Солонгос хэлний шалгалтад бүртгүүлэх иргэд

Уг шалгалтад бүртгүүлэхэд гадаад паспорт, эсвэл англи хэл дээр бичсэн иргэний бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын тодорхойлолт, гурван хувь цээж зураг, шалгалтын төлбөр болох 30 ам.доллар шаардлагатай гэсэн юм. Тиймээс иргэд эдгээр бичиг баримтыг бүрдүүлэхээр Цагдаагийн ерөнхий газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гадна өдөржин дугаарлан зогсч байна. Солонгосын тал энэ удаад шалгалтад орох хүмүүс заавал гадаад паспорттай байх шаардлагагүй. Харин ИБМУТ-өөс иргэний үнэмлэхээ англи хэл дээр хөрвүүлсэн лавлагаа авчрахыг шаардсан юм.

ИБМУТ-ийнхөн уг лавлагааг 1000 төгрөгөөр гаргаж өгч байсан бөгөөд өчигдөр 15 цагийн үед сүлжээ тасарсан гэсэн шалтгаанаар үйлчилгээгээ түр зогсоож иргэдийг багагүй бухимдуулж байлаа. Мөн ЦЕГ-аас гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай тодорхойлолт авахаар дугаарлан зогссон 100 гаруй хүн дотогш орохын тулд тэндхийн хоёр хамгаалагчтай нэлээд тэмцэлдэж байв. Харин шалгалтад бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлсэн зарим иргэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд цугларч өөрсдийн санаачилгаар албан бус бүртгэлээ эхлүүлжээ. Тэд одоогоор 600 гаруй хүн бүртгээд байгаа гэнэ. Хүн бүрийн овог, нэр, регистрийн дугаарыг гараар бичсэн бүртгэлийн хуудсаа компьютерээр бичээд маргааш албан ёсны бүртгэл эхлэхээр нь зохих албаны хүмүүст нь өгнө гэж байв. Уг бүртгэлийн ажлыг зохион байгуулж буй залуугаас тэдний бүртгэлийн хуудсыг Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөн хүчинтэйд тооцож авах болов уу гэхэд Бид бичиг баримтаа бүрдүүлсэн хүмүүсийн нэрсийг урьдчилан гаргаснаар тэдний ажлыг л хөнгөвчилж байгаа.

Бүртгэл эхлэх өдрүүдэд энд олон мянган хүн цуглана. Тиймээс эмх замбараагүй байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Бидний бүртгэлийг хүлээж авах байх гэсэн хариулт өгөв. Гадаадад ажиллах хүч илгээх төв товлосон өдрөөсөө өмнө маргааш (өнөөдөр) бүртгэлээ эхэлнэ гэсэн яриа байгаа учир урьдчилан бүртгэл хийсэн хүмүүсийн төлөөлөл өчигдөр шөнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдийг сахиж машиндаа хононо гэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button