Yүл буудах уу, пуужин харвах уу

-Таныг говь нутагт анх үүлэнд пуужин харваж бороо оруулах туршилтыг амжилттай хийсэн гэж сонссон. Энэ тухайгаа ярьж өгнө үү?

-Би ШУА-ийн харьяа газар хөдлөлт бүртгэх Даланзадгад станцын даргаар ажиллаж байна. Говь нутагт жил дараалан ган, зуд болж гамшгийн байдалд хүрсэн үе буюу одоогоос дөрвөн жилийн өмнө Гантай тэмцэх төв байгуулах саналаа аймгийн удирдлагад танилцуулж дэмжлэг авсан. Тэгээд 2003 оны хавар БНХАУ-аас үүлэнд пуужин харвах төхөөрөмж, хэдэн пуужингийн хамт оруулж ирсэн. Дараа жилийн нь намар Булган, Мандал-Овоо, Ханхонгор сумын нутагт туршилт хийсэн. Эерэг үр дүн гарсан даа.

-Эерэг гэлээ. Тухайн пуужин харвасан нутгуудад хэдий хэмжээний бороо орсон бэ?

-Нэг жишээ хэлье. 2005 оны зургадугаар сард Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутгийн заагт Ахарын уулын орчим таван пуужин харвахад үүл хоёр хуваагдан аль алинаас нь бороо орсон. Ахарын ууланд маш усархаг бороо орж байлаа. Цаг уурын станц ойр байдаггүй болохоор хур тунадасыг нарийн хэмжиж чадаагүй юм. Энэ удаагийн туршилтыг Хурын шим төвийнхөнтэй хамтарч явуулсан. Түүнээс хойш Ханхонгор, Хүрмэн зэрэг сумын нутагт дөрвөөс таван удаагийн туршилт хийж хур оруулсан.

-Тэгэхээр харвах пуужин нь байвал говьд ган гачиггүй байж болох, улмаар дуртай цагтаа бороо оруулж болох юм байна гэж ойлгож болох уу?

-Яг тийм ойлголт байж болохгүй. Тухайн үед бороошмол үүл байхгүй нөхцөлд хичнээн мундаг пуужин байгаад нэмэргүй л дээ. Бас огт усгүй үүлнээс яагаад ч бороо орохгүй. За тэгээд цаг агаарын төлөвийг мэдэхгүйгээр харвалт хийх юм бол аз туршсан хэрэг болно.

-Нэг ширхэг пуужин харвахад хэдий хэмжээний бороо, тунадас орох вэ. Ийм судалгаа бий юу?

-Ер нь ганц нэг пуужин харваад хэрэгцээт бороогоо оруулчихна гэвэл эндүүрэл. Их хэмжээний үүлэнд олон пуужин харваж байж ахиу бороо оруулах боломж бий. Yүлэнд пуужин харвахад үүлний хэлбэр, нүүх чиглэл, газраас дээших өндөр, зузаан, агаарын даралт, салхины хурдыг нарийн тооцоолсон байх шаардлагатай. Тиймээс энэ бол мэргэжлийн байгууллага, хүмүүсийн хийх ажил юм шүү.

-Засгийн газрын хуралдаанаас 2007 онд говийн аймгуудын нутагт зориудаар бороо оруулах арга хэмжээнд зориулж 106 сая төгрөг баталсан. Хурын шим төвийн харьяанд дөрвөн экспедиц гарган ажиллуулахаар болсон. Танай төв энэ ажилд оролцох уу?

-Бид төвөө татан буулгасан. Техник, тоног төхөөрөмжөө аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд шилжүүлээд байгаа. Учир нь өмнөх жилүүдийн ажлаас үзэхэд энэ ажил жинхэнэ мэргэжлийн байгууллагын хийх ажил гэдэг нь алхам тутамдаа ойлгогдож байсан.

-Yүлэнд мөнгөн ус ч бил үү, нүүрс ус бил үү пуужингаар цацаж, хур тунадас оруулдаг гэж хүмүүсийн ярихыг сонссон юм байна. Чухам ямар бодис цацдаг юм бэ. Тэр нь байгаль орчин болон хүн амьтанд хортой биш үү?

-Хоргүй. Харвасан пуужин маань үүлэнд иодот мөнгө гэдэг бодисыг цацдаг. Энэ бодис байгаль орчин болон хүн амьтанд ямар ч хоргүй. Манай хүмүүс иодот мөнгийг мөнгөн устай андуурч яриад айдас төрүүлдэг байх.

-Таны гаднаас оруулж ирсэн пуужин ямар маркийн, ямар хүчин чадалтай пуужин бэ?

-Миний оруулж ирсэн пуужин харвах төхөөрөмж бол RҮI-6300 маркийн пуужин. 6300 м өндөрт хөөрөх хүчин чадалтай юм. Энэ пуужин бол их хэмжээний талбайг эзэлсэн, зузаан үүлний масст харвахад тохиромжтой болох нь батлагдсан.

-Уг пуужинг малчид хувиараа худалдаж авчраад нутагтаа бороо оруулж болохгүй юу. Ямар үнэ ханштай байдаг юм бол?

-Болохгүй. Нэгд, Хятадын байгууллагууд хувь хүнд худалддаггүй хууль дүрэмтэй байдаг. Хоёрт, пуужин маань тэсэрч дэлбэрэх маш аюултай. Гуравт, пуужинтай харьцах маш хатуу, нарийн, аюулгүй ажиллагааны заавартай. Зөвхөн сургалтад хамрагдаж, шалгалт өгч тэнцсэн мэргэжлийн үнэмлэхтэй инженер, техникийн ажилтнууд харвах ажиллагааг гүйцэтгэдэг. Пуужин өндөр үнэтэй.

-Өмнөговь аймгаас өөр цаг уурын пуужинтай аймаг байдаг уу?

-Цаг уурын пуужинтай аймаг бол ганцхан манай аймаг. Монгол Улсад Хурын шим төвөөс өөр цаг уурын пуужинтай газар байгаагүй.

-Танай аймгаас бусад нь Хурын шим төвийн гарыг харах болдог юм шиг байна даа?

-Одоогоор тийм байгаа. Ганц төв Монголын энэ уужим нутагт газар бүрт хүрч ажиллана гэж худлаа. Иймд аймгуудын ус, цаг уурын байгууллагуудын дэргэд цас, борооны үүлэнд пуужин харваж хур тунадас оруулах ажлыг эрхэлдэг байнгын ажиллагаатай, салбартай болох нь чухал юм. Цаашлаад пуужингаа эх орондоо үйлдвэрлэдэг болох шаардлагатай. Дан гадаадаас аваад байна гэвэл зардал нь дийлдэхгүй хэцүү шүү дээ.

-Эцэст нь нэг асуулт байна. Yүл буудна, үүлэнд нөлөөлнө гэх зэрэг янз бүрээр ярьдаг. Гэтэл та пуужин харвах гэж хэллээ. Ялгаа байна уу?

-Yүл буудах гэх нь буруу хэллэг. Олон түмэн ч тэнгэр бурхан руугаа буудлаа гэж дургүйцэх хандлага бий. Тэгэхлээр үүлэнд цаг уурын пуужин харваж хур тунадас оруулна гэж ярих нь оносон хэллэг юм шүү. Хэвлэл, мэдээллийнхэн та бүхэн ч үүнийг анхаарахад илүүдэхгүй ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button