64 жил толгойдоо сумтай явжээ
Хятадын Шуань хотын 77 настай эмгэн Жин Гуаншинь толгой нь өвдөөд олон жил болжээ. Эцэст нь эмчид хандахаар шийдсэн байна. Эмч нар түүнд рентген зураг хийж үзтэл гавлын ясанд нь жинхэнэ сум зоолттой олон жил болсон байсныг илрүүлжээ. Эмнэлгийн ажилтнууд гайхан балмагдав. Эмээгийн гэр бүлийнхэн ч багагүй шоконд оржээ. Ээжийн толгойд сум байгааг мэдээд бид цочирдсон хэмээн хүү нь хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлэв.
Толгойдоо сумтайгаа мэдсэн Жин Гуаншинь эл явдал 1943 онд, дэлхий II дайны үед болсныг санажээ. Тэрээр тэр үед ердөө 13 настай байсан бөгөөд партизан эцэгтээ идэвхтэй тусалдаг охин байжээ. Есдүгээр сарын нэгэн цэлмэг өдөр ээж нь Японы армийн эсрэг тулалдаж байгаа аав болон нөхдөд нь хоол аваачиж өгөхийг охиноосоо хүсчээ. Гэтэл японууд хоол хүргэж явсан Гуаншинийг хөөж, дараа нь араас нь бууджээ. Сум баруун чихний үзүүрээр нэвт гарах шиг болж, дараа нь би газарт унаад ухаан алдсан хэмээн хятад эмээ дурсан ярьж байна.
Охин ухаан ортол гэртээ хэвтэж байжээ. Ээж нь түүнийг бүхий л боломжтой эм дом, өвс ургамлаар эмчилсэн байна. Жин охин гайхалтай хурдан эдгэрсэн гэнэ. Тэр гурван сарын дараа хөл дээрээ боссон аж. Сум охины толгой руу шууд ороогүй ажээ. Сум эхлээд охины хажуугаар гүйж явсан хүний гарыг нэвт гарч, дараа нь охины толгойг оножээ. Эмч нарын үзэж буйгаар энэ нь охиныг аварсан аж. Сум эхлээд өөр хүнийг шархдуулж, хурдаа алдсанаар охиныг үхэлд хүргээгүй хэмээн эмч ярилаа.
Мэс засалчид эмээгийн толгойноос сумыг гарган авч чаджээ. Сум 64 жил Гуаншиний толгойд байдаа эрүүл мэндэд нь хор хохирол учруулаагүй нь эмч нарын хувьд оньсого хэвээр үлдэв. Yүнийг ёстой жинхэнэ гайхамшиг гэлтэй.