Мөнгө хүүлэгчдийг хөрөнгө оруулагч гэх үү
Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжид зааснаар, иймэрхүү үйл ажиллагаа эрхлэн ашиг орлого олж буй бүх гадаадын иргэн хөрөнгө оруулагчид. Гэхдээ өөрсдөдөө биш, манай улсад хөрөнгө оруулагчид шүү. Гэтэл энэ нь багадаад бас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу бидний ярьж заншсанаар ломбард ажиллуулах зөвшөөрөл авсан гадаадын иргэн манай улсад хөрөнгө оруулсан гавьяатан болчихсон тууж явах юм. Хөрөнгө оруулагчдыг хэт тахин шүтнэ гэхэд энэ ч арай дэндэнэ ээ.
Ингэхэд бид гадаадын хөрөнгө оруулагч гэж чухам хэнийг хэлээд, бас маш олон хөнгөлөлт үзүүлэн давраагаад байгаа юм бэ. Дээрхээс харахад манай иргэдийг хөрөнгө оруулагч нэрийн дор боловсон гэгч нь шулж мөнгө олж буй гадаадын иргэд хөрөнгө оруулагчид бололтой юм. Уг нь яаж ч бодсон дээрх үйлчилгээний газрын эзэд, тэр дундаа барьцаалан зээлдүүлэх газрын эзнийг хөрөнгө оруулагч гэж хэлэхэд хэцүү л юм. Харин эсрэгээрээ. Ядарсан эдийн засагтай хэмээн хандивлагч орнуу-даас зээл тусламж гуйх Монгол Улсаас, ядуу амьдарч байна хэмээн төрийн халам-жид хамрагдах дуртай монголчуудаас мөнгө хүүлж байгаа хүмуүс яахаараа хөрөнгө оруулагч болчихсон хөнгөлөлт эдлээд сууж байдаг билээ. Тэдэнд энэ боломжийг хэн олгоод байна вэ. Нэгдүгээрт, манай холбогдох хууль тогтоомж.
Учир юу гэвэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын иргэн 10 мянган ам.доллартай л бол гадаадын хөрөнгө оруулагч хэмээн заасан байх юм. Хоёрдугаарт, хуулийн өрөөсгөл ч гэмээр энэ заалтыг бүрэн утгаар нь ямар ч хяналтгүйгээр хэрэгжүүлдэг газар нь Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг. Яагаад гэвэл, энэ агентлаг 10 мянган ам.доллартай л гэвэл тухайн иргэнийг үсчний, эсвэл барьцаалан зээлдэх газар ажиллуу-лах гэж байна уу хамаагүй, гадаадын хөрөнгө оруулагч мөн болно гэсэн тусгай картыг элгочихож байгаа юм. Үүнийх нь гавьяа-гаар өнөөдөр Монголоор дүүрэн хөрөнгө оруулагчид болчихоод байна. Гэтэл тэдний зарим нь юунд хөрөнгө оруулснаа ч мэддэггүй аж. Үүний жишээ нь, он гарсан даруйд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба (ГИХАЭА)-наас гадаадын хөрөнгө оруулалтаи гэх вьетнам автомашин засварын газруудад шалгалт хийжээ. Гэтэл хөрөнгө оруулагчдын карт өвөртөлсөн зарим нь юунд, ямар хөрөнгө оруулснаа ч мэдэхгүй байсан аж. Одоо тэдний заримыг албадан гаргаж байгаа гэнэ.
Шуудхан хэлэхэд, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийнхан энэ бүгдийг ул суурьтай шалгаад ямар уйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад нь энэ картыг олгох вэ гэдгээ сайн бодолцмоор. Ямартай ч албаны хүний мэдэгдсэнээр, манайд 3800 гаруй иймэрхүү маягийн хөрөнгө оруулагч байдаг гэнэ. Яагаад ийм олон байгааг асуухад мэ-дээж тэдэнд ашигтай учраас гээд дараахь тайлбарыг өгсөн юм. Гадаадын хөрөнгө оруулагч мөн гэсэн карт нь тухайн хүнийг маш олон зүй-лээс хөнгөлдөг аж. Хуулийн Дагуу шүү дээ. Тухайлбал, манайд улсад оршин сууж ажил хийх сонирхолтой иргэд зөвшөөрөл авахын тулд Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвд сар бүр 138 мянган төгрөг, мөн ГИХАЭА-нд сар бүр 30 мянган төгрөг төлөх ёстой аж. Иймээс энэ бүхнээс зайлсхийхийн тулд манай хуулийн сул талыг ашиглан хөрөнгө оруулагч нэрийн дор уг картыг авдаг байна. Энэ картыг авахад 50 мянган төгрөг төлдөг бөгөөд нэг жилийн хугацаатай. Сар бүр 180 мянган төгрөг төлөх, жилдээ ганц удаа 50 мянгыг төлөх хоёрын зөрүү нь хэнд ашигтай байх билээ.
Үүнтэй холбогдуулаад Монголд оршин суух визийн асуудал гарч ирнэ. Одоо байгаа хөрөнгө оруулагчид 30 хоногийн буюу ихэвчлэн жуулчны визээр орж ирмэгцээ уг картыг авчихдаг аж. Тэгээд л бид хөрөнгө оруулагчид хэмээн томорч, оршин суух виз даруулдаг байна. Уг нь хөрөнгө оруулагчид Жуулчны буюу С виз биш, хөрөнгө оруулалтын буюу Т визээр орж ирэх ёстой юм байна. Харамсалтай нь, үүнийг манай Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийнхан үл тоомсорлодгоос ч юм уу, ямартай ч хөрөнгө оруулагчийн картыг олгож гадаадын иргэдийг ийн давраахад хүргэдэг байна. Мөн эдгээр хөрөнгө оруулагчид Татварын тухай хуульд заасан хөнгөлөлтийг 2-3 жил эдэлчихээд компаниа зориудаар дампууруулдаг, үйл ажиллагаагаа эхлээгүй атлаа дансан дахь мөнгөө буцаан татаж авах тохиолдол ч гардаг гэнэ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ гэдэг шалгуурыг нарийн тодорхой болгож, түүнд тавих хяналтаа чангатгахгүй бол Монгол руу мөнгө урсах биш, монголчуудын мөнгө гадагшаа урссаар дуусах нь.