Лоозонгийн хувьсгалаар хөлжигсөд
УИХ, Засгийн газраас сүүлийн арав гаруй жилийн дотор бөөндсөн урт богино, өргөн нарийн хөтөлбөрүүд төрийн холч ухаан гэхээсээ илүү хоосон хийрхэл байдаг нь харамсалтай. Буман нарны гэрэл, Эрүүл Монгол хүн, Сайн засаглал, Цахим Монгол, Латин үсгийн, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр гээд л нэгбүрчлэн тоочвол сонины зай багадах нь дамжиггүй. Эдгээрээс хэрэгждэг нь хуруу дарам цөөн. УИХ болон Засгийн газрын данстай, хэрэгжүүлэхээсээ илүү хэлбэрдээд өнгөрдөг хөтөлбөрүүдийг Зууны мэдээ нэрлэж, хөдөлдөггүй хөтөлбөрүүдийг яаж хөдөлгөх вэ гэж сэдэв дэлгэлээ. Та оролцоорой.
ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ХОТОЛ ОЛОН БУС ХЭДХЭН КОМПАНИ ХYРТЖЭЭ
Аяганы хариу өдөртөө ирдэг эртний уламжлал эдүгээ цагт ондоошсон бололтой юм. Татварын өршөөлд хамрагдсан барилгын компаниуд өрөвдөхөд өр рүү өшиглөнө гэдгийн үлгэрээр орон сууцныхаа үнийг байнга өсгөж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ. Одоогоос гурван жилийн өмнө монголчууд 40 мянган орон сууцтай болох нь, байрны тэнгэрт хадсан үнэ буурах нь гэж баярлацгаасан. УИХ, Засгийн газар ч хүн амыг орон сууцаар хангах асуудлыг төрийн бодлогын цөмд авчирсныг хэлэх хэрэгтэй. Уг бодлогын хүрээнд Засгийн газрын санаачилсан барилгын компаниудыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх саналыг УИХ-ын гишүүд хоёр гараа өргөн дэмжсэн байдаг. Тодруулж хэлбэл, УИХ 2005 оны наймдугаар сарын 4-нд Зарим материал, тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн албан татвараас, Зарим материал, машин механизм, тоног төхөөрөмж, бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль баталжээ. Энэ бол төрөөс барилгын компаниудад үзүүлсэн татварын өршөөл. Гэхдээ нэг болзолтой. Барилгын компаниуд татварын хөнгөлөлт эдэлснийхээ хариуд 40 мянган орон сууц хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлэх, орон сууцны үнийг хямдруулах ёстой байв. Тухайн үед орон сууцны нэг ам метр талбайн үнэ дунджаар 350-400 долларт хэлбэлзэж байсан. Хоёр жил өнгөрөхөд УИХ-ын гишүүдийн уран гоёор ярьсан шиг орон сууцны үнэ хямдарсангүй, Засгийн газрын 40 мянган орон сууц хөтөлбөр ч байрнаасаа хөдөлсөнгүй. Байрны үнэ хямдрах нь битгий хэл нэг ам метр талбайн үнэ өнгөрсөн хоёр жилд тогтмол өсч, дунджаар 500-800 долларт хүрчээ. Барилгын компаниуд төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Барилга, хот байгуулалтын яамны эх сурвалжийн өгүүлснээр 2005 онд барилгын нэр бүхий 38 компани сая гаруй ам.долларын, 2006 онд 81 компани 4.2 сая ам.долларын татвараас чөлөөлөгджээ. Барилгын компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлснээр орон сууцны үнийг хямдруулах бодитой алхам болно гэх мэтээр сурталчилж, хууль батлуулахын төлөө хушуу дэвсч явсан хүмүүсийн үг салхинд замхарч одох нь энэ. УИХ-аас баталсан хууль бол төрийн бодлого. Төр хэрэгжүүлж буй бодлогодоо үргэлж анхаарал хандуулж, хяналт тавьж байх ёстой. Харамсалтай нь, төрийн албан хаагчид хяналтын үүргээ умартсанаас болж төрийн бодлого үнэгүйджээ. Угтаа бол татварын хөнгөлөлтийн үр дүнд байрны үнэ хямдарч, үр шимийг нь хотол олноороо хүртэх учиртай байв. Гэвч муу төрийн гайгаар хувьдаа барилгын компанитай хэдхэн гишүүний хэтэвч зузаарч хөлжөөд өнгөрөх бололтой. УИХ хууль баталж чадсан юм чинь тусгай ажлын хэсэг гаргаж татварын хөнгөлөлт чөлөөлөлт хэнд зориулагдаж, хэний гараар орсныг шалгах цаг болжээ.
ДАХИАД Л ТЕНДЕРИЙН БУДЛИАН
Засгийн газрын 40 мянган орон сууц хөтөлбөр иймэрхүү зохиомол гай түүтгэрээс болоод лоозон чигээрээ үлдэж байна. Барилгын сезон эхэлж тавдугаар сар дундаа орчихоод байхад 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд хөдөөд барих орон сууцны барилгын тендер бүтэлгүйтжээ. Орон сууцны санхүүжилтийн корпорацаас орон даяар зарласан тендерт барилгын компаниудаас тун цөөхөн санал иржээ. Энэ талаар тус корпорацын гүйцэтгэх захирал Ж.Жаргалсайханаас тодруулахад, Бид тендер будилсан гэж бодохгүй байна. Компаниудаас цөөхөн санал ирсэн нь үнэн. Тендерийн материалаа ирүүлсэн компаниудын үнийн санал харьцангуй өндөр, төсөвт өртгөөс давсан байгаа юм. Байдал нэгэнт ийм болсон тул манай корпорац дахин хязгаарлагдмал тендер зарласан. Энэ сардаа багтаагаад шалгаруулчих бодолтой байна гэсэн тайлбарыг хэллээ. Зах зээлийн үнээс хэтэрхий доогуур өртөгтэй барилгын ажилд оролцохгүй гэж барилгын компаниуд мэдэгдэж байгаа хэдий ч тендерийг зохиомлоор үнэгүйдүүллээ гэсэн хардлага хүчтэй байна.
Олон нийтэд мэдэгдэлгүйгээр хязгаарлагдмал тендер зарласан нь орон сууцны санхүүжилтийн корпорац, Барилга, хот байгуулалтын яамны эрх мэдэлтнүүд хувийнхаа компанид ажил гаргаж өгөх гэсэн хуйвалдаан гэж нэгэн эх сурвалж хэлсэн юм. 40 мянган орон сууц хөтөлбөрийг Засгийн газраас гаргасан 60 тэрбум төгрөгийн бондоор санхүүжүүлэхээр тооцсон ч өнөөдрийн байдлаар тэрбум төгрөгийн бондыг арилжсан байгаа. Ингээд тендер будлиад эхлэхээр хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогын эрч суларч орхилоо. Өнөө 40 мянган орон сууц нь хэзээ баригдаж, айлууд утаат гэр хорооллоосоо хэзээ нүүх нь улам тодорхойгүй болж байна. Харин хууль бусаар хөлжих гэсэн хомхой сэтгэлтнүүдийн нүд нь сэргээд ирлээ шүү.