Адуу шувууны томууд өртөмтгий
Тэд томуу дагуулж ирж магадгүй гэсний үндсэн дээр энэ удаагийн ЗМ-ний лавлах буланд шувууны томуу гэж юу вэ, хэрхэн халдварладаг, түүнээс яаж хамгаалах талаар мэдээлэл хүргэж байна. Учир нь 2005 оны наймдугаар сард манай улсад анх удаа шувууны томуу гарч, олон шувуу үхэж ард иргэдийн түгшээж байсан билээ. Нүүдлийн шувууд халдвар тараасныг мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр тэгэхэд тогтоосон билээ. Энэхүү материалдаа Глоб интернэшнл ТББ-гаас гаргасан гарын авлагаас ашиглав.Шувууны томуу гэж юу вэ, хэрхэн халдварладаг вэ
Шувууны томуу гэдэг нь дэлхий нийтэд өргөн тархсан, вирусээр халдварладаг амьсгалын замын хурц халдварт өвчин юм. 1981 онд шувууны томуугийн олон улсын бага хурлаас уг өвчнийг албан ёсоор өвчлөлийн ангилалд оруулсан байна. Анх шувууны томуу 2003 оны сүүлээр Зүүн Азийн бүс нутагт дэгдэж байсан бол удалгүй нүүдлийн шувуудаар дамжин Европ, Ойрхи Дорнодын орнуудад тархаж, улмаар шувуунаас хүнд халдварласнаар дэлхий нийтийг түгшээсэн халдварт өвчний нэг болоод байна. 2006 оны зургадугаар сард ДЭМБ-гаас гаргасан албан ёсны мэдээллээс үзвэл шувууны томуу өвчний вирусээр Вьетнам, Сингапур, Тайланд, Индонез, Ирак, Турк, Хятад зэрэг 36 оронд гурван жилийн хугацаанд 186 хүн өвчилснөөс 105 нь нас барсан байна. Уг өвчний үүсгэгчийг H5N1 вирус гэдэг. Шувууны томуугийн халдварт тахиа, нугас, галуу, бүргэд зэрэг шувуунаас гадна муур, бар, ирвэс, гахай, адуу өвчилж, улмаар хүнд халдварладаг байна. Манай орны хувьд өмнө нь хөрш зэргэлдээ Орос, Хятадад гарсан нь сэтгэл түгшээж байлаа. Гэтэл өнгөрсөн 2005 онд Хөвсгөл аймгийн Эрхэс нуурын орчимд 700 гаруй шувуу үхсэн билээ. Энэ нь нүүдлийн шувуугаар дамжин ирсэн томуу байлаа. Уг өвчний халдвар нь дулаан орны усны шувууд нүүдэллэхдээ зам зуурын гол, нуур, далайд олноороо цугларч халдвар тарааж, нүүдлийн чиглэлийн дагуух хот, суурин газарт бохирдол үүсгэдэг аж. Энэ нь халдвартай усны шувуудын сангасаар бохирдсон ус, нуур, цөөрмийн ус болоод өвс тэжээл юм. Иймээс бохирдсон ус, өвсийг адуу, гэрийн тэжээвэр амьтад идэж халдвар авдаг байна. Улмаар хүнд дамжих аюултай юм.
Шувууны томуу хүнд яаж халдварладаг, хэн өртөх аюултай вэ гэдгийг танд анхааруулъя. Yхсэн, эсвэл өвчтэй шувуу, гахайтай ойр байсан хүмүүс, шувууны аж ахуй эрхлэгчид, шувуу, гахайн бүтээгдэхүүнтэй ойр ажилладаг хүмүүс илүү өртдөг байна. Мөн шувууны томуугийн халдвар авсан хүнтэй хамт байх, өвчин гарсан бүс нутгаар ажиллаж, аялж яваа хүмүүс халдвар авах магадлалтай. Тиймээс онц шаардлагагүй бол шувууны томуу гарсан улс орон руу явахгүй байх. Хэрвээ зайлшгүй зорчвол тахиа, шувуу, гахайн ферм амьтны зах, дэлгүүрээр явахгүй байх, мөн эдгээр амьтныг нядалж борлуулдаг газарт очиж болохгүй.
Хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ
Шувууны томуугийн халдвар нь ахуйн хавьтал, агаар дуслын замаар дамжин тардаг байна.
Хэрвээ халдвар авсан тохиолдолд 1-3 хоногт нууц байдалд байдаг бөгөөд та өвчний шинж тэмдэг илрэхээс долоо хоногийн өмнө голомттой бүс нутгаар явсан, томуугаар өвчилсөн байж болзошгүй хүнтэй хамт байсан, өвчилсөн амьтадтай ойр ажилласан тохиолдолд халдвар авсан байж магадгүй. Халдвар авсан бол дараахь шинж тэмдэг илэрдэг байна.
-38, түүнээс дээш хэмээр халуурах
-Хоолой өвдөх, аргах
-Булчин шархирч өвдөх
-Нүдний салст үрэвсэх
-Ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч богино хугацаанд хүндэрдэг аюултай.
Шувууны томуугийн талаар Японы судлаачид 2001-2003 онд Монгол орны төв, зүүн нутагт зэрлэг шувуудаас А хүрээний вирус, 2003-2007 онд баруун аймгуудад хийсэн шинжилгээгээр есөн зүйлийн 17 шувуунаас H4N6, H3N6 хэв шинжийн вирус илрүүлжээ. Манай улсын хувьд шувууны томуугаар адуу өвчлөх магадлал өндөр байдаг гэнэ. Учир нь нүүдлийн шувууд адууны бэлчээрт олноор буудалладаг байна. Тэд нэг голоос ундаалдаг учраас халдвар авч болзошгүй ч ийм тохиолдол хараахан илрээгүй юм. Гэхдээ энэ байдлаас урьдчилан сэргийлэхэд илүүдэхгүй. Мөн Монгол тэмээ шувууны томуугийн А вируст өртөмтгий болох нь тогтоогджээ. Гэвч нүүдлийн шувууд буудалладаг газарт тэмээ нутагладаггүй байна.
Шувууны томуугаас хэрхэн сэргийлэх вэ
Юуны түрүүнд амьтадтай ажиллахдаа хамгаалалтын хувцас байнга өмсч, амны хаалт хийх шаардлагатай. Шувууны томуу хүнд халддаг гол зам нь халдвартай шувуунд хүрэх, эсвэл сангаснаас бохирдсон эд зүйлд хүрснээс шалтгаалдаг байна. Мөн дараахь зүйлийг анхаараарай.
-Олон шувуу цуглаасан газар очихгүй байх.
-Шувууны сангастай зүйлд хүрэхгүй байх.
-Yхсэн, эсвэл өвчилсөн байж болзошгүй сул дорой шувуунд хүрэхгүй байх.
-Нүүдлийн шувууг ахуйн зориулалтаар агнахгүй байх.
-Нүүдлийн шувуу олноор цугласан нуур, голын усанд орохгүй байх.
-Мөн шувууны сэг, зэмтэй таарвал хүрч болохгүй. Ийм зүйлтэй таарвал онцгой байдал болоод мэргэжлийн хяналтын газар, эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Хэрвээ өвчилсөн байж болзошгүй, эсвэл бусад шувуунд санамсаргүй хүрсэн бол гараа сайтар угааж, 0.5 хувийн хлорамины уусмал хэрэглээрэй.
-Эрүүл ахуйн баталгаагүй өндөг, шувууны мах хүнсэнд хэрэглэж болохгүй.
-Тахианы мах, өндгийг өндөр хэмд удаан хугацаагаар буцалгаж, шарж идэх нь зөв юм.
-Буцалсан усанд С витамин уусгаж уугаарай.
Нүүдлийн шувуудыг хил дээр саатуулж шалгах боломжгүй учраас ямар нэгэн халдвар тээж ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс та дээрх зөвлөгөөг дагаж, ариун цэвэр сайн сахиж, өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалаарай. Энэ нь шувууны томуу гарахаас сэргийлэх болно.