Гадаадад ажиллах хүч илгээх товчоо эрх зүйн чадамжтай байгууллага мөн?

Дахиад л түгшүүрийн харанга дэлдэж эхэллээ. Бүтэн жилжингээ гэртээ толгойгоо салаавчилж хэвтсэн монголчууд одоо нэг төрийн маань сүлд ивээж ажил албагүй мань мэт нь гадагшаа гарч амьжиргаагаа дээшлүүлэх цаг ирэв үү хэмээн нуруу тэнийлгэх гэтэл бас л бүтэхгүй нь. Өнгөрсөн зун, намрыг дамжин шуугиулсан Зуучлах товчооны асуудал дахин босч ирлээ. Саяхан л Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам /НХХЯ/-ны харьяа Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс Энэ жил манайх Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй 15000 хүнийг англи хэлний шалгалтад хамруулна хэмээн баяр бахдалтай зарлаж байсан. Бүр маргааш гэхэд Төв цэнгэлдэх дотор бүгдийг нь цуглуулж байгаад бүртгэчих юм болсон. Энд бүртгүүлэх гэж яарсан хүмүүс зөвхөн Ял шийтгэл эдэлж байгаагүй нь үнэн гэдэг тодорхойлолт гаргуулж авахын тулд өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын үүдэнд бүтэн өдөржингөө дугаарлаж эгээтэй л бие биеэ дараад алчихсангүй. Гэтэл үнэн хэрэгтэй байдал ямар байна вэ? Харамсалтай нь, энэ удаа тэр хүмүүсийн урмыг хугалахаас аргагүйд хүрэв. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх НХХЯ-ны харьяа Гадаадад ажиллах хүч илгээх төвийн үйл ажиллагааг түдгэлзүүлээд байна. Талийгаач Д.Сүхбаатар агсны эрхэлж байсан гадаадад ажиллах хүч илгээх Зуучлах товчоо ХХК-ийнхан Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ны эсрэг шүүхэд гомдол гаргаад байгаа. Тэд ТӨХ-ны дарга ноён Д.Сугарын тушаалаар 100 хувийн төрийн өмчит Гадаадад ажиллах хүч илгээх төв гэдэг байгууллагыг шинээр байгуулсан явдал нь Ажиллах хүч гадаадад зуучлан гаргах чиг үүрэг бүхий төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийг одоо энэ ажлыг эрхэлж байгаа компанитай хамтран зохих журмын дагуу зохион байгуулагыг ТӨХ /Д.Сугар/, НХХ-ийн сайд Д.Дэмбэрэлд даатгасугай гэсэн Засгийн газрын тогтоол, мөн энэ тогтоолыг баталгаажуулсан НХХ-ийн сайд Д.Дэмбэрэлийн тушаалыг зөрчжээ гэж үзэж шүүхэд хандсан. Харин нийслэлийн Захиргааны хэргийн шүүх тэдний энэ нэхэмжлэлийг үндэстэй гэж үзэж ТӨХ-ны дарга Д.Сугарт холбогдох энэ маргааныг шүүхээр эцэслэн шийдэх хүртэл НХХЯ-ны харьяа Гадаадад ажиллах хүч илгээх төвийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Зуучлах товчооны үүсгэсэн маргаан тус төвийг анхлан байгуулсан ТӨХ-ны тогтоол той холбоотой тул энэ захирамж нь Гадаадад ажиллах хүч илгээх төв гэдэг төрийн өмчит компанийг байхгүй болгож байгаа гэсэн үг. Гэтэл яагаад бүтэн долоо хоногийн өмнө шүүхийн захирамжаар үгүй болчихсон компанийн нэрээр хэн хаана бүртгэл явуулаад байгаа хэрэг вэ.

Хэрвээ шүүхийн шийдвэр Гадаадад ажиллах хүч гаргах төв нь хууль зөрчиж байгуулагдсан тул үйл ажиллагаа явуулах эрхгүй гээд гарчихвал энэ 15000 хүний бүртгэлийн хураамжид өгсөн 150000 мянган ам доллар /нэг хүний 10 ам.доллар/, хэлний шалгалтанд өгсөн 450000 мянган ам.долларыг хаанаас нэхэмжлэх юм бол. Зөвхөн цагдаагийн тодорхойлолт л авахын тулд нэг хүн 500 төгрөг төлж байгаа. Шүүхийн захирамжийг шуудангаар хүлээж авсан ТӨХ-ны дарга Д.Сугар одоог хүртэл яагаад бий болсон нөхцөл байдалд тайлбар хийхгүй байгаа нь бас л сонирхолтой. Зуучлах товчоо гурван жил ажиллахдаа 11000 хүнийг гадаадад илгээсэн байхад ажлаа эхлээгүй байж эрх зүйн чадамжгүй болчихоод байгаа энэ байгууллага ганцхан жилийн дотор 15000 хүн гаргаж чадах уу? ТӨХ-ны дарга ноён Д.Сугарын түүхий хагас хийсэн энэ ажлаас болж Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид шиг бас нэг хэдэн мянган хүн гуамжинд гарах хэрэг арах юм биш биз гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрөхөөр байна.

(Ардын эрх 97/629)

Ц.БУЛГАНЗАЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button