ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Бэхбат Чили, Мексикт айлчлав
Чили, Мексикт хийсэн энэхүү анхны айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат Чилийн ГХЯ-ны гадаад бодлогын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Карлос Порталес, Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Лордес Аранда нартай тус тус хэлэлцээ хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар санал солилцож ярилцав. Дээрх орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн эдгээр зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Н.Энхбаярын албан ёсны урилгыг Чилийн Ерөнхийлөгч М.Бачелед уламжилсан бөгөөд Гадаад хэргийн сайд Н.Энхболдоос Чили, Мексикийн Гадаад хэргийн сайд нарт хандаж манай улсыг АПЕК-т элсэхэд дэмжлэг хүсч илгээсэн захидлыг тус тус гардуулав.
Дээрх уулзалтууд болон Чили, Мексикийн уул, уурхай, боловсрол, соёлын асуудал эрхэлсэн төр, засгийн болон хувийн салбарын холбогдох албаны хүмүүстэй хийсэн уулзалт, ярианы үеэр хоёр талын харилцааг янз бүрийн салбарт үр дүн багатайгаар саармагжуулах бус харин хамтын ажиллагаа өргөжих бодит боломж бүхий гол салбаруудад төвлөрүүлэн хөрөнгө оруулалтын болон бусад тодорхой агуулгаар баяжуулахын тулд бүхий л бололцоог эрэлхийлэхийн чухлыг талууд санал нэгтэй тэмдэглэв. Түүнчлэн НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж, харилцан дэмжиж буй өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцлоо. Монгол Улс ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлээд байгааг дэмжихийг эдгээр орны Засгийн газарт хүсэлт болгоход аль аль нь нааштайгаар судалж үзэхээ илэрхийллээ. Х.Бэхбат Чилийн Габриела Мистралийн их сургуульд зочилж дугуй ширээний уулзалтад оролцохын зэрэгцээ Мехико хотноо Дипломатын Академид лекц уншив.
Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат тэргүүтэй ГХЯ-ны төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь Ази, Номхон Далайн чиглэлээр манай улсаас явуулж буй бодлогын тодорхой илэрхийлэл, Латин Америкийн нөлөө бүхий томоохон орон Чили, Мексиктэй хоёр талын харилцааг урагшлуулахад ач холбогдолтой шинэ алхам, арга хэмжээ болов гэж ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн хэлтсээс манайд мэдээллээ.
/Оллоо.МН/