Гадаадад ажиллах хүч зуучлах Зуучлах товчоо ХХК-ийн мэдэгдэл

Энэ тушаалыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Д.Жанцан 2002 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр №108 дугаар тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн газрын харьяанд Гадаадад ажиллах хүч зуучлан гаргах товчоо ХХК-ийг ажиллуулахаар шийдвэрлэж, уг компанийн дүрмийг батлан, гадаадад гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын албан татварын тооцоог гэрээний үндсэн дээр гүйцэтгэх үйл ажиллагааг тус товчоонд даатгаж, уг орлогоос дүрмийн сангийн дөрвөн сая төгрөгийг бүрдүүлэхийг тус товчооны нягтлан бодогч Д.Бат-насанд даатгасан байна.

Мөн 2004 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Ши.Батбаяр Зуучлах товчоог өөрчлөн байгуулах тухай гэсэн 67 дугаар тушаал гаргаж 100 хувийн төрийн өмчит Гадаадад ажиллах хүч зуучлан гаргах товчоо ХХК-ийг төрийн өмчийн оролцоотой Зуучлах товчоо ХХК болгон өөрчлөн зохион байгуулжээ.

Мөн тушаалаар өөрчлөн байгуулсан Зуучлах товчоо ХХК-ийн дүрмийн сангийн төрийн өмчийн оролцоог 25 хувиар тогтоож, уг мөнгийг хөдөлмөр эрхлэлтийн газрын хуримтлагдсан үр дүнгээс гаргах, төрийн өмчийн төлөөллийн үүргийг гүйцэтгэж байх асуудлыг Төрийн өмчийн хороогоор шийдвэрлүүлэхийг ХЭГ-ийн дарга Д.Жанцанд даалгаж, тушаалын 5 дугаар заалтаар хөдөлмөр эрхлэлтийн газрын харьяанд Гадаадад ажиллах хүч зуучлан гаргах товчоо ХХК байгуулсан 2002 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар тушаалаа хүчингүй болсонд тооцжээ.

Энэхүү тушаалыг үндэслэн Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Д.Жанцан, иргэн Д.Сүхбаатар нар 2004 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хуралдан №1 дугаар шийдвэрээр иргэн Д.Сүхбаатарыг өөрчлөн байгуулсан төрийн өмчийн оролцоотой гадаад ажиллах хүч зуучлагч Зуучлах товчоо ХХК-ийн захирлаар томилон, уг компанийн нийт хувьцааны 75 хувийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Д.Жанцан 2004 оны тавдугаар сарын 25-ны өдөр Төрийн өмчийн хороонд хандаж төрийн өмчийн оролцоотой гадаад ажиллах хүч зуучлагч Зуучлагч товчоо ХХК-ийн төрийн төлөөллийг Хөдөлмөр эрхлэлтийн газар гүйцэтгэж байхаар шийдвэрлэж өгөхийг хуссэн албан тоот явуулсан байна. Уг тоотын хариуд 2004 оны тавдугаар сарын 27-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Г.Цэндсугар 854 дугаар албан тоотоор, Төрийн өмчийн төлөөлөл, удирдлагын газрын дарга Д. Батсүх 2004 оны тавдугаар сарын 28-ны өдөр 3856 дугаар албан тоотоор түүний саналыг зөвшөөрч дэмжсэн байна.

Төрийн өмчийн оролцоотой Зуучлах товчоо ХХК нь Монгол улсын НХХЯ болон Солонгос улсын Хөдөлмөрийн яамны хооронд 2004 болон 2006 онд тус тус байгуулсан БНСУ-д ажиллах хүч явуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг-ийн хүрээнд БНСУ-д Монгол улсаас ажиллах хүч үйл ажиллагааг эрхлэхээр тусгайлан нэр заагдан уг үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирлээ.

Зуучлах товчоо ХХК-ийн төрийн мэдлийн 25 хувь баталгаажилгүй 2006 он хүрсэн байна. Учир нь Гадаадад ажиллах хүч зуучлан гаргах товчоо ХХК-нд 2003 онд Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгалт орж дүрмийн сангаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар хэсгийг зөрчиж байгуулсан байна гэж үзэж акт тавьжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 2004 оны 67 дугаар тушаал гаргаж Зуучлах товчоо ХХК болгон өөрчлөн зохион байгуулж, дүрмийн сангийн 25 хувь хувь нь төрийн мэдэлд байхаар тогтоосон байна. Энэ актын дагуу тавигдсан дөрвөн сая төгрөгийг Д.Сүхбаатар Ши.Батбаяр сайдын зөвшөөрлөөр хувиасаа хийж үүнийг үндэслэн компанийн 75 хувийг эзэмших болсон байна.

Шинээр томилогдсон Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд сайд тус компанийн төрийн мэдлийн хувыдааг баталгаажуулахаар 2006 оны хоёрдугаар сарын 21 -нд Төрийн өмчийн хороонд хандаж тус компанийн төрийн өмчийн оролцоог холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажуулж, төрийн өмчийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Үүний дагуу Төрийн өмчийн хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцээд Зуучлах товчоо ХХК-ийн төрийн мэдлийн оролцоог 25 хувиар тогтоож, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийн тулд Зуучлах товчоо ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оруулан хэлэлцүүлэх дүрмийн төсөл, хуралд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн удирдамжийг 2006 оны дөрөвдүгээр сард багтаан Төрийн өмчийн хорооны хуралдаанд оруулан шийдвэрлүүлэх тухай тэмдэглэлийг гишүүд 100 хувийн саналаар баталсан байна.

Улмаар Солонгосын талаас ажилчин гаргаж байгаа байгуулага нь төрийн өмч давамгайлсан байх ёстой гэдэг асуудал Солонгосын талаас тавигдаж түүний дагуу 2006 оны долдугаар сарын 28-ны өдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Л.Одончимэд нь иргэн Д.Сүхбаатартай харилцан тохиролцож Зуучлах товчоо ХХК-ийн 51 хувийн хувьцааг төрд шилжүүлэн авах тухай Тохиролцоо байгуулсан нь өнөөдөр хүчин төгөлдөр байна.

Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Зуучлах товчоо ХХК-ийн хууль ёсны өв залгамжлагч Л. Энх нь дахин 2007 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай харилцан тохиролцож Зуучлах товчоо ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэх замаар төрийн өмч давамгайлсан компани болгон өөрчлөн зохион байгуулахаар харилцан тохиролцож шийдвэрлэж, протокол үйлдэн баталгаажуулсан билээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ч энэ шийдвэрийг үндэслэн Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулан хэлэлцүүлсэн. Засгийн газар 2007 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр уг асуудлыг хэлэлцээд Төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд байгуулах тухай гэсэн 36 дугаар тогтоол гаргасан болно. Уг тогтоолд БНСУ-д ажиллах хүч гаргах асуудлыг цэгцлэх зорилгоор ажиллах хүч гадаадад зуучлах гаргах үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийг одоо энэ ажлыг эрхэлж байгаа компанитай хамтран зохих журмын дагуу байгуулан ажиллуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо Д.Сугар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай хэмээн маш тодорхой зааж Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон билээ.

Гэтэл Төрийн өмчийн хороо уг тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа дур мэдэн Гадаадад ажиллах хүч зуучлан гаргах төв нэртэй 100 хувийн төрийн өмчийн компани байгуулж дээр дурьдсан Засгийн газрын 36 дугаар тогтоолыг шууд зөрчсөн үйл ажиллагаа явууллаа.

Засгийн газраас гарсан тогтоолыг зөрчин хууль бус шийдвэр гаргаж байгаа Төрийн өмчийн хорооны удирдлага энэхүү асуудлыг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд зүй ёсоор эргэлзээ төрж байна. Тиймээс ч Төрийн өмчийн хорооны 2007 оны дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Зуучлах товчоо ХХК захир-ааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаад байна. Манай нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хүлээж аваад маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар Төрийн өмчийн хорооны 88 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн 328 дугаар захирамжийг 2007 оны тавдугаар сарын 7-ны өдөр гаргасан болно.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 328 дугаар захирамжийн дагуу Гадаадад ажиллах хүч зуучлан гаргах төв ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзсэн болохыг олон нийтэд анхааруулж байна

Учир нь шүүхийн хууль ёсны захирамжийн дагуу үйл ажиллагаа нь түдгэлзсэн атал төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн хороо хамтран уг байгууллагын үйл ажиллагааг сурталчилж байгаагаас Солонгост явж ажиллахыг хүссэн олон иргэд хууртагдан хохирч болзошгүй байна.

Зуучлах товчоо ХХК энэхүү байдлыг цаг тухайд нь төрийн эрх бүхий байгууллага, иргэдэд мэдэгдэхийг өөрийн үүрэг гэж үзэж байна.

Мөн төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн дагуу үүссэн нөхцөл байдлын улмаас иргэдэд хохирол учирвал хариуцлагыг Зуучлах товчоо ХХК хүлээгүй болохыг мэдэгдэж байна.

ЗУУЧЛАХ ТОВЧОО ХХК 2007 ОН

(Өглөөний сонин 97/162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button