Индианагийн Их сургуулийн Төв Еврази судлалын холбооны 14-р хурал
Ер нь энэ чиглэлээр судалгаа хийдэг улс АНУ-д ACES, CESS (Central Eurasian Studies Seminar, Harүard Uniүersity), AAS (Association of Asian Studies) гэсэн гурван хуралд илтгэлээ хэлэлцүүлэх нь нэр хүндийн хэрэг байдаг. ACES жил бүр Индианагийн Их Сургууль дээр болдог бол CESS болон AAS хурлыг Америкийн аль нэг том хот нэг жил даан авч зохион байгуулдаг юм. Mongolia Society, ACMS (American Center for Mongolian Studies) хэмээх Монгол судлалын хоёр байгууллага ихэвчлэн AAS-ын бөөрөнд наалдан, нэг салбар нь болж хурлаа хийнэ. Өнгөрсөн жилийнх нь Сан-Франсиско хотноо тэр хотын Монголчуудын буянаар их сайхан болсон, энэ жилийнх нь дөнгөж саяхан Бостонд хуралдлаа, дараа жил 4 сарын эхээр Атлантад хуралдана. CESS энэ жил хурлаа 10 сард Сиэтллд, дараа жил Ди Си дэх Жоржтауны Их Сургууль дээр хийх тул Монголчууд олноор байдаг энэ хоёр хотынхонд судалгааны шинэ мэдээ сонсох, өөрсдөө илтгэл тавих сайхан боломж бүрдэж байна гэсэн үг. АНУ дахь Монгол судлалтай холбоотой хурлуудын талаар нуршихаа үүгээр зогсоод сая Блүүмингтонд болсон хурлын сонин хачнаас танаа хүргэе.
Карлетоны их сургуулийн багш Наран Билиг хэмээх хорчин залуу Хятадын пин еин системээр бага үндэстнүүдийн нэрийг хэрхэн мушгин гуйвуулж тэмдэглэж байгаа талаар ярилаа. Ер нь Хятад үсгийг халж, латин үсэг авах эсэх тухай маргаан бүр хорьдугаар зууны эхнээс байсан юм байна. Ингээд нэрсийг хятад болгоод эргээд пин еин гэдэг галигаар латин болгон 2000 оноос эхлэн бүх паспортын нүүр хуудсыг сольсон гэнэ. Наранбилигийн нэр гэтэл NARI BILIGE (наа рий би лий гөө) болж. Yasin Ashuri гэж уйгар найзынх нь нэр Yasin Wushouer (Ву шү и ер), Содбаатар гэж монгол залуу Caodubateer (Цао ду ба ти эр) болжээ. Энэ мэтээр хятадчилах нь наанадаж хүний өөрийн тодорхойлол, нэр, эрхийн асуудал цаагуур бодоход уусан үгүй болох хортой гэнэм.
Мэттэ Марие гэж Кеймбрижийн Их Сургуулиас ирсэн, британи аялга дээр Скандинав акцент оруулан сонирхолтой ярьдаг бүсгүй Монголд хоёр жил сууж, судалгаа хийжээ. Ингэхдээ Уянга суманд нинжа нартай амьдарч бүр өөрөө алт олборлож хүртэл туршсан гэнэ. Сонирхолтой нь Өмнөд Африк, Чилид бас хууль бус алт олборлогчдыг нинжа гэдэг аж. Тэрбээр Монгол малчин айлд, бас нинжа нарын дунд амьдарч тэдний дунд архидан согтуурах явцыг судалжээ. Жирийн нэг малчин айл өглөө гэргий нь архиа нэрэхээс эхлээд эхний зочин ирэх, гэрийн эзэн малдаа мордохоосоо өмнө хэрхэн зочноо дайлах, гэрийн эзний үгүй үед хэнд түрүүлэн өгөх гэх мэт архитай холбоотой жаяг нэн нарийн ажээ. Эх оронд минь олон сайхан ёс заншил хөгжсөнд бахархмаар боловч энэ удаад архитай холбоотой дэг ийм мундаг байгаад ичих шиг болон суулаа. Нинжа нарын дунд уух нь харин нэн аюултай гэнэ. Тэнд ахмадаа хүндлэх гэх мэт ёс үгүй, ихэнх архидалт зодооноор өндөрлөдөг байна. Архи болон бусад шалтгаанаар нинжа нарын дунд өдөрт нэг хүн үхдэг гэнэ шүү. Зодолдох шалтгаан, согтуу хүн ямар сэдвээр ярьж эхлэхээс болж зодоон ихэвчлэн гардгийг ч судалжээ.
Буриадын Их Сургуулийн Түүхийн тэнхимийн декан Маргарита Боронова гэж, Москвад сургууль дүүргэсэн эмэгтэй 1960-90 оны хооронд Буриадад боловсрол хэрхэн хөгжсөн тухай, Индианагийн Их Сургуулийн докторант Мелисса Чакарс Гэсэр Буриадын үндэсний тууль болоход ямар замыг туулсан тухай сонирхолтой өгүүлэв.
Буриадад оросууд маш ихээр нүүн суурьшиж, бядан явагчид ирэх болсон 18-р зууны дунд үеэр Буриадын хэсэг удирдагчид Их Петр хаанд бараалхаж, учир байдлаа хэлжээ. Тэдний дунд нэг эмэгтэй удган байсан гэнэ. Энэ уулзалт маш амжилттай болж Петр хаан Сибирь орчмын уудам газар нутгийг буриадуудын мэдэлд өгсөн байна. Харин буцах замдаа аялагчид маань өлсгөлөнд автаж бараг үхэх шахсан аж. Энэ үйл явдал Буриадуудын дунд аман болон бичгийн уламжлалаар, өөр өөр хувилбараар үлджээ. Тристра Ньюеэр эдгээр хувилбаруудыг харьцуулан дүгнэж жинхэнэдээ юу болсныг тогтоох гэж оролдов.
Элизабет Свит Фулбрайтын тэтгэлгээр Улаан-Үдэд судалгааны ажил хийж байхдаа мөрөөрөө явахын оронд буриадын эх орончидтой нийлж, Усть Ордыг Эрхүү мужид нэгтгэснийг эсэргүүцэн жагсаж яваад визээ хураалган ирсэн нэгэн аж. Тэрбээр илтгэлдээ Постмодерн Империализм гэсэн нэр томьёо их хэрэглэх бөгөөд үүнийгээ АНУ, Канада, Орос гэх мэт улс жижиг үндэстнийг шингээн нэгтгэхдээ буу шийдэм барих бус өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлэн, хүсэхэд хүргэдгийг хэлж байв. Путины зорилго бол зөвхөн Усть Орд бус ерөөс Буриадыг Эрхүү мужид нэгтгэх явдал юм байна. Түүний илтгэлийг хэлэлцэн Буриадад байсан бусад америк судлаачид буриад-монгол хэлээр нэвтрүүлэг бараг байдаггүй, сонин гардаггүй гэхчлэн ярьж байтал ёстой нөгөө өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь болж, түрүүн илтгэдэг Боронова маань харин Даяаршлын энэ үед цөөхөн хэл үлдэнэ. Орос хэл шинжлэх ухаанд илүү ойр гэх мэтээр ярьдаг юм байна. Нэг мэдсэн гадныхан нь голдуу хэл соёлыг нь яаж хадгалах вэ гэчихсэн, өөрсдөө буриад монголчууд маань зүгээр зүгээр, гадаад хэл нь дээр гэчихсэн маргалдаж байв шүү.
Нэг салбар хуралдаанд дан Монгол улсын судлаачид илтгэж, Индианагийн Их Сургуулиар овоглогдож байгаа Л. Эрдэнэчимэг, Л. Цэрэнчунт болон миний бие олонд судалгаанаасаа сонирхуулав. Мөн хурлын бух илтгэгчид суусан Хүндэт лекцийг Хар Дорж багш Монгол бичиг үсгийн үүсэл, хувьсал сэдвээр уншлаа. Табгач хэлний дурсгал, Киданы их бага бичгээс эхлээд өнөөдрийн кирилл үсгийг хүртэл Монголчуудын хэрэглэж ирсэн 10 гаруй үсгийн талаар ярив. Гэхдээ кирилл үсэг гэхэд хэцүү, учир нь Кирилл, Мефоди хоёр оросуудын өөрчилсөн энэ үсгийг танихын аргагүй, Орос үсэг гэхэд болно гэхчлэн сонин сонин баримт дэлгэв. Илтгэлийг нь Монгол Соёлын Төвөөс удахгүй хэвлэх Монгол судлал Америкт сэтгүүлд хэвлэхээр сонирхон үзээрэй.
Ph.D. М. Саруул-Эрдэнэ (Индианагийн Их Сургууль)
/Оллоо.МН/