Хоршооны тухай энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, хуулийн төсөл 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан байна. Энэ хуулийн гол зорилт нь хоршоо нь гишүүдээсээ хадгаламж авч, гишүүддээ зээлдүүлэхтэй холбогдсон харилцааг зохи¬цуулах үүднээс Хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа гэсэн бүлгийг шинээр нэмж, энэ үйл ажил¬лагааг явуулах боломжийг тодорхой болгох асуудал байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймээс хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоодын тоо 2003 оноос ихээр нэмэгдсэн байна.

Тухайлбал өнөөгийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 854 хадгаламж зээлийн хоршоодын 585 буюу 68,5 хувь нь 2002 оны 12 сараас хойш бүртгэгдсэн байна. Мөн хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг буцаан төлөхгүй байгаа буюу иргэдийг ноцтой хохироогоод байгаа 22 ХЗХ -дын 87 хувь буюу 19 ХЗХ нь хуульд өөрчлөлт орсон 2002 оны 12 сараас хойш байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

1.ХЗХ-дын иргэдийг ноцтой хохироох болсон шалтгаан, нөхцөлийн талаар

Тус улсын хэмжээнд холбогдох байгууллагад бүртгэлтэй 854 ХЗХ байгаагаас Улаанбаатар хотод 556 ХЗХ үйл ажиллагаагаа явуулж байна. (2006 оны 9 дүгээр сарын байдлаар)

Иргэдийг хохироосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоод байгаа 22 ХЗХ нь бүгд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байсан байна.

Одоогийн байдлаар эдгээр 22 ХЗХ нь нийт 9138 иргэний 57.37 тэрбум төгрөгийн хадгаламжийг буцаан төлж чадахгүй байгаа нь тогтоогдсон байна. Энэ тайланд орсон бүх мэдээллийг Хадгаламж зээлийн зарим хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч иргэдэд ихээхэн хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан шалтгаан, нөхцөлийг судалж шийдвэрлэх Засгийн газрын ажлын хэсэг, Санхүүгийн зохицуулах хороо ( СЗХ гэх), ХЗХ-дийн хохирогчдийн төлөөллөөс авсан болно.

Зарим ХЗХ-дын иргэдийг ноцтой хохироох болсон шалтгаан, нөхцөлийг энэ харилцааг зохицуулж буй хууль тогтоомж (Хоршооны тухай хууль), уг хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч ХЗХ, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагууд (Мон¬гол банк, Үндэсний Татварын Ерөнхий газар, аймаг дүүргийн татварын хэлтэс, хуулийн байгууллагууд (хохирогчид) Хоршооны гишүүд хэмээх хадгаламж эзэмшигчид гэсэн 4 үндсэн оролцогчтой холбон авч үзэх нь зүйд нийцэх юм.

1.1 Хууль тогтоом¬жийн тухайд

1/ 2002 оны Хоршооны тухай хуульд оруулсан нэмэлтээр хоршоо нь дээр дурьдсан үйл ажиллагаанаас хэдийг ч нэгэн зэрэг эрхэлж болох талаар заалт оруулжээ. Мөн энэ хуулийн нэмэлтээр ХЗХ нь хадгаламжийн мөнгийг зөвхөн зээлийн санхүүгийн үүсвэрийн зориулалтаар ашиглах тухай заажээ. Энэ хуу¬лийн эдгээр 3.5, 48.3-р заалтууд нь зарчмын хувьд хоорондоо зөрчилдөж байна гэж хэлж болохоор байна. Иймээс хоршоо бүр бусдын мөнгийг хадгаламж нэрээр татан авч, өөр төрлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад хийж, улмаар хадгаламжийн хугацаа дуусгавар болгоход мөнгийг нь эргүүлэн олгож чадахгүй болсон тохиолдол олонтаа гарсан байна.

Тухайлбал өнөөдөр иргэдийг ноцтой хохироогоод байгаа 22 ХЗХ нь иргэдээс 57.37 тэрбум төгрөгөөс багагүй хадгаламж татан авсан нь тодорхой бөгөөд үүнийхээ 23.35 (мэдээлэл дутуу) хувь буюу 13.4 тэрбум. төгрөгийг үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд зориулсан байна.

Энэ хуулийн заалтын дагуу сүүлийн үед үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байсан хоршоод хадгаламж нэрээр бэлэн мөнгө татан авч санхүүгийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой болсноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэх хүсэлтэй хоршоод олноор нэмэгдсээр байна.

Тухайлбал Нийслэлийн хэмжээнд 985 хоршоо байгаагаас 56.4 хувь буюу 556 нь ХЗХ хоршоо байна.

2/ 2002 оны хуулиар хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь 20-иос доошгүй гишүүнтэй байх, зээл олгох эсэхийг шийдвэрлэдэг, олгосон зээлийг төлүүлдэг эрх бүхий Зээлийн хороотой байх, хадгаламжийн болон зээ¬лийн үйл ажиллагаа гэх мэт онцлог зохицуулалтыг тусгасан бие даасан бүлгийг Хоршооны тухай хуульд нэмж оруулсан болно. Гэвч ийнхүү үйл ажиллагааг зохицуулсан хуулийн заалтууд нь хэт ерөнхий бөгөөд хадгаламж эзэмшигчдийн бэлэн мөнгийг татсанаар тодорхой хэмжээний эрсдэл буй болдогийг анхаарч нэг гишүүнээс хадгаламжид авах мөнгөн хөрөнгийн болон нэг гишүүнд олгох зээлийн хэмжээг тус тус хуульчлаагүй байна.

Тухайлбал иргэдийг хохироосон ХЗХ-дын хадгаламж эзэмшигчид нь 10.000 төгрөгөөс 285 сая.төг хүртэл хадгаламжтай байна.

3/ 1995 онд батлагдан, 1998 онд шинэчлэн най¬руулагдсан Хоршооны тухай хуульд хоршоо нь хөрөнгийн хариуцлага хүлээхдээ эхлээд хоршооны хөрөнгөөр, энэ хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд хоршооны гишүүдийн өөрийн хөрөнгөөр хүлээнэ гэсэн заалт байсан. Гэтэл энэ хуульд 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа өмнөх заалтыг хэвээр нь үлдээж дээр нь ХЗХ нь үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг өөрийн хөрөнгөөр хүлээхээр ХЗХ-ны хариуцлагын асуудлыг тус¬гайлан заажээ. Иймээс Хоршооны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад энэ заалт нь хир оновчтой болсон эсэхийг дахин хянаж үзэх шаардлагатай байна. Учир нь ХЗХ-ны удирдлага буюу үүсгэн байгуулагчид нь бусад гишүүдийн оролцоогүйгээр шийдвэр гаргаж байсан учраас хоршооны хөрөнгөнөөс гадна өөрийн хөрөнгөөрөө хоршооны үйл ажиллагааны алдагдал, хөрөнгийн хариуцлагыг нөхөн хариуцах нь мэдээжийн шудрага асуудал бөгөөд энэ нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

Тухайлбал өнөөгийн байдлаар иргэдийг хохироосон ХЗХ-дын өөрийн хөрөнгө нь хадгаламж эзэмшигчдийн хохирлын дүнгийн 1/100.000-ээс 0.037 хувьтай тэнцэж байна.

4/ Хоршооны тухай хуульд 2002 оны хуулиар оруулсан Хоршоо нь өөрийн гишүүнээс мөнгөн хөрөнгийн хадгаламж авч болно гэсэн 482.1, мөн Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно гэсэн 482.1 дэх заалтыг тус тус практик дээр хэрэгжүүлэх явцад хүндрэл учирч байна. Учир нь Хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооны гишүүнээр элсэх өргөдлийг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж, бүртгэх байгууллагад бүртгүүлнэ гэжээ. Харин мөн хуулийн 29 дүгээр зүйлд гишүүдийн бүртгэлийг хоршооны Тэргүүлэгчид хөтлөх талаар заажээ. Хоёрдмол утга бүхий эдгээр заалтыг ихэнх хоршоод дараахь байдлаар хэрэгжүүлж байгаа тухай Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар тогтоогдсон байна. Үүнд тухайлбал, хоршооны үүсгэн байгуулагчид нь гишүүн элсүүлэхдээ анкетыг авч тогтоосон хэмжээний хөрөнгө болон хадгаламж авах, эсхүл зээл олгосны үндсэн дээр өөрсдөө бүртгэж ирсэн нь тогтоогдсон байна. Харин дээр дурьдсан хуулийн 13 дугаар зүйлийн дагуу гишүүнээр элсүүлсэн тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гараагүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт бараг байхгүй байна. Иймээс ХЗХ-дын үүсгэн байгуулагч гишүүдээс бусад хадгаламж эзэмшигч болоод зээлдэгч иргэдийг хууль ёсны хоршооны гишүүн гэж үзэх үндэслэл муу байна.

Өнөөгийн байдлаар асуудалтай байгаа 22 ХЗХ-дын үүсгэн байгуулагч гишүүдийн тоо нь 9-өөс 21 хүртэл байхад хадгаламж эзэмшигч иргэдийн тоо нь 40-өөс 1957-д хүрсэн байна. Иргэдийг их хэмжээгээр хохироогоод байгаа дөрвөн гол ХЗХ-ны хадгаламж эзэмшигчдийн тоо 1000-аас 2500-ийн хооронд хэлбэлзэж байна.

5/ Мөн 2002 оны хуулиар хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо 20-иос доошгүй гишүүнтэй байна гэсэн нэмэлт оруулсан боловч хоршооны нийт гишүүдийн тооны дээд хязгаарыг хуульчлах нь зүйтэй байжээ. Учир нь зарим хоршоодын гишүүд гэж нэрийдэх хадгаламж эзэмшигчдийн тоо хэдэн зуу гарч байгаагаас гадна зарим том ХЗХ-дын гишүүдийн тоо дээд тал нь 2493-д хүрсэн байна. Хуулиар хоршооны гишүүдийн тоонд дээд хязгаар тавьж өгөөгүйгээс хадгаламж эзэмшигч гишүүдийн зүгээс хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг багасгах ба алдагдуулах, уг хоршоодын үүсгэн байгуулагчдад дураараа авирлан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг үрэн таран хийх, тэднийг хууран мэхлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн энэ шалтгааны улмаас хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хэмжээ нь хоршооны өөрийн хөрөнгийн хэмжээнээс хэдэн арав дахин их болж, нэг хоршооны иргэдийг хохироосон хохирлын хэмжээ 79 саяас 14.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

6/ Хоршооны тухай 2002 оны хуулиар хоршоодын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий бүх гишүүдийн хурал, Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагын талаар тусгасан байна. Тухайлбал, Хоршооны бүх гишүүдийн хурлаас Тэргүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, бүрэн эрхтэйгээр байхаар нэмэлт оруулсан байна. Харин хоршооны Тэргүүлэгчдийн болон Зээлийн хорооны үйл ажиллагаанд тус тус хяналт тавих чиг үүрэгтэй Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд тавигдах нөхцөл, шалгуурыг тодорхой зааж өгөх шаардлагатай байв. Учир нь хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоршооны үүсгэн байгуулагч гишүүд болох ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээр бүрдүүлэх боломжийг агуулж байгаа болно.

Эдгээр хуулийн цоорхойг асуудал үүсгээд байгаа ХЗХ-ны удирдлагууд ашиглан татварын байгууллагуудад гаргаж өгдөг тайландаа хадгаламж эзэмшигчдээс авсан хадгаламжаа тусгалгүйгээр их бага хэмжээгээр нуун дарагдуулж ирсэн нь иргэдийг ноцтой хохироох бас нэгэн томоохон шалтгаан болсон байна. Нэгэнт санхүүгийн тайландаа хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг тэр чигээр нь тусгахгүй болж байгаа тохиолдолд түүнийг ухамсаргүй этгээдүүд ашиглан хуурамч тайлан гаргаж, энэ тайлан дээр үндэслэн Монгол банкнаас гаргасан ХЗХ-нд мөрдөх ёстой шалгуур үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмын дагуу холбогдох төрийн байгууллага хяналт тавилаа ч олигтой үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой юм.

Асуудалтай байгаа ХЗХ-дын ихэнх нь авсан хадгаламжийнхаа бараг тэн хагасыг санхүүгийн тайландаа тусгаагүй ирсэн байдалтай байна.

Эрх зүйн орчин ийм байхад дахин Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхөд тун болгоомжтой хандах шаардлагатай байна. Энэ талаар СЗХ-д санал хүргүүлсэн.

1.2 Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэгч хоршооны тухайд

ХЗХ-дын үүсгэн байгуулагч гишүүд, удирдлагын хууль бус буруутай үйл ажиллагааны талаар

1/ Хадгаламж авах, зээл олгоход иргэдийг татахын тулд реклам сурталчилгаа явуулахыг хуулиар хориглосоор байтал энэ үйл ажиллагааг явуулсаар байсан.

2/ Хадгаламж эзэмшигч болоод зээлдэгч иргэдтэй хуульд заасны дагуу гэрээ хийсэн боловч хууль ёсны хоршооны гишүүнээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан.

3/ Хадгаламж эзэмшигчдийн хадгаламж болоод зээл олголттой холбогдсон мэдээллээ татвар, санхүүгийн тайландаа үнэн зөвөөр тусгалгүй явж ирсэн, Үндэсний Татварын Ерөнхий Газар (ҮТЕГ) болон Монгол банкинд үнэн зөв мэдээлэл ирүүлэхгүй тохиолдлууд байсан. Мөн иргэдээс авсан хадгаламжийг нуун дарагдуулах явдал байсан.

4/ Хадгаламжийн хөрөнгийг хуулийн дагуу зөвхөн зээл олгоход бус үндсэн хөрөнгө худалдаж авах, үл хөдлөх хөрөнгөтэй болох, реклам сурталчилгаа хийх зэрэг хууль зөрчсөн зориулалтаар ашиглаж хадгаламж эзэмшигч иргэдийг хохироосон.

5/ Хоршоонд хадгаламж эзэмшигчийг хоршооны албан ёсны гишүүн болох, тэдэнд иргэний хууль болоод хоршооны тухай хуулийн дагуу Бүх гишүүдийн хурал, Хяналтын зөвлөл зэрэг хамтын удирдлагын бүтцээрээ дамжуулан хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих, өөрсдийнхээ эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлээгүй. Хоршооны энгийн гишүүд болоод хадгаламж эзэмшигчдийг үнэн зөв мэдээллээр хангаагүй.

1.3 Хоршооны тухай хуулийн хэрэг¬жилтэнд хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагын тухайд

Энэ хэсэгтэй холбогдсон дүгнэлт нь дээр тайлбарласны дагуу 2005 онд СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хууль гарч, үүнтэй уялдан Хоршооны тухай хуулинд Хадгаламж зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авч байж явуулах, хуулийн хэрэгжилтэнд СЗХ хяналт тавих болсноос өмнөх хугацааг хамрана гэдэг нь ойлгомжтой юм. 2002 оны 12 сарын 12-оос хойш Хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хоршооны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээг тогтоох журмыг Монгол банкнаас гаргаж, энэ журмын биелэлтэнд ҮТЕГ, татварын хэлтсүүд хяналт тавьж шаардлагатай бол хариуцлага тооцохоор болсон. 2005 он хүртлэх хугацаанд Монгол банкны Ерөнхийлөгч болон ҮТЕГ-ын даргын зөвшилцөлөөр Хоршооны тухай хууль болон энэ хуулийн дагуу гарсан журмын биелэлтэд хяналт тавих үүрэг Монгол банкинд шилжсэн гэсэн мэдээллийг ҮТЕГ-аас ирүүлсэн.

1/ Монгол банкнаас ХЗХ-д хадгаламж авах, зээл олгохын тулд реклам сурталчилгаа явуулж байгаа нь хууль зөрчиж байгаа, ХЗХ-дын үйл ажиллагаа доголдож байгаа тул иргэдэд болгоомж¬той хандах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлж байсан байна.

Тухайлбал Монгол банкнаас Хор¬шооны тухай хуулийн зүйл, заалт ба Монгол банкны Ерөнхийлөгчийн 576 дугаар тушаалыг хэрэгжүүлж байгаа талаар зарим хоршоодод хэсэгчилсэн шалгалтыг 2004 оны 4 дүгээр сард, 2005 оны 3 дугаар сард тус тус хийжээ. Шалгалтын дүнгийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж байсан байна. Хоршооны тухай хуулийг зөрчсөн 6 ХЗХ-г 50 мян.төгрөгөөс 250 мян.төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч байжээ.

ХЗХ-дын хууль зөрчиж байгаа байдал, зарим ХЗХ-ны үйл ажиллагаа нь доголдож байгаа, хадгаламж эзэмшигч иргэдээс гомдол ирж байсан учраас иргэдийг ХЗХ-дод мөнгөө хадгалуулахдаа болгоомжтой хандахыг ихэвчлэн 2005 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулсаар байсан боловч энэ үед иргэд аль хэдийн мөнгөө хадгалуулчихсан байсан байж болзошгүй байна.

2/ ҮТЕГ болон Монгол банкнаас Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу 2003 оны 4-р улиралд ХЗХ-дын татвар төлөлтийн байдалд, 2004 онд ХЗХ-дын үйл ажиллагаанд хоёр удаа шалгалт хийсэн байна.

380 орчим ХЗХ-ны татвар төлөлтийн байдлыг шалгахад 390 гаруй сая төгрөгийн зөрчил илэрч, 120.4 сая.төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.

ХЗХ-дын үйл ажиллагаа, санхүү төлбөрийн чадварын байдалд үнэлэлт өгөх, санхүүгийн зуучлалын тухайн үеийн байдал, макро эдийн засгийн тогтвор¬жилтод үзүүлж байгаа нөлөөллийг тогтоох зорилгоор Монгол Улсын хэмжээнд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан нийт хоршоодын үйл ажиллагааг Монголбанкны Ерөнхийлөгч, Үндэсний татварын ерөнхий газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ныг дуустал газар дээр нь шалгаж, шалгалтынхаа дүнг Улсын Их Хуралд танилцуулж байжээ.

Монголбанкнаас ирүүлсэн материа¬лыг судлан үзэхэд татварын албанд бүртгэгдсэн хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан орон нутгийн 243, Улаанбаатар хотын 327 нийт 570 хадгаламж зээлийн хоршооноос 49.5 хувь буюу 282 нь дээрх 2004 оны шалгалтад хамрагдаж байжээ.

Өмнөх шалгалтыг 2003 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дээр үндэслэн хийсэн байна. Зарим хоршоодын байршил Улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн хаягаар байхгүй, татварын албан дээр тайлан тэнцлээ өгөөгүй, хоршооны үүсгэн байгуулагчид, удирдлага нь хадгаламж эзэмшигчдийн дэлгэрэнгүй бүртгэл болон холбогдох судалгааг хянан шалгагч нарт үзүүлэхгүй, татварын албанд хянагдсан тайлан тэнцэл нь зөрүүтэй зэргээс шалтгаалан Хоршооны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад хүндрэлтэй байсан гэж шал¬галтын материалд тэмдэглэсэн байна.

Өмнөх шалгалтаар Хадгаламж зээлийн хоршоодыг байршлаар нь авч үзэхэд хадгаламж зээлийн хоршооны нийт активын 87.2 хувь нь буюу 41.1 тэрбум.төг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 38 хоршоонд төвлөрсөн гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл өнөөгийн байдлаар асуудал үүсгээд байгаа 22 ХЗХ-ний буцаан төлж чадахгүй байгаа хадгаламжийн хэмжээ нь л гэхэд 53.37 тэрбум.төг хүрээд байна.

Дээрх байдлаар 2 удаа ҮТЕГ болоод Монгол банк ХЗХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Энэ үед өнөөгийн хадгаламж эзэмшигч иргэдийг ноцтой хохироогоод байгаа асуудал илрээгүй байна. Гол шалтгаан нь хадгаламж эзэмшигч иргэд буюу гишүүдийн бүртгэл, тэднээс авсан хадгаламжтай иж бүрэн танилцаагүй буюу танилцах боломжгүй байсантай холбоотой юм. ХЗХ-ны эрхзүйн орчин хангалтгүй гэдэг нь тодорхой байгаа нөхцөлд Монгол банк, ҮТЕГ УИХ-д шалгалтынхаа дүнг танилцуулахдаа Хоршооны тухай хуулийг яаралтай боловсронгуй болгох, энэ хугацаа хүртэл зарим ХЗХ-дын үйл ажиллагааг түр зогсоох хүртлэх саналыг тавих боломж байсан болов уу.

Харин 2005 оны 11-р сард УИХ-аас Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, үүнтэй уялдуулж Хоршооны тухай хуульд Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд мөрдөх зохистой үзүүлэлт, эрсдэлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмыг СЗХ тогтоож, хэрэгжилтэнд хяналт тавина, Хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг СЗХ-оос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэсэн өөрчлөлт бүхий заалтыг оруулсан. Ингэснээр СЗХ нь ХЗХ-дыг шалгаж иргэдийг хохироож буй тэдний буруутай үйл ажиллагааг илрүүлж эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз ээ.

Монгол Улсын Ерөнхий сайд 2006 оны 63 тоот захирамжаараа 2006 оны 6 сарын 19-нд зарим ХЗХ-дын иргэдийг хохироох болсон шалтгаан, нөхцөлийг судалж шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяраас ирүүлсэн 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/2000 албан тоотын дагуу цагдаагийн байгууллагаас өдөр тутам 100 гаруй гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг тогтоон байцаах, банк, гааль болон татварын байгуулла¬гаас холбогдох лавлагаа авах, зарим хоршоодын үйл ажиллагаатай холбогдсон аудитын ба Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлт гаргуулах, эд хөрөнгө хамгаалах зэрэг ажиллагааг тасралтгүй явуулж байгаа тухай мэдээллийг ирүүлсэн.

Энэ албан бичигт 2006 оны 7 дугаар сарын 5-ны байдлаар 4373 хохирогчтой, 396 зээлдэгчтэй, 45 тэрбум 492 сая төгрөгийн хохиролтой эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа бөгөөд хохирогч, зээлдэгчээр нийт 3743 хүнийг байцааж, 13.421.152.065 төгрөг, 8500 ам.долларын эд хөрөнгийг битүүмжлээд байгаа тухай дурьджээ. Энэ мэдээллийг авсны дараа өмнөх чиглэлээр дахин мэдээлэл авсан.

Өнөөгийн байдлаар Улаан загалмай, Глоб кредит, Нэмэгдэх-Ундрага, ЗИБ, Бүтээн байгуулалт, хөгжлийн сан, Төгс-Эрдэнэ, Нью болор Оргил, Өсөх гурван мандал, Эрхэст инвест, Оюу-Алт, Бөөн цагаан нуур, Монгол торго, Бизнес кредит, Си-Эм-Си, Цэн-Алт, Хөрөнгө оруулалтын сан, Жигүүр инвест, Европын хөгжил сан Гэр хорооллын барилгажилт зэрэг хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээрээс Монгол торго, Бөөн цагаан нуур, Эрхэст инвест хоршоодын 278 хохирогчтой 2144.0 сая төгрөгийн хохиролтой хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм байна.

1.4 Хадгаламж эзэмшигчид болох хохирогчдын тухайд

1/Хуулийг сайн судлаагүй байж мөнгө хадгалуулан хоршооны гишүүн болж, хоршооны үйл ажиллагаа болон хөрөн¬гөнд хяналт тавих хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй. Гэхдээ ХЗХ-дын үүсгэн байгуулагчид нь аль хэдийн Тэргүүлэгчдээ сонгосон, Хяналтын зөвлөлөө байгуулсан эсхүл бүх гишүүдийн хурлаа хийсэн тул танд хоршооны удирдлага болоод хяналтын бүтцэнд орох боломж байхгүй гэсэн хариу өгдөг байсан нь тогтоогдсон. Нөгөө талаас хоршооны гишүүдийн тоонд дээд хязгаар байхгүй тул тухайн хоршооны эрх ашиг нэгт гишүүдтэйгээ хамтарч ажиллах боломжгүй байсан.

2/ Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий Монгол банк зэрэг төрийн байгууллагын зүгээс хожуу ч хадгаламж авах, зээл олгохын тулд реклам сурталчилгаа хийж байгаа ХЗХ-доос болгоомжлохыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулж эхлэхэд аль хэдийн мөнгөө хадгалуулсан байсан. Зарим хадгаламж эзэмшигч ХЗХ-дод болгоомжтой хандахыг сануулсаар байтал үүнд хайнга хандсан тал бий.

(Тайланг товчилсон болно)

(Yг сонин 13/105)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button