П.ДАВААХYY СОНСОХ+УНШИХ энэ бол ярьж сурах томъёо

-Хэл сурахад, тэр тусмаа англи хэлийг сурахад хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

-Манай монголчуудад улаан цэнхэрээр үгээ ялгаж бичээд энд тэнд наавал хэл сурна гэсэн. түгээмэл ойлголт байдаг л даа. Энэ арга барил хэдийнэ хоцрогдсон. Одоо ч гэсэн хүмүүс хэл сурах энгийн бөгөөд амархан аргыг хайсаар буй. Гэтэл үнэн хэрэгтээ амархан хэл сурна гэж байхгүй. Харин хэцүү зүйлийг өөртөө тохируулж амар болгож задалж болно. Англи хэлийг амархан сурах боломж нь сайн ном, сайн багштай байх биш. Гадаадынхантай ярилцах ч биш. Хэл сурах хамгийн чухал арга бол хүсэл, хүсэх гэсэн таван үгнээс бүтсэн үг. Хүн хэл сурахын тулд эн тэргүүнд үнэн сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Хүсэл байгаа цагт сайн ном үзэж, сайн багшаар заалгах гэсэн хэлбэрүүдийн алийг нь ч сонгож болно.

-Тэгвэл хэл сурах хүсэлтэй хүн юунаас эхлэх ёстой вэ?

-Англи хэлний өгүүлбэр зүйн бүтэц монгол хэлнийхээс тэс ондоо. Тиймээс өөрийн гэсэн бяцхан ертөнцийг бүтээх хэрэгтэй. Хүмүүс шууд англиар ярьж сурахыг хүсдэг. Гэтэл ямар ч сэдвээр чөлөөтэй ярьж, үзэл бодлоо илэрхийлж чаддаг хүнийг англи хэл сурчээ гэж үздэг. Монголд дүрэм мэддэг, бичдэг, уншдаг залуучууд олон бий. Харин яг нэг сэдвийн талаар ярилцъя гэхээр таг болдог. Англи хэлийг сурах гол зорилго нь гадаад ертөнцтэй харилцах. Ингэхийн тулд өөрийн мэддэг үгээр бүтсэн энгийн өгүүлбэр зохиож чаддаг байх ёстой. Энэ бол эхлэл. Түүнээс биш шууд англиар ярьж чадахгүй. Хүмүүс америк, англи багштай сургалтыг сайн гэж боддог. Сайны хувьд сайн. Гэхдээ Монголд, ирж буй багш нарын олонхи нь мэргэжлийн бус хүмүүс байдаг. Тэд Англи, Америктаа автобусны жолооч, эсвэл коллеж төгссөн хүмүүс байх жишээтэй. Биднийг ч гэсэн Англи, Америкт очоод монгол хэл заа гэвэл чадна. Yүнтэй л адил. Хэлийг хэн бусдад сайн зааж чаддаг вэ гэвэл зовлонг нь өөрөө амссан хүн. Тиймээс ч би англи хэлний хувьсгал нэртэй лекцээ дөрөв дэх удаагаа унших гэж байна.

-Yг, дүрэм мэддэг хэрнээ ярьж чаддаггүй хүн олон бий. Тэд яавал яриагаа сайжруулах вэ гэж толгойгоо гашилгадаг?

-Англи хэлийг дөрвөн том бүлэгт хувааж үздэг. Америк, Британи, Австрали, НYБ-ын гэж. Өнөөдөр англи хэлийг ашиглаж буй хоёр тэрбум 415 сая хүн дэлхий дээр байна. Манайхан НYБ-ын бүлэгт нь ордог. Тэр хүмүүст хандаж хэлэхэд ярьж сурахын томъёо нь сонсох + унших юм. Хүний хэлж буй зүйлийг сонсоод ойлгож чадаж байвал хариулна. Харин дараа нь зөв уншиж байж хүнд хэлдэг. Зөв уншдаг хүн цэвэрхэн ярьдаг юм. Ямар ч хүн шууд л англи, америкчууд шиг ярьж чадахгүй. Гэхдээ энэ бол хэзээ ч чадахгүй гэсэн үг биш. Англи, америкчуудтай утсаар ярихад тэд намайг америк хүн гэж боддог. Энэ бол зөвхөн миний сайных биш. Yүгээрээ би монгол хүн хэл сурах авъяастай байдаг юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Монголчууд шиг хэл сурах авьяастай бөгөөд цэвэрхэн ярьдаг үндэстэн дэлхий дээр өөр байдаггүй болов уу.

-Та Англи хэлийг хаана сурсан юм бэ?

-Би Монголдоо сурсан. Чадалтай баян айлын хүүхдүүд шиг төлбөрөө эцэг эхээрээ төлүүлээд америк яваагүй би. Эх орондоо англи хэл сураад TOFEL-ийн шалгалт өгч АНУ-руу урилгаар явж байв. Миний TOFEL-ийн оноо Азидаа хоёрдугаарт орж байсан юмдаг. Нэгт нь Энэтхэг охин орж байлаа.

-Англи хэл сурч байгаа хүн өдөрт хэдэн цаг зарцуулбал үр дүнтэй байх вэ?

-Өдөрт хамгийн багаар хоёр цаг үзэж байх хэрэгтэй. Гэхдээ хэл сурах хамгийн сайн арга бол өөртөө тохирсон хэлбэрийг олох. Ном унших, кино үзэх, хадмал орчуулгатай мэдээ сонсох гээд юу ч байж болно. Харин өөрт тохирсон хэлбэрээ олсноо яаж мэдэх вэ гэвэл тухайн хүн сурах явцдаа уйдах ёсгүй. Аргаа олсон хүн уйдах, залхах ёсгүй гэсэн үг. Хүн болгон ном унших, зурагт үзэх, англичуудтай ярилцах албагүй. Сурах аргаа зөв олсон хүн аяндаа дур сонирхолдоо хөтлөгдөн хэл сурдаг юм.

-Сүүлийн үед болсон, болоогүй хүмүүс англи хэлийг хэрхэн сурах талаар лекц унших боллоо?

-Yүнийг буруутгах арга байхгүй. Өнөөдөр дэлхий дээр хэнбэгуайд ч хэрэгцээ шаардлагатай хоёрхон хэл байна гэж судлаачид үзэж буй. Нэгдүгээрт англи хэл, хоёрдугаарт бусад нь гэж.

-Судлаачид Арго багшийг шүүмжлэх болсон. Хар ярианы хэл заалаа гэж?

-Арго багшийг би мэднэ. Тэр логик талын хүн. Yгийн үүсэл, үгийг яаж холбохыг л хүнд заана. Харин хэрэглээ тал руугаа зааж чадахгүй. Би түрүүнд хэлсэн. Тухайн хэлээр ямар ч сэдвээр чөлөөтэй ярьж чаддаг хүнийг хэл сайн сурчээ гэж үнэлдэг. Арго багш хараахан тийм хэмжээнд хүрч чадаагүй. Ном бичих, дүрэм тайлбарлах талаасаа гайхамшигтай хэрнээ хэрэглээг зааж чадахгүй.

Өөрөө чадахгүй болохоор хүнд сургана гэдэг худлаа. Өнөөдөр Арго багшийг АНУ-ын ерөнхийлөгчтэй Иракийн дайны талаар, НYБ-ын чуулган дээр Монгол Улсын өлсгөлөн, ядуурлын тухай ярь гэвэл чадахгүй. Харин ийм дүрэмтэй, үг нь ингэж хувирдаг гээд яривал чадна л даа. Монголд англи хэлний бичих, өгүүлбэр зүй, үгсийн сан, харьцуулсан зэрэг гэсэн сэдвээр доктор хамгаалсан 12 хүн бий. Харин дуудлага зүй буюу ярианы чиглэлээр доктор болсон хүн байхгүй. Тиймээс ч би удахгүй энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалах гэж байна. Өнөөдөр бид дүрэм, үг цээжлэхээсээ илүү бодитой зүйл буюу ярьж сурах хэрэгтэй байгаа юм.

-Та Шилмэл америк хар яриа-1,2 гэсэн ном гаргасан. Гэтэл англи хэл судлаачид хүмүүст хар яриа заах нь буруу гэж ярьж байна?

-Хар яриа гэхээр манайхан буруу ойлгоод байх шиг. Гудамжны хэллэг гэдгээр нь. Тэд ингэж ярьдаг л даа. Англи хэл 55 мянган үгтэй, гэтэл монгол хэл 450 мянган үгтэй гэж. Normal English буюу жирийн англи хэлтэй хүн Америкт очихоороо ярьж чадахгүй паг болдог. Нутгийн англи хэлийг ойлгохгүйдээ тэр. Жирийн англи хэлтэй хүн Холливудын кино үзэхэд ойлгохгүй өгүүлбэр, үг олон гардаг. Ийм зүйлийг л би номондоо буулгасан юм. Нэг ёсондоо хэдэн зууны тэртээгээс хэрэглээд эхэлсэн хэлц гэсэн үг. Англичууд гижиг гижиг гэхийг gucci gucci гэдэг. Yүнийг хүнд заахад шууд буудаг. Англи хэлэнд цагдааг POLICE гэдэг. Гэтэл америкт COP гэх жишээтэй. Yүнийг зайлшгүй сурах хэрэгтэй байдаг.

-Та удахгүй дөрөв дэх лекцээ унших гэж байгаа гэсэн, энэ талаараа тодруулна уу?

-Тийм, гэхдээ энэ зөвхөн лекц биш. Энэ бол хувьсгал юм. Улс орны хөгжлийг зөвхөн эдийн засаг, инфляцаар хэмждэггүй биз дээ. Хүмүүсийнх нь боловсрол ч энд хамаатай. Залуучууд нь бүгд англиар чөлөөтэй ярьдаг болчихвол Монгол Улс бодитойгоор хөгжил, дэвшилд хүрнэ. Хоёр орой лекц уншаад хувьсгал эхлэхгүй. Yүнийг би зөвхөн эхлүүлж байна. Миний лекцээс та Монгол хүн англиар ямар цэвэрхэн ярьдгийг харж болно. Мөн лекцэн дээр Монголын англи хэлтнүүд цуглана. Гүн-Yйлст ирж мэндчилгээ дэвшүүлнэ. Арго багш ч ирж магад.

Ерөнхийлөгчид хүртэл захиа бичсэн. Англи хэлний хувьсгалыг дэмжинэ үү гэж. Нэгэнт би хувьсгал эхлүүлж л байгаагаас хойш ирэх намраас 21 аймгаар явж лекцээ унших болно. Хүмүүс намайг ашиг харж үүнийг хийлээ гэж бодож магад. Тэгвэл тийм биш. Yүнийг би залуучуудынхаа тусын тулд хийж байгаа юм. Сүүлийн үед хүмүүсийн англи хэл сурах сонирхол дээр дөрөөлж зарим нэг этгээд ашиг хонжоо харах болж.

Телевизээр нэг ном барьчихсан, үүнийг л ав тэгвэл англи хэл дорхноо сурна гэж рекламдаж байгаа хүнийг би харсан. Хүн болгон ном уншиж англи хэл сурдаггүй юм. Намайг Америкт сурч байхад нэг герман залуу байв. Тэр компьютерээр англи хэл сурдаг. Түүгээрээ ярьдаг. Өнөөдөр орой үдэшлэг болно гэнэ, чи явах юм уу гэж асуухын оронд чи үдэшлэгт явах уу тийм, үгүй гэж асуух жишээтэй. Компьютер дээр юм устгахад тийм, үгүй гэж асуудаг шиг. Хүн болгон л ийм маягаар өөрийнхөөрөө англи хэл сурах жишээтэй.

Англи хэл миний хүсэл биш. Ээжийн минь хүсэл байсан. Ээжийгээ амьд сэрүүн байхад нь хүслийг нь биелүүлж чадаагүй. Өнөөдөр ээж минь байхгүй ч өөрийн гаргасан хоёр дэвтэр, CD болон лекцээ би ээжийнхээ дурсгалд зориулж хийж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button