Хархорин жишиг хот болох нөхцөл бололцоо байна
Засгийн газраас Монгол орны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дэвшүүлж, Хархорин сумыг Хангайн бүсийн жишиг хот болгох зорилт дэвшүүлээд байгаа. Энэ ч утгаар нь тус сумын эдийн засаг, дэд бүтэц, хүн амын төвлөрөл суурьшлын талаар сонирхож, Засаг дарга Г.Нямдуламтай ярилцсан юм. Хархорин сум аймагтаа төдийгүй улсын хэмжээнд томоохон суманд тооцогддог аж. Газар нутгийн хувьд төдий л том биш боловч 15 мянган хүн ам, 150 мянган толгой малтай юм байна. Сум гэхэд 11 жилийн хоёр ч дунд сургууль, өнгөрсөн жил ашиглалтад оруулсан цогцолбор бага сургуультай гээд бодохоор бас ч жижиг газар биш нь тодорхой. Бас хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Yндэсний коллеж байрлаж, сургалт явуулдаг байна.
Хоёр жилийн өмнөөс ажлын байр бий болгох талаар анхаарч ажилласны үрээр ажилгүйдэл багасч байгаа гэнэ. Энэ онд ажил идэвхтэй хайж байгаа гэх бүртгэлтэй 541 хүний 80 хувийг байнгын болон улирлын чанартай ажлаар хангах боломжтой болжээ. Энэ нь Хархориноос Хужирт, Цэцэрлэгийн чиглэлд тавих тус бүр 36 км урт хатуу хучилттай зам тавигдах гэж байгаатай холбоотой аж. Бас Хар хорин ХХК-ийн орон нутгийн өмчийг Гангар инвест компанид худалдаж, түүний харьяалалд байсан газрыг үйлдвэрлэл, үйлчилгээ, ногоо тарих чиглэлээр нээлттэй дуудлага худалдаанд оруулснаар ажлын байр бий болгох боломж гарч байгаа гэсэн.
Түүнээс гадна энэ бүс нутагт жуулчны 15 бааз ажиллаж байгаа нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд сайн нөлөө үзүүлж буй ч толгой компани нь нийслэлд төвлөрч байдгаас тэд зөвхөн газрын төлбөр л төлж, бусад ашиг орлогоо аваад талийдаг нь орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр болж чаддаггүй юм байна. Тиймээс Хархоринд бүртгэлтэй аж ахуйн нэгжид газрын зөвшөөрөл олгох бодлого баримтална гэж сумын Засаг дарга ярина билээ. Уг нь зөвхөн Эрдэнэзуу хийдийг үзэж сонирхсон хүмүүсийн тоогоор бодоход Хархоринд жилдээ гадна дотнын 25 мянга орчим аялагч, жуулчлагч ирж очдог юм байна. Дэд бүтцийн хувьд ч муугүй юм. Төв аймгийн Лүн сумын орчим засвар хийж байгаа хэсэгхэн замыг эс тооцвол Улаанбаатараас Хархоринд зургаан цаг гаруй яваад орчих жишээтэй. Эрчим хүчинд бол аль хэдийнэ холбогдсон байна.
Yзэж харах зүйлийн хувьд бас ч юм юмтай. Эрдэнэзуу хийдийн үүх түүхтэй холбоотой Мэлхий толгой гадна дотнын хэний ч сонирхлыг татна. 4-6 тонн жинтэй мэлхийнүүдийг хийдийн дөрвөн зүгт нэлээд өндөрлөгт аваачаад тавьчихсан байх. Бас хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан Монголын их гүрнүүдийн хөшөө цогцолбор хүний нүд хужирлах бага бус байгууламж байлаа. Хамгийн гол нь эртний түүхийн өлгий болсон Эрдэнэзуу хийдийн эргэн тойрон дахь Орхоны хөндий үнэхээр үзэсгэлэнтэй сайхан юм. Энэ бүхнийг үзэж харж явахад Хархориныг жишиг хот болгоход болохгүй юмгүй санагдаж байсан. Биднийг тэнд очиход Хархорин сумын Миний нутаг сайхан урлаг спортын наадам болж байлаа. Энэ арга хэмжээ зургаа дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа аж. Урлаг спортын наадмын хүрээнд Хархорин сум, аймгийн төв болон нийслэлд суралцаж байгаа оюутны шигшээ багийн гарбөмбөгийн бооцоот тэмцээн явагдаад дуусч байлаа. Сумын эрэгтэй, эмэгтэй тамирчид түрүү магнай болсныг бодоход, бас бүхэл бүтэн концерт тоглохыг харж суухад урлаг, спортын авьяастай түмэн юм даа гэж бодогдсон.
Тус арга хэмжээг НХХ-ийн дэд сайд С.Чинзориг, YХ-ны дэд сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан байна. Энэ байдлаар төр засгийн хариуцлагатай алба хашиж байгаа нутгийн унаган иргэд нутаг орноо хөгжүүлэх талаар анхаарч байгаад хүмүүс талархалтай хандаж байлаа. Ер нь Хархорин сум жишиг хот болох нөхцөл бололцоо байгаа нь харагдаж байв.