Зуучлах товчоо ХХК-ийн мэдэгдлийн хариу
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 1/377 тоотод хамтарсан компани байгуулахдаа Зуучлагч товчоо ХХК, Монгол ньюс ХХК-ийн хүсэлтийг харгалзан үзэхийг санал болгосон юм. Дээрх чиглэлийн дагуу Төрийн өмчийн хороо уг хамтарсан компанийн 34,3 хувийг Зуучлагч товчоо компанид, 14,7 хувийг Монгол ньюс компанид тус тус өмчлөхийг санал болгосон боловч Зуучлагч товчоо компаниас татгалзсан хариу авсан болно.
Хэрэв цаг алдвал Солонгос улс ажиллах хүчин авах хуваарьт Монгол Улс орж чадахгүйд хүрээд байна гэсэн НХХЯ-ны шаардлагын дагуу Төрийн өмчийн хороо 2007 оны гуравдугаар сарын 15-нд Гадаадад ажиллах хүч илгээх төв-ийг 100 хувийн төрийн өмчтэй байгуулж, дүрмэнд нь гадаадад ажиллах хүч гаргадаг хувийн компанитай хамтарч болохыг оруулж өгсөн. Тодруулбал, Дүрмийн 16,2 дахь заалтад Засгийн газрын 2007 оны 36 дугаар тогтоолын дагуу ажиллах хүч гадаадад зуучлан гаргах ажлыг эрхэлж байгаа компаниудад 49 хувийг эзэмших гэрээ байгуулж хамтран ажиллаж болно гэж заасан юм.
Ингээд 2007 оны гуравдугаар сарын 28-нд дээр дурдсан дүрмийн заалтын дагуу 34,3 хувийг эзэмшин хамтран ажиллах саналыг албан ёсоор тавив. /Албан тоотыг хавсаргав/
Гэтэл Зуучлагч товчоо компани нь 34,3 биш 49 хувийг дангаар эзэмших эрхтэй, Монгол ньюс компани оролцох ёсгүй гэж үзэн 2007 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж Төрийн өмчийн хорооны 2007 оны 88 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн уг тогтоолын биелэлтийг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс 2007 оны тавдугаар сарын 7-ны өдөр Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 328 тоот захирамж гаргасан байна.
Шүүгчийн захирамжийн хувьд тус хороо нь Л.Энхийн гаргасан нэхэмжлэл хууль бус, үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариу тайлбар, холбогдох нотлох баримтуудыг гаргасан тул захирамжид гомдол гаргаж цаг алдалгүйгээр асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг хүлээж байна.
Зуучлагч товчоо ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд ТӨХ-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан мөртлөө тус компанийн өмгөөлөгч А.Гансүх нь уг хэргийг шүүхээр шийдвэрлээгүй байхад олон түмнийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийж, хэвлэлийн бага хурал хийлгэж, Төрийн өмчийн хороо руу дайрч давшилж байгаа нь туйлын хариуцлагагүй үйл ажиллагаа гэж үзэж байна.
Хэвлэлийн бага хурал дээр Зуучлах товчоо-ны өмгөөлөгч …Солонгост ажиллах хүч илгээсэн байвал бид хариуцлага хүлээхгүй гэжээ. Тэднийд ажиллах хүчин илгээх тусгай зөвшөөрөл байхгүй учраас хариуцлага хүлээх зүйлгүй. Харин Солонгосын талын итгэлийг алдсан, шалгалтыг будлиантуулснаас цагтаа явж чадаагүй олон мянган хүний төлөө Зуучлагч товчоо зүй ёсоор хариуцлага хүлээх ёстой юм.
Одоогоор Гадаадад ажиллах хүч илгээх төв компани нь Солонгосын Хөдөлмөрийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар ярилцан тохиролцож, тэднийг НХХЯ болон ТӨХ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзуулаж хэвлэлийн бага хурал зохион байгуулж хийлгээд байна.
Солонгосын тал шинээр байгуулагдсан компанийн үйл ажиллагаатай танилцаад сэтгэл өндөр байгаагаа болон тэдний шаардлагыг хангаж байна гэдгээ мэдэгдсэн.
Солонгосын талтай тохиролцсоноор 15 мянган хүнийг Солонгос руу ажиллах хүчээр явуулахад бэлтгэж шалгалт авна, дор хаяж есөн мянган хүн ажиллах хүчээр авна гэдгээ мөн мэдэгдсэн, явах хүмүүсийг бүртгэх болон шалгалт авах ажлыг Солонгосын тал өөрсдөө гүйцэтгэж байгаа. Энэ талаар Гадаадад ажиллах хүч илгээх төв компаниас Солонгосын тал болон ТӨХ, НХХЯ-тай хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор мэдэгдсэнийг олон түмэн мэдэж байгаа.
Төрийн өмчийн хороо