Хонгор сумын агаарт мөнгөн ус зохих хэмжээнээс 6-120 дахин их байгаа ажээ

Yүнээс хойш Хонгор сумын иргэдийн цэвэр усны шугамыг хааж, ундны усыг нь зөөвөрлөн авчирч буй. Цианит нь Монгол Улсын хилээр оруулахыг хязгаарласан 28 бодисын нэг ажээ.

Бага хэмжээгээр амьсгалах, залгихад л үхэлд хүргэх аюултай, амьсгалын болон нөхөн үржихүйн эрхтэнд муугаар нөлөөлдөг онцгой хортой бодис юм байна. Иймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хурал дээрх асуудал руу хандуулж Хонгор сумын хөрс, усанд илэрсэн мөнгөн ус, циант натрийг саармагжуулах талаар мэргэжлийн байгууллагууд юу хийж байгааг сонслоо.

Гишүүдэд мэдээлэл өгөхөөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, ОБЕГ-ын мэргэжилтнүүд, УМХГ-ынхан усны хэрэг эрхлэх газар, МУИС-ийн химийн факультетийн эрхлэгч гээд өргөн бүрэлдэхүүн ирсэн байв.

С.Отгонбаяр сайдын хэлснээр Mich ХХК-ийн захирал Б.Батболд, Н.Оргил нар хятад иргэдтэй хамтран спирт үйлдвэрлэх байгууламжийн агуулахыг түрээслэн энэ оны хоёрдугаар сараас эхлэн алт олборлож эхэлжээ. Тэд зөвхөн өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах төдийгөөр хор саармагжуулалт хийж циантын төрлийн бодисоор бохирдсон ус нь сумын бохир усны төвлөрсөн шугамд нийлж, шугамнаас хөрсөнд нэвчиж, 50-70 метрийн зайд байрлах гүний худгийн усыг хүртэл бохирдуулсан байна.

Мөн шинжилгээгээр Хонгор сумын агаарт мөнгөн ус хэвийн хэмжээнээс 6-120 дахин их, хөрсний усанд ч зохих хэмжээнээс циант натри их байгааг тогтоосон аж. С.Отгонбаяр сайдын мэдээллийн дараа гишүүд сонирхсон асуултдаа хариу авлаа.

З.Энхболд

-Мөнгөн ус, циант натри хэрэглэх зөвшөөрөлтэй хэдэн аж ахуйн нэгж байгаа вэ. Жилд дээрх бодисуудыг ямар хэмжээгээр оруулж ирдэг вэ. Мөнгөн ус, циант натри нь задардаггүй, мөнх байдаг бодис. Хонгорт үүссэн байдлыг хэр том осол гэж дүгнэж буй вэ?

АМГТХЭГ-ын уул уурхайн газрын дарга Билэгтсайхан

-Химийн онцгой хортой бодис циант натри хэрэглэх албан ёсны зөвшөөрөлтэй есөн аж ахуйн нэгж бий. Хилээр орж ирж буй хэмжээг тодорхой хэлж мэдэхгүй байна.

С.Отгонбаяр

-Нөхцөл байдал хүнд байгаа. Хортой бодис хөрсний усанд, агаарт шингэсэн тухай шинжилгээний дүгнэлтээс үзэхэд хүнд зэргийн осолд тооцно. Мөн урьд нь манай улсад хортой бодисыг саармагжуулж хоргүйжүүлсэн туршлага байхгүй. Бороо гоулд зэрэг хэдхэн компани хороо устгадаг юм билээ. Хурц нар, бороо орсон үед хортой бодисууд идэвхждэг. Угаагдсан шороо Хараа голоос дөрвөн километрийн зайд байгаа.

Р.Эрдэнэбүрэн

-Агаарт буй мөнгөн усны хэмжээг 120 дахин их байгаа гэлээ. Хонгороос наашхи суурин газрын агаар бохирдсон эсэхийг судалсан уу. Бохирдсон агаар салхиар нийслэлд хүрэх боломжтой юу?

И.Эрдэнэбаатар

-Циант натри амархан задардаг. Мөнгөн ус маш удаан задарч дэгддэг. Цэвэрлэх байгууламж хавийн агаарт циант натри хамгийн их, алслагдахаар бага байгаа. Орон сууцны хороолол хавийн агаарт 9-15 дахин их байгаа. Улаанбаатар хүртэл тархахгүй. Ойр хавьд тархах боломжтой.

Ц.Шаравдорж

-Алт олборлосон хүмүүст анх хэн лиценз өгсөн юм бэ. Буруутай этгээдэд ямар арга хэмжээ авсан бэ?

С.Отгонбаяр

-Алт угаагч хүмүүс албан ёсны зөвшөөрөл лицензгүй. Хятадын хоёр иргэнд эрүү үүсгээд шалгаж буй. Хонгор сумын Засаг дарга, ИТХ-ын даргад Засгийн газар хариуцлага тооцох болно.

Асуулт, хариултын дараа гишүүд саналаа хэлэв. Л.Гансүх гишүүн энэ үеэр бохирдсон усыг цэвэрлэх талаар гаднын мэргэжлийн байгууллагаас тусламж авахыг зөвлөнө билээ. Хараа голоор дамжин хортой бодис тархах аюултай байгааг тэрээр сануулав. Мөн Ц.Мөнх-Оргил гишүүн мөнгөн ус, циант натри ашиглалтын улсын хэмжээний үзлэг явуулах тухай тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэх санал гаргасан. Онцгой хортой бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгааг шинжилгээгээр нэгэнт тогтоосон тул иргэдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл зовоох зүйл болоод байна. С.Отгонбаяр сайд одоогоор иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн зүйл байхгүй гэж байв. Гэвч Эрүүл мэндийн яамны мэргэжилтний хэлснээр цэвэрлэх байгууламжийн салхины дор байрлаж буй 91 өрхийн 453 хүнд үзлэг хийхэд хоолой бачуурсан найм, суулгасан дөрөв, тууралттай 27 хүн байсан гэсэн. Тэгэхээр энэ нь Хонгорынхны эрүүл мэндэд анхаарах ёстойн дохио болов уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button