Монгол хүүхдүүд орос хэл сурах гэж тэмүүлдгийг мэдэрлээ

-Та Монголд ямар зорилгоор ирснээ танилцуулна уу?

-Би монгол хүүхдүүдийн дунд дөрөв дэх жилдээ зохиож буй Москвагийн дөрөвдүгээр олимпиадад оролцохоор Оросын их, дээд сургуулиудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Монголд ирсэн. Гэхдээ энэ удаа олимпиадын ажиглагчийн хувьд оролцлоо. Олимпиадыг зохион байгуулах хороонд Улаанбаатарын их, дээд сургуулиудаас гадна Москвагийн сургуулиудын төлөөлөгчид багтсан.

Уг нь энэ жил орос хэлний олимпиадын талаар тийм ч хангалттай сурталчилгаа хийж чадаагүй гэж ярьж байсан. Гэтэл өмнөх жилүүдийнхээс ч олон хүүхэд оролцсонд зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна лээ. Энэ жил мянга гаруй хүүхэд энэ олимпиадад оролцсон. 45 хүүхэд эцсийн шалгаруулалтад үлдсэнээс тав нь ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдаас ОХУ-ын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардан авсан. Миний хувьд энэ нь хоёр улсын харилцаанд чухал алхам гэж бодож байна.

Бид Монголд ирснээрээ монгол хүүхдүүдийн тухай илүү ихийг мэдэж авч, танилцан, тэдний орос хэлэнд хэр сонирхолтойг харлаа. Монгол хүүхдүүд их авьяастай юм. Орос хэлийг их сайн сурсан хүүхдүүд байна шүү. Бас сайн ярьж байна. Бид Дархан-Уул, Төв гээд олон аймгаар очсон.Заримынх нь нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Очсон газар бүрт л биднийг халуунаар угтан авч, хүүхдүүдтэйгээ танилцуулан, хүүхдүүд ч бидэнд хэлний мэдлэгээ гайхуулж байлаа.

Хүүхэд бол аль ч орны баялаг шүү дээ. Тэдний ирээдүй, эрүүл мэнд, боловсрол бүгд томчуудаас хамаатай. Монгол хүүхдүүд боловсролоо сонгохдоо өөрийн ирээдүйг зөв тооцоолж, зөвхөн хүсэл сонирхлоос гадна хэрэгтэй гэж үзсэн сургуульдаа орж суралцах хэрэгтэй. Оросын сургалтыг сонговол алдахгүй шүү гэж хэлмээр байна.

Би Хятад, Малайзад хүүхдүүд орос хэл хэр сонирхож буйг судлахаар очиж байсан. Гэхдээ Монголд ирсэн шиг сэтгэгдэл төрж байгаагүй. Энд ялангуяа хүүхдүүдийн орос хэл сурах гэсэн тэмүүлэл надад хүчтэй сэтгэгдэл төрүүллээ. Түүнээс гадна байгаль цаг уур, хүмүүс нь таалагдсан. Би аугаа Монголыг нүдээрээ харлаа. Ямар сайхан орон болохыг ойлголоо.

Би Монголд заавал дахин ирнэ гэж бодож байна.

-Та Новосибирскийн Эрүүл мэндийн сургуулийг төлөөлж байгаа гэсэн. Сургуулийнхаа талаар танилцуулаач?

-Би Новосибирскийн анагаах ухааны улсын их сургуулийг төлөөлж явна. Манай сургууль 75 жилийн түүхтэй. Оросын эрүүл мэндийн шинжлэх ухааны нэр хүндтэй сургууль. Оросын анагаах ухааны чиглэлийн тэргүүн арван сургуулийн нэг. Манайд гадаадаас маш олон оюутан ирж суралцдаг. Монголоос арван оюутан бий. Ер нь бол Монголоос Новосибирскийн бусад сургуульд зуу гаруй оюутан суралцдаг. Бид монгол оюутнууддаа их хайртай. Хэлний авьяастайн дээр мэргэжилдээ мэрийлттэй байдаг юм. Хэлний бэрхшээл төдийлөн гардаггүй нь газар нутгийн ойрхон нь нөлөөлдөг ч байж болох юм. Гэхдээ л монголчууд дээр үеэс сургуульд орос хэл үзэж байсан, дийлэнх нь мэддэг шүү дээ. Боловсролын систем нь адилхан, газар зүйн онцлог, байгаль цаг уур гээд бидэнд адилхан зүйл олон бий. Тийм болохоор ч гадаадын бусад оюутантай харьцуулахад хэлний бэрхшээл нэг их гардаггүй биз ээ. Бараг оросуудтай эн зэрэгцэн л ярьж, суралцана шүү дээ.

Манай сургууль 11 тэнхимтэй. Монгол оюутнууд эмчилгээ, шүдний гээд хэд хэдэн чиглэлээр суралцдаг ч сүүлийн үед эм зүйчийн мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна гэж ойлгож байгаа. Манай сургуулийг сонговол алдахгүй шүү гэж зөвлөмөөр байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button